ОУВС-тай байр суурь нэг байгаагаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

ОУВС-тай байр суурь нэг байгаагаа илэрхийлэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Стивен Барнеттийг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, төсөв, мөнгө санхүүгийн бодлогын асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд ноён Стивен Барнетт Монгол Улсын макро эдийн засгийн байдал ихээхэн сайжирсанд УИХ-ын даргад баяр хүргээд төсөв, санхүү, эдинй засгийн макро түвшний цаашдын төлөв байдлын талаар УИХ-ын даргын санал бодол, байр суурийг сонсох хүсэлтэй буйгаа хэлэв.   

УИХ-ын дарга “Бид олон жил хамтран ажиллаж байна. Тиймээс энэхүү амжилт нь бидний хамтын ажиллагааны үр дүн юм” гээд Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал, онцлог, УИХ-аас барьж буй бодлого чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн тодорхой бодлого, дэс дараатай арга хэмжээ, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийн  үр дүнд тодорхой бодлоготой ажилласнаар Монгол Улс санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давж чадлаа. Улмаар хямралын дараа манай улсын эдийн засаг улам тэлж, цаашдаа хурдтай өсч хөгжих боломжийг олж авч чадсан нь чухал юм. Харин одоо нэгэнт хүрсэн түвшингээ хадгалах нь чухал болоод байна.
Манай улсын өөрийн өвөрмөц онцлог нь санхүү, эдийн засгийн макро түвшний бодлогод ихээхэн нөлөөлдөг талтай. Үүнд,

     Нэгд, бензин шатахуун нь үнийн өсөлт, инфляцид ихээхэн нөлөөлдөг. ОХУ-аас авах шатахууны нийлүүлэлт саатсанаас хомсдол гарсан. Гэсэн хэдий ч энэ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд өнөө жилийн инфляцид төдийлөн нөлөөлөхгүй байх боломжтой гэж үзэж байна.

     Хоёрт, үр тариа бас томоохон нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд үр тарианы арвин ургац авч байгаа нь хүнсний хангамжид сайнаар нөлөөлж байна. Гэхдээ дэлхий дахинд нүүрлээд байгаа хүнсний хомсдол болон манай улсад тохиолддог байгаль цаг агаарын нөхцөл байдлаас болгоомжилж байгаа.

    Гуравт, махны асуудал байна. Манай улс хэдийгээр 45 сая толгой малтай болсн хэдий ч махны хомсдол, үнийн өсөлтөд нөлөөлөхөөс сэргийлэх арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүндэрдгийг мэдэрч үүнд дүгнэлт хийж байгаа. Хамгийн гол нь манай мал бэлчээрийн мал учраас махны хангамж улирлын чанартай байдагт асуудлын гол учир байгаа юм. Эдгээр нь бодит эдийн засгийн хувьд зайлшгүй харгалзан үзэх гол асуудлууд юм.   

Төсөв санхүүгийн хувьд энэ жил урьд жилүүдээс нэлээд тэлж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалтад 800 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Санхүү, эдийн засгийн хямралын дараа үйлдвэрлэлийг сэргээх үүднээс төрөөс хувийн секторыг дэмжиж зорилгоор хөрөнгө оруулалтыг ингэж нэмэгдүүлэх бодлого барьж байна. УИХ хөрөнгө оруулалтын энэ бодлогоосоо буцахгүй, цаашдаа ч хэвээр үргэлжлүүлэх болно. Засгийн газар энэ онд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиар тооцож оруулж ирснийг УИХ хэлэлцээд 9.7 хувь болгосныг та бүхэн өндөр хувь гэж хэлэх байх. Харин ирэх оны төсвийг батлах үед энэ байдлыг харгалзаж үзэх болно. Бас жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхтэй холбогдсон тодорхой зорилтууд ч бий. УИХ төсвийн алдагдлаас айхгүй байгаа, учир нь хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг сайн тооцсон. Мөн татварын зохистой бодлого явуулж ирсэн нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд зохих нөлөө үзүүлж байгаа.

Болгоомжлох зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс байгуулж буй сангаа арвижуулах асуудал юм. УИХ төсвийн тэнцлийн эрсдлийг багасгах үүднээс төсвийн тогтворжуулалтын санд анхаарлаа хандуулах болно. Түүнчлэн “Хүний хөгжлийн сан”-гаас хөрөнгө хуваарилахдаа заавал нөөц үлдээж байх бодолтой байгаа. Бодлогогүйгээр мөнгө тараахад хяналт тавина. Банкны системийг эрүүлжүүлэх үүднээс аль нэг арилжааны банкийг хүндрэлд оруулахгүй байх талаар Монголбанкнаас бодлого явуулсан. Мөн Хөгжлийн банк байгуулсан.

Засгийн газрын бонд гаргах замаар мал аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэр барих чиглэл баримталж байна. Бонд гаргах, төсөл хэрэгжүүлэх замаар дотоодын санхүүгийн эх үүсвэрийг дайчилж үйлдвэрүүд барьж хөгжүүлэх нь төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтыг хумихад чиглэгдэж байгаа юм.  Ирэх он манай орны хувьд их онцлогтой жил. Сонгуулийн жил учраас улс төрийн намууд, УИХ-ын гишүүдийн зүгээс орон нутагт хөрөнгө оруулалт хийх асуудал хүчтэй яригдаж мэдэх юм. Бас нийгмийн халамжийг нэмэгдүүлэх хандлага ч гарахыг бодолцох учиртай. Оюутнуудад тэтгэлэг олгох, ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах асуудал яригдаж эхлээд байна Энэ мэт нийгмийн халамжийн асуудлаас гадна урьд нь намуудын амласан мөнгөний асуудал ч бас байгаа.

Нийгмийн болон эдийн засгийн хуримтлагдаж буй асуудлыг ирэх онд шийдвэрлэнэ. УИХ-ын энэ хаврын чуулганыг завсарлахаас өмнө Төсвийн тухай хуулийг батлан гаргах бодолтой байгаа. Энэ хуулийг баталснаар төсвийн үрэлгэн зарцуулалтыг хумихад томоохон түлхэц болох юм. Мөн макро түвшинд анхаарал тавьж, Засгийн газрын урсгал зардлыг багасгах чиглэл барьж байна. Ажилгүйдлийн асуудал сэтгэл зовоосон хэвээр байна. Ажлын байр бага багаар бий болж байгаа ч суурь цалин бага учраас хүмүүс ажил хийх боломжгүй байгаа юм. Одоогийн сарын цалингийн доод хэмжээ 140 мянган төгрөгийг дор хаяж 400 ам.долларт хүргэж чадвал их боломж гарч ирнэ. Харамсалтай бид дундаж цалинг 1000 ам.долларт хүргэхээр ярьсаар ирсэн ч үнийн өсөлт, инфляцид нөлөөлнө гэж болгоомжилсоор хэрэгжүүлэлгүй өнөө хүрлээ. Ажилгүйдэл, ядуурал их байгаа нь төрд итгэх олон түмний итгэлийг алдагдуулахад хүргэж байна. Иймээс цалин, тэтгэврийг нэмэх бодлогыг цаашид үргэлжлүүлэх болно гэлээ.

