Иракийн орон нутгийн цэргүүдийг сургаж, дадлагажуулахад АНУ армийн 450 сургагч, зөвлөхөө нэмж илгээжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Иракийн ерөнхий сайд Хайдер аль-Абадийн хүсэлтээр Анбар муж дахь цэргийн зөвлөхийн тоогоо нэмэгдүүлсэн аж. Ийнхүү Иракт алба хааж буй АНУ-ын цэргийн тоо 3550-д хүрчээ. Түүнчлэн Иракт Их Британийн 275 цэрэг сургалтын үүрэг гүйцэтгэж байгаа юм.
АНУ-ын армийн сургагчид Иракийн Анбар муж дахь Такаддум цэргийн баазад үүрэг гүйцэтгэх аж. “Исламын улс” зэвсэгт бүлэглэл өнгөрсөн тавдугаар сард Анбар мужийн төв Рамади хотыг эзэлсэн юм. Сири, Иракийн газар нутгийн багагүй хэсэгт хяналтаа тогтоосон “Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл өнгөрсөн наймдугаар сард агаарын дайралтыг эхлүүлсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС