Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гараад байгаа билээ. Энэ жил баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр олон уран бүтээл багтсан. Түүний нэг нь “Учиртай гурван толгой” дуурийг долдугаар сарын 10-ны 21.00 цагаас Чингисийн талбайд тоглох юм. Энэ талаар УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзулаас тодрууллаа.
-Үндэсний их баяр наадмын хөтөлбөр “Учиртай гурван толгой” дуурь багтжээ. Гэхдээ Чингисийн талбайд тоглох болсон нь сайхан санагдлаа.
-“Учиртай гурван толгой” бүтээл анх 1934 онд их зохиол Д.Нацагдоржийг бичсэнээс хойш олон удаа өөрчлөгдөн тавигдсан байдаг. Анх драмын жүжиг байгаад дуулалт, дуурь болсон түүхтэй. Манай театрын хувьд үндэсний ууган дуурь гэж явдаг. Дуурь болсноосоо хойш 65 дахь жил дээрээ тоглогдож байна. Энэ бүтээл манай ард түмний үзэх дуртай бүтээлийн нэг. Үүнийг аль болох олон хүнд хүргэе гэсэн зорилтыг тавиад нэгэн өвөрмөц тоглолтыг үндэсний их баяр наадмынхаа үеэр хийх гэж байна.
-Мэдээж театрт тоглох гэхээр суудлын тоо хязгаартай байх. Харин задгай талбайд тоглогдсоноор их олон үзэгчийг хамрах болжээ?
-УДБЭТ-ын суудлын хувьд 500 үзэгч орох боломжтой байдаг. Гэтэл бид энэхүү дуурийг олонд хүргэмээр байдаг. Тиймээс энэ жилийн үндэсний их баяр наадмаар Чингисийн талбай дээр тайз засаад хийхээр болсон. Долдугаар сарын 10-ны орой 21.00 цагаас тоглогдох юм. Үзэгчид маань энэ өдөр хүрч ирээд “Учиртай гурван толгой” дуурь яаж өөрчлөгдөв, юу нь сонин болов гээд олон асуултын хариуг авах юм. Мөн үндэсний ууган бүтээлийн юугаар бахархах ёстой вэ гэдгийг харж, наадмаа тэмдэглэж баярлах байх гэж бодож байна. Бид талбай дээр 5000 суудал засна. Тав тухтай нэгэн оройг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна.
-Уран бүтээлийн хувьд гол дүрүүдэд сонгон шалгаруулалт хийхээр болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Ард түмэндээ нэгэнт сайхан тоглолт үзүүлье гэж зорьсон бидний хувьд гол дөрвөн дүр дээр сонгон шалгаруулалтыг хийхээр болсон. Манай оронд олон сайхан Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балган гээд дүрүүд байна. Тэд нараас шүүж байгаад үнэхээр шилдгийг нь сонгох юм. Дараагийн жил дахин энэ дуурь тоглогдох үед уран бүтээлч нартаа бас их том урам зориг, итгэлийг өгч байна. Мэдээж уран бүтээлч хүнд өөрийгөө нэг зэрэг олон үзэгчидэд хүргэх том боломж гарч ирнэ. Мөн үндэснийнхээ бүтээлийг ард түмэндээ мэргэжлийнхээ зүгээс харуулж байгаа нь том давуу тал болж байна. Тиймээс давхар том шалгуур тэр хүнд ноогдож байгаа учраас бид эндээс олон сайхан боломжийг гаргаж байна.
Ч.БОЛОР
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРИЙН
ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ТАЛБАЙ ДАХЬ ТОГЛОЛТЫН ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
Сонгон шалгаруулалтын зорилго:
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилд зориулан анх удаа гадаа задгай талбайд гол дүрүүдэд тоглох хамгийн шилдэг уран бүтээлчдийг сонгон авч өвөрмөц, сайхан сонгодог бүтээлээр үйлчлэхэд энэхүү тоглолт болон сонгон шалгаруулалтын зорилго оршино.
Сонгон шалгаруулалтын хугацаа, тавигдах шаардлага:
Чингис хааны нэрэмжит талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа гэсэн гол дүрүүдэд тоглох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.
Оролцохыг хүсэгчид 2015 оны 6-р сарын 12-22-ны өдрүүдэд УДБЭТеатрын байранд, Урын сангийн эрхлэгчийн өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
Оролцох уран бүтээлчид дараахь шаардлагыг хангасан байна.
– Дуурийн мэргэжлийн дуучин байна.
– 23-40 настай байна.
– “Учиртай гурван толгой” бүтээлийг хөгжмийн болон тоглолтын хувьд бүрэн дүүрэн хийсэн байна.
– “Учиртай гурван толгой” бүтээлд урд өмнө нь гол дүрд тоглосон туршлагатай байна.
– 2015 оны 7-р сарын 1-нээс 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод байх боломжтой байна.
– Бусадтай хамтран ажиллах, өгсөн даалгаврыг богино хугацаанд биелүүлж, түргэн суралцах чадвартай байна.
– Хувийн танилцуулга, 6 х 9 см багагүй хэмжээний нэг хувь гэрэл зураг авчирна.
– Шалгаруулалтанд дуулахдаа хувийн хувцастай, нүүр будгийг өөрөө хийсэн байна.
Шалгаруулах журам
– Сонгон шалгаруулалтыг 2015 оны 6-р сарын 25-26-ны өдрүүдэд УДБЭТеатрт зохион явуулна.
– Бүртгүүлсэн оролцогчдын саналын дагуу бүрэлдэхүүн, бүрэлдэхүүнээр нь хувааж, 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс сонсож шалгаруулна. Комисст тухайн тоглолтын найруулагч, удирдаач, продюсер, мэргэжлийн дуучин-багш, санхүүжүүлэгчийн төлөөлөл тус тус багтана.
– Дуурийг төгөлдөр хууртай бүтэн тоглуулах зарчмаар, хөгжмийн хувьд бүтээлийг бүрэн сурсан байдал, дуулах ур чадвар, жүжигчний уран чадвар, тайзан дээрх биеэ авч яваа байдал, найруулагчийн даалгаврыг тухай бүрт биелүүлэх чадвар болон бусад шалгуурын дагуу сонгон шалгаруулна.
– Заасан хугацаанаас хоцорсон хүмүүсийг бүртгэхгүй, сонгон шалгаруулалтанд оруулахгүй.