Дарханы хүүхдүүдэд тоглоом бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Дарханы хүүхдүүдэд тоглоом бэлэглэнэ

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа хүүхдийн тоглоомын төсөлд ирэх хичээлийн жилд Дархан-Уул аймгийн  цэцэрлэгүүд бүрэн хамрагдахаар болсон сайхан мэдээг БСШУ-ны Дэд сайд Б.Тулга Дархан-Уул аймагт ажиллахдаа дуулгалаа.

Дэд сайд Б.Тулгаар ахлуулсан ажлын хэсэг Дархан хотын цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаад байгаа асуудлуудаар санал солилцсоны зэрэгцээ, хүүхэд багачуудын сургалтанд зориулж “YAMAHA” хөгжим бэлэглэв. Ажлын хэсгээс Дарханд сургуулийн өмнөх боловсролыг хүүхдүүдэд олгох үйл  явц улсдаа жишиг болохуйц туршлага хуримтлуулсан байна гэж дүгнэлээ. Ажлын хэсгийнхэн “Оюуны ирээдүй”, “Жигүүр” цогцолбор, 18-р дунд сургуулийн багш нартай уулзаж, санал сэтгэгдлийг сонслоо. Монголдоо тэргүүлэгч Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, ХААИС-иар орж,  цаашид  ХАА-н салбарт эн түрүүнд шийдэх шаардлагатай асуудлуудыг эрдэмтэд, багш нартай хэлэлцэхдээ ирээдүйд Хөдөө Аж Ахуйн Үндэсний Их Сургуулийг Дарханд төвлөрүүлэх бодлого баримталж байгаагаа хэлжээ.Дэд сайд Б.Тулга, “Соёлын өвийн хэлтэс”-ийн мэргэжилтэн Ц.Цэндсүрэн нар соёлын байгууллагуудаар ч зочилж амжив.

Боловсролын салбарт үр бүтээл гаргаж, хүүхдийн төлөө бүхнээ зориулж яваа зарим  багш нарын гавъяаг үнэлэн “Боловсролын Тэргүүний Ажилтан”, “Боловсролын Жуух”-аар шагнаж, соёл урлагт авъяас ур чадвараараа үнэлэгдсэн гурван уран бүтээлчид “Соёлын Тэргүүний Ажилтан”, “Тэргүүний ардын авъяастан” цол тэмдэг гардуулж баяр хүргэлээ.Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгээс Дархан дахь боловсрол соёл, шинжлэх ухааны үйл хэрэгт эн түрүүнд шийдвэрлэх асуудлуудыг яамны бодлого шийдвэртээ тусгахаа илэрхийллээ.

Ө.РАГЧААСҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж