&#34Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх нь хуулийн гол агуулга&#34

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

&#34Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх нь хуулийн гол агуулга&#34

УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо болон Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 2004 онд УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан билээ. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжиж байгаа. Тус хууль батлагдаснаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах боломжтой болох эсэх мөн гэр бүлийн харилцааг хэрхэн зохицуулах талаар УИХ-ын гишүүн М.Батчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үндсэн агуулга нь юу вэ?

 

-Гэр бүлийн хүчирхийлэл олон шалтгаантай том асуудал. Тухайлбал, Монголчуудын гэр бүлийн зүй, эцэг эх нь бие биеэ халамжлах, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх гээд уламжлалаар бий болсон харилцаа алдагдсантай холбоотой. Мөн эдийн засаг, архидалт, ядууралтай холбоотой. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход ганц хуулиар шийдэх боломжгүй.

 

Энэ хуулийн гол агуулга нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх юм. Нөхөр нь эхнэрээ алгадахад яагаад болдоггүй юм, ээж нь хүүхдээ зодож яагаад болдоггүй юм гэдэг өнгөлөн далдлалтын цаана хүний амь нас, эрүүл мэнд хохироод байна. Тиймээс төр хүнээ хамгаалах үүрэгтэй. Энэ үүднээс гэр бүл хэмээх хаалттай хаалганы цаана хүний эрх хохироод байгааг илрүүлэх асуудал маш чухал гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт баг хороон дээр ажиллаж байгаа, гэр бүлд ойрхон байгаа хүмүүсээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хоёрдугаарт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид шаардлагатай нөхөн сэргээх, хамгаалалтад авах үйлчилгээг үзүүлэх, дахин давтагдан гарахаас сэргийлэх чиглэлээр төрийн холбогдох байгууллагууд хамтран ажиллах гээд олон зүйл заалт багтсан.

 

Нэг үгээр хэлбэл, тус хууль хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, хэрэг гарсны дараа ял оноох хоёрын завсарын харилцаанд чухал үүрэгтэй гэж хэлж болно. Зарим хүмүүс хуулийн ял шийтгэлийг нь нэмэгдүүлбэл асуудал шийдэгдэнэ гэж хэлдэг. Энэ бол зөвхөн үйл явдал болоод өнгөрсний дараа хариуцлага тооцох асуудлыг л ярьж байгаа юм. Ингэж бид асуудлыг шийдэж чадахгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулинд эмэгтэй гишүүд ач холбогдол өгөөд байгаагийн шалтгаан нь эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирогч болоод байгаатай холбоотой юм. Энэ хүмүүс хохироод төрөөс авах ёстой хамгаалал, үйлчилгээгээ авч чадахгүй байна.

 

-Гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн жилийнхээс 2.6 хувиар өссөн гэсэн мэдээлэл байна. Юунаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна вэ?

 

-Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том шалтгаан ядуурал, архидалттай холбоотой. Мөн хүн хүнээ хайрлах, нэгнээ хүндлэх, харилцан ойлголцох, гэсэн ойлголт алдагсан.

 

100 жилийн өмнө Монголын гэр бүл ихэвчлэн олон хүүхэдтэй, нэг гэрт бүгдээрээ хамт амьдардаг байсан. Тэгсэн хэр нь аав нь ээжийг нь зодоод, үр хүүхдээ хэрцгийлээд байдаггүй байсан. Монгол уламжлалд ийм зүйл маш ховор байсан. Хууль байхгүй байсан ч Монголчууд ёс зүй, уламжлалаараа үүнийг зохицуулаад яваад байдаг байсан бол өнөөдөр алдагдсан. Эцэг эхчүүд ажлаа тарж ирээд хүүхдүүдтэйгээ ажилладаггүй. Телевизор үзээд, ухаалаг утас бариад суух нь түгээмэл бослон. Гэх мэтчилэн олон шалтгаан бий.

 

-Монгол уламжлал алдагдаснаар гэр бүлийн хүчирхийлэл гарах үндэс болсон гэж хэллээ. Тэгэхээр дунд сургуульд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүнийг хайрлаж хүндлэх талаар хичээлд нь оруулж өгөх ёстой юм болов уу?

 

-Энэ асуудал зайлшгүй байх ёстой. Хэрхэн хүн болж төлөвших вэ, хүнийг хэрхэн хайрлах вэ гэдгийг боловсролоор дамжуулж ойлгуулах ёстой. Нэг үеэ бодвол дунд сургуулийн сурах бичиг харьцангуй хүн рүүгээ хандсан, амьдралд ойрхон боловсролын агуулга нэмэгдэж байна гэж харж байгаа юм.

 

-Хүчирхийлэл, гэр бүлийн маргаан хоёрыг хэрхэн зааглан ялгах вэ. Хүүхдээ алгадаад л эрүү үүсэх юм биш биз дээ хэмээн зарим гишүүд шүүмжилж байсан?

 

-Энэ бол их маргаан дагуулж байгаа асуудал. Хүүхэд үймүүлээд эцэг, эх нь алгадаад авахад үүнийг гэмт хэрэг болгоод, эрүү үүсгээд байх юм биш биз гэсэн саналыг олон хүн хэлж байгаа.

 

Үнэхээр энэ асуудлыг зөв зохицуулахгүй бол гэр бүлд улам их хүндрэл дагуулсан, дахиад хүний эрх зөрчсөн асуудал үүсгэхийг үгүйсгэхгүй. Тиймээс үүнд их болгоомжтой хандаж байгаа. Ер нь Монголчууд хэр баргийн нөхцөлд цагдаад хандаад, гэмт хэрэг болгоод байдаггүй.

 

С.БАДРАЛ

Эх сурвалж: www.iKon.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж