Туркийн парламентын бүх нийтийн сонгууль өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болж, эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам олонхийн байр сууриа алдсан билээ. Энэ удаагийн сонгуульд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ихээхэн найдлага тавьж байсан гэдгийг зарим эх сурвалжууд онцолж байгаа. Түүний тэргүүлэх шударга ёс, хөгжлийн нам парламентад олонхийн суудлаа хадгалан үлдэж чадвал, тэрбээр өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах томоохон сонирхолтой байсан юм. Гэвч сонгуулийн дүн түүний сонирхлын эсрэг гарсан.
Тэгвэл дээр дурьдсанчлан томоохон цохилтыг амсаад буй Туркийн Ерөнхийлөгч дахин сонгууль явах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн сонгуульд Шударга ёс, Хөгжлийн нам хамгийн олон хувийн санал авсан ч, парламентад олонхи болоход 18 суудал дутсан. Ингэснээр Туркийн сонгуулийн хуулийн дагуу Шударга ёс, хөгжлийн нам 2002 оноос хойш анх удаагаа бусад намтай хамтрах шаардлагатай тулгарсан юм. Сонгуулийн дүн нэгэнт дээрх байдлаар гарсан тул эрх баригч нам бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах, эсвэл дахин сонгууль явуулах гэсэн хоёр сонголттой тулгарсан.
Гэвч парламентад суудал авсан сөрөг хүчний гурван нам эрх баригч намын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэнээр Эрдоган дахин сонгууль явуулахаар мэрийх болов. Тодруулбал, тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу гэнэт огцрох хүсэлт гаргав. Нэг талаар бусад нам хамтрахыг хүсээгүй учир огцорлоо гэж ойлгож болох ч, сонгуулийн дүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зохион байгуулсан ээлжит нүүдэл гэж зарим олон улсын хэвлэлүүд бичиж байна. Учир нь Ерөнхий сайд Ахмет Давутоглу огцрохоо мэдэгдэхээсээ өмнө Ерөнхийлөгчтэй уулзсан байна. Режеп Тайип Эрдоган нийслэл Анкара хот дахь шинэхэн Ерөнхийлөгчийн ордондоо түүнийг урьж, ойролцоогоор нэг цаг орчим албан бус уулзалт хийжээ. Харин үүний дараа Ерөнхийлөгчийн ордноос товчхон мэдэгдэл гаргаж, “Ерөнхий сайд Ахмет Давутоглу Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хүсэлт тавьж, Ерөнхийлөгч Эрдоган хүлээн авсан. Ерөнхийлөгч Засгийн газрын эдүгээг хүртэл хийсэн бүтээсэн зүйлст талархал илэрхийлээд, шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл албаа үргэлжлүүлэн хаших санал тавьсан” хэмээсэн юм. Ерөнхий сайд ийн гэнэт огцрох болсон нь дэлхий дахинаа эргэлзээ төрүүллээ.
Засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлж буйгаар гэнэтийн энэ үйл явдал Эрдогантай хийсэн албан бус уулзалтын шийдвэр байсан гэнэ. Ерөнхийлөгч сонгуулийн дараа ойр ойрхон Ерөнхий сайдтай уулзаж, энэ үеэр бусад намуудтай эвслийн хэлэлцээрээ эхлүүлэх талаар санал солилцсон гэж мэдээлж байв. Ямартай ч, эрх баригч намтай эвсэх сонирхолтой нам байхгүй тул дараагийн хувилбар нь бүх нийтийн сонгуулийг дахин явуулах. Харин энэ Эрдоганы дараагийн нүүдэл бололтой.
Эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээрт саад учирвал сонгуулийн дүн гарсанаас хойш 45 хоногийн дараа дахин сонгууль явуулах боломжтой байдаг аж. Харин дахин сонгуулиар Шударга ёс, хөгжлийн нам парламентад олонхи болбол Эрдоганы өөрийн эрх мэдлээ тэлж, үндсэн хуульд өөрчлөлт оруулан Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай орон болгох төлөвлөгөө нь амжилттай хэрэгжих боломж бүрдэх билээ.
Б.ДАВААХҮҮ
Эх сурвалж: www.mminfo.mn