Корона вирусын халдвар дэлхий дахиныг түгшээгээд байна. Ялангуяа БНСУ-ын Сөүл, Сувонг хотуудад өвчний тархалт нэмэгдсээр байгааг гадаадын хэвлэлүүд бичих болсон. Монголчууд ихээр зорчдог БНСУ-д халдвар өвчин дэлгэрч, есөн хүн амиа алдсан нь тэнд ажиллаж амьдарч, сурч байга олон монгол, тэдний ар гэрийнхний санааг чилээж буй. Монгол Улсаас жилд 3000 орчим иргэн БНСУ-д ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан явдаг гэсэн албан ёсны тоо бий. Сүүлийн саруудад БНСУ-ыг зорих визний нөхцөл хөнгөрсөн тул монголчууд тус улсыг зорих нь бүр ч их нэмэгджээ. Тиймээс БНСУ-д гарсан титэм вирусын халдварт Монгол Улсад халдварлахгүй гэх баталгаагүй юм.Тиймээс БНСУ-ын хотуудад нөхцөл байдал хэр байгаа талаар Монгол Улсын иргэдтэй холбогдон тодрууллаа.
БНСУ-ын Поханг хотын монгол оюутан Г.Түмэнтөгс:
–Өмнөд Солонгос улсад короно вирус гарч, арваад хүн амиа алдлаа. Тус улсыг зорихгүй байхыг гадаадын улс орнууд иргэддээ сануулж байгаа. Өмнөд Солонгост манай улсала олон мянган хүн сурч, эмчлүүлж, ажиллаж амьдарч байгаа. Байдал ер нь ямар байна. Таны амьдарч байгаа хотод корона вирусын тархалт хэр байна вэ?
-Поханг хот бол Сөүлээс дөрвөн цагийн зайтай, хол байрладаг учраас харьцангуй тайван байна. Сөүлийн ойр орчмын хотуудад иргэд масктай явж байгаа гэсэн. Манай хотод бол маск зүүсэн хүн цөөхөн харагдсан. Одоогоор миний амьдарч буй хотод халдвар гараагүй, тайван гэж болно.
-Танай хотод сургууль, цэцэрлэг зэрэг олон хүмүүс цуглардаг, олны газрыг хаасан уу?
-Одоогоор сургууль, цэцэрлэг хаасан зүйл байхгүй. Хотын байдал хэвийн байгаа. Өвчний голомт болсон Сөүл хот, ойролцоох газруудад ерөнхий боловсролын сургууль, дээд сургуулийг ч хаасан гэж сонссон.
-Ямар зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргаж байна вэ?
-Хот хоорондын аялал зугаалгыг хорьсон. Олон нийтийн үйл ажиллагааг ч хориглосон. Хувийн ариун цэврээ сахих, аялж зугаалахгүй байх зэргээр олон төрлийн сэрэмжлүүлгийг байнга өгч байгаа. Тиймээс монголчууд ч ялгаагүй гадуур зугаалахаа больсон.
-Ер нь наана чинь иргэд хэр айдастай байгаа вэ?
-Харьцангуй гайгүй байна. Маск зүүсэн хүн нэг их харагдаагүй. Анх Сувонг хотын Гэгээн Марияагийн эмнэлэгт тохиолдол илэрсэн гэсэн. Сөүл, Сувонг хотын ойролцоо л өвчний голомт үүсээд байгаа бололтой юм билээ.
БНСУ-ын Иксан хотод сурдаг монгол оюутан Б.Батпүрэв:
-Иксан хотод корона вирусын халдвар хэр байгаа вэ?
-Халдвар их байна. Саяхан 200 хүн халдвар авсан гэсэн. Гэхдээ одоо нэмэгдсэн байх. Хүмүүс гадуур явахдаа бүгд маск зүүж байна. Ер нь өвчин гарснаас хойш олон нийтийн арга хэмжээ зохиохыг хориглосон.
-Зуны цагт гадуур ихээр зугаалдаг. Энэ байдал багассан уу?
-Гудамж талбайгаар явах хүмүүсийн тоо эрс багассан нь ажиглагдсан. Дэлгүүр хоршоогоор явах нь бүр багассан. Бараг 40-60 хувиар буурсан болов уу. Хотын хөл хөдөлгөөн багассан нь мэдрэгдэж байгаа.
БНСУ-ын Соннам хотод ажиллаж, амьдарч буй Г.Билгүүн:
-Танай хотод нөхцөл байдал хэр байна?
-Энд харьцангуй тайван байна. Миний амьдарч байгаа Соннам дүүргээс лав өвчтэй хүн илрээгүй. Холгүй байрладаг нэг хотоос илэрсэн гэсэн.
-Сэрэмжлүүлэг авсан биз дээ?
-Өмнөд Солонгосын төр засгаас иргэддээ хандаж байнга сэрэмжлүүлэг илгээж байгаа. Олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг телевизороор сэрэмжлүүлж байсан. Гэхдээ солонгосчуудын хувьд хүн ам ихтэй болохоор ч тэр үү нэг их тоохгүй байх шиг санагдсан.
Сөүл хотын монгол оюутан Э.Энх-Орчлон:
-Сөүлийн сургууль, цэцэрлэгийг хаасан гэсэн. Өвчний голомт Сөүл. Байдал ямар байна. Хүмүүс айж, сандарч байна уу. Монголчуудтайгаа уулзав уу. Тэд маань зүгээр үү?
-Энд хэд хэдэн сургууль, цэцэрлэгийг хаасан гэсэн. Гэхдээ манай сургууль ажиллаж байгаа. Арван жилийн сургуулийн хувьд ихэнх нь амралт эхэлж байгаа. Коронагаар монгол хүн өвчилсөн гэсэн мэдээлэл гараагүй. Тэгэхээр манайхан гайгүй байгаа байх.
-Сэрэмжлүүлэг хэр ирж байна вэ?
-Гар утсанд мессежээр сэрэмжлүүлэг ирсэн. Гол нь эмнэлгийн байгууллагуудад орж болохгүй гэдгийг сануулсан байсан. Эмнэлгийн байгууллагууд өвчний голомт болсон. Корона вирусээс сэрэмжлүүлж дохио хүртэл дуугаргаж байгаа. Гадуур явахдаа бүгд масктай явдаг.
-Сөүлд хэдэн хүн өвчлөөд байгаа талаар мэдээлэл бий юу?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан улсын хэмжээнд долоон хүн нас барсан гэж сонссон. 2000 гаруй хүний өвчлөл далд хэлбэрт байж болзошгүй гэсэн.
Одоогоор нэгэнт корона вирусын халдварыг эмчлэх арга болон вакцин гараагүй байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын эрх баригчид “БНСУ-д зорчихгүй байх”-аас өөр сануулгыг өгч чадахгүй байна. Нэгэнт л вакцин, эм тан гараагүй учраас эрүүл мэндийн байгууллагаас өдөр тутам ариун цэвэртээ анхаарах зөвлөмжийг л албан ёсоор гаргаад байна. Уг зөвлөмжийг танилцуулъя.
ЗӨВЛӨМЖ
- Гараа сайтар савандаж угаах
- Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй бай
- Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх
- Зэрлэг амьтадтай харьцахгүй байх
- Амьтны захаар явахгүй байх
- Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
Б.ЗАЯА