НАМЗХ-оог хэн удирдах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

НАМЗХ-оог хэн удирдах вэ?

МАН-ын залуус баян, ядуугаараа талцан гэдсэндээ хөлөө жийлцэж байна.

Залилангийн хэрэг ч мандах шинжтэй. Үнэн худлыг нь хууль хяналтын байгууллагынхан нягтлах хэрэг биз. Хэвлэлүүдэд бичсэнээр бол Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч Д.Амарбаясгалан нар АНУ-д суралцаж байхдаа нутаг нэгтнээ залилжээ.

Харин энэ мэдээллийг захиалагч нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэх шинэ дуулиан мандаж байна. Тэрээр НАМЗХ-г удирдах сонирхолтой ч нас нь дүрэмд заасан босго давжээ. Хэрвээ холбооны дүрэмд өөрчлөлт оруулж, 35 насыг 42 болгон хойшлуулбал боломж гарч ирнэ. Гэвч намын удирдлагууд, холбооны залуус насны дээд хязгаарыг нэмж, 42 хүргэхийг таалахгүй байгаа аж.

Насны хязгаарыг өөртөө тааруулж нэмээд, холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгогдчихвол Н.Номтойбаяр гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд намын нэрээр дэвших боломж гарч ирэх аж. Энэ боломжийг хайж буй юм даг уу даа. Ер нь тэгээд хор найруулж сураагүй биш, Их хуралдаа ирсэн залуусынхаа тархийг нэг шөнийн дотор угаахад л 35 насыг 42 нас болгож өөