Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас(УДБЭТ) “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөр зургаадугаар сарын 4-д “Австрийн хөгжмийн үдэш” концертоор эхэлсэн бол өнөөдөр 20.00 цагаас “Анатолий, Нарны орон” төгөлдөр хуурын концертоор үргэлжлэх гэж байна.
Ингээд энэ талаар УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзулаас энэхүү тоглолтын талаар тодрууллаа.
-“Сонгодог пүрэв гариг” хөтөлбөр хоёр дахь уран бүтээлээ үзэгчидэдээ тавих гэж байна. Зуны улиралд театрыг зорих үзэгчид үүнд их дуртай байна. Мөн гадаадын жуулчдыг бас татах нэгэн хөтөлбөр болов уу?
-Театрын хувьд энэ жил олон сайхан шинэ хөтөлбөрүүдтэй байгаа. Зургаа, долдугаар сар буюу жуулчдын улирлын үед “Сонгодог пүрэв гариг” гэсэн хөтөлбөрийн эхлүүлсэн. Зуны улирал орой үдэш алхангаанаа театрт ирж “Сонгодог үдэш”-т саатаасай гэсэндээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эхний тоглолтоо зургадугаар сарын 4-нд Австрийн удирдаач, хөгжимчид нартай хамтран “Австрийн хөгжмийн үдэш” концертыг тоглолоо. Маргааш (өнөөдөр) Туркийн алдарт хөгжимчин Тулуйхан Угурлугийн “Анатолий, Нарны орон” төгөлдөр хуурийн концертыг тоглох гэж байна. Үүний дараа шинэ сонгодог үдшийн хөтөлбөр үргэлжлээд явах юм.
-Яагаад Туркийн уран бүтээлчийг сонгох болов?
-Энэ жил Монгол-Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлын үеэр маш олон арга хэмжээ болж байгаа. Туркийн алдартай уран бүтээлч Тулуйхан Угурлу Монголд ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Яагаад гэхээр Чингисийн бага хүү Тулуйгийн нэрээр нэрлэгдэж би танай улсад элэгтэй гэж хэлж байсан. Хувь хүний хувьд Монголыг зорьж байгаа эрмэлзэл нь сайхан байлаа. Энэхүү уран бүтээлчийг Монголд тоглох боломжийг Туркийн элчин сайдын яамаас ихээхэн дэмжиж, санхүүжилтыг гарган урьсан юм.
-“Анатолий, Нарны орон” тоглолтын талаар дурдахгүй юу? Тоглолтын хэдэн цаг үргэлжлэх вэ?
-Энэхүү тоглолт их сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Анатолий буюу Нарны орон гэж Туркийн хөгжмийн урлагийн өвөрмөц талыг харуулсан тоглолт. Тулуйхан Угурлутай хамт Монголын хамгийн бяцхан залуу төгөлдөр хуурч 5 настай Монгол охин хамтарч тоглоно. Энэ үдэш хаан хөгжимд дуртай, төгөлдөр хуурын ая эгшгийг сонсох үзэгчид маань театр ирээрэй гэж хүсмээр байна. Тоглолт 1 цаг 30 минут үргэлжилнэ.
ТУЛУЙХАН УГУРЛУ: Дөрөвхөн настайдаа хөгжмийн авьяас нь тодорч, тэр жилдээ Истанбулын хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын ангид элсэж байсан, Туркийн алдарт хөгжимчин Тулуйхан Угурлу энэ сарын 12-нд Монголд тоглолт хийхээр болжээ. Тэрбээр долоон настайдаа “Гайхалтай хүүхдүүд” улсын уралдаанд тэргүүлж гадаадад суралцах эрхээр шагнуулсан бөгөөд хөгжмийн сургуулиа дүүргээд Венийн сонгодог хөгжмийн академид элсэн суралцсан байна.
Тулуйхан Угурлу академид суралцаж байхдаа сонгодог бүтээл дагнан тоглосооор, “Go with God” цомгоо хэвлүүлж, улмаар 1996 онд “Жигүүр дор минь орших Истанбул” уран сайхны киноын дууг зохиож, Бүгд найрамдах Турк улс үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Мустафа Кемал Ататурк ба нарны цэргүүд”, 1999 онд болсон газар хөдлөлтийн гамшгийн дараа “Их хотын нулимс” хэмээх сэдэвчилсэн цомог гаргажээ. Тэрээр олон улсын болон үндэснийхээ 300 гаруй тоглолтод оролцсон байна.
“Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийн дагуу болж буй Туркийн алдарт хөгжимчин Тулуйхан Угурлу“Анатолий, Нарны орон” төгөлдөр хуурын концертын тоглолт өнөөдөр 20.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно. Тоглолт 1 цаг 30 минут үргэлжлэх аж.
Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.
Ч.БОЛОР