Ноён Стивен Барнетт хэлэхдээ, Монголын эдийн засгийн байдлыг ажиглахад шинээр тулгарч буй бэрхшээл нь төсвийн хэт халалт байж мэдэх юм. Сүүлийн нэг сарын байдлаас үзэхэд инфляци хурдан буурсан нь сайшаалтай. Энэ нь Засгийн газраас махны үнийг тогтворжуулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнтэй холбоотой юм. Гэхдээ махны үнийн нөлөөллөөс тусад нь авч үзвэл суурь инфляци 10 хувьтай байна. Иймээс макро эдийн засгийн бодлогын хувьд юуны өмнө мөнгөний бодлогыг чангаруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэдийгээр инфляци арван хувиар буурсан энэ үед мөнгөний бодлогыг чангаруулах нь түвэгтэй ч, сулруулахгүй байх нь чухал юм. Нөгөө талаар арилжааны банкуудын зээл олголт нэмэгдсэн байна. Монголд нэг талаас экспорт өсч, арилжааны банкуудын зээл олголт нэмэгдэж байгаа нь төсвийн хэт халалтад нөлөөлж мэдэх юм. Иймээс инфляци хадгалагдаж үлдсэн ч гэсэн зээл олголтын хурдыг сааруулахгүй бол цаашдаа түвэгтэй байдалд хүргэж магадгүй гэдгийг сэрэмжлүүлэв. Мөн тэрбээр төсвийн бодлогын хувьд 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүй, энэ хэвээр нь хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай буйгаа хэлээд УИХ төсвийн зарлагыг нэмэгдүүлэх дарамт шахалтын эсрэг зогсож чадна гэдэгт найдаж байна. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн хүрээний мэдэгдэлд 2013 онд төсвийн тогтвортой байдлын хуулиар тогтоосон зорилтод хүрэхээр тооцсон байна. 2013 он нь хүнд жил болох тул зарим зорилт, шалгуурыг 2012 онд хангахаар наашлуулж тооцож болох юм гэлээ. Мөн дэд бүтцийн бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн байдлыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газраас барьж буй бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлээд Хөгжлийн банкны санхүүжилт, цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг яаралгүйгээр удаан хугацаанд хэрэгжүүлэх, хэт яарвал цаашдаа төсөвт сөргөөр нөлөөлөх талтайг анхааруулав.    
 
УИХ-ын дарга банкуудын зээл олголтыг хязгаарлахын тулд яавал зохилтой, мөнгөний бодлогын хүүг ямар түвшинд байлгах нь зөв болох, банкны бүтцийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байгааг нь сонирхоход ноён Стивен Барнетт “Банкуудын зээл олголтыг хязгаарлах, зохистой барих гол арга нь хүүг нэмэгдүүлэх явдал юм. Мөн зээлийн нийлүүлэлтийг бууруулах, өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, нөөцийн сан байгуулах шаардлагыг өндөрсгөх гээд олон арга бий. Төв банкны мөнгөний бодлогын хүү нь суурь инфляцийн түвшин хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгааална, инфляци буурвал бодлогын хүү буурч байх ёстой” гэлээ. Харин банкны бүтцийн өөрчлөлтийн тухайд “УИХ-д өргөн барьсан банкны бүтцийн өөрчлөлтийн талаархи хөтөлбөрийг батлавал зүгээр. Гэхдээ уг хөтөлбөрийг батлах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед Монголбанкнаас арилжааны банк тус бүр дээр анхаарч байгаа аргыг ОУВС-гийн захирлуудын зөвлөл сайнаар хүлээн авсан” гэсэн хариулт өгөв.

УИХ ОУВС-тай энэ бүх асуудлаар байр суурь нэгтэй буйгаа УИХ-ын дарга уулзалтын эцэст тэмдэглээд “Төсвийн хэт халалтад анхаарч байгаа. Та бүхэн энэ талаар зөвлөгөө өгөөрэй. Ойрын үед Монголбанкинд ажиллах бодолтой байна. Төсвийн тодотгол хийх гэж яарахгүй. Хөгжлийн банкны асуудалд хэт яарахгүй байгаа, энэ асуудлыг алгуур явуулах зөвлөгөөг Засгийн газартаа өгсөн, харин арилжааны банкны зээлийн өсөлтийг судалж үзье” гэлээ. Мөн манай эдийн засаг стандартын бус байдалтай явж байгаа нь манай орны өөрийн өвөрмөц онцлогтой холбоотой, энэхүү онцлогоо харгалзан макро түвшний бодлогоо авч хэрэгжүүлж буйг ОУВС-гийн удирдлагуудад сайн танилцуулж, зөв ойлгуулахыг түүнээс хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  мэдээлэв.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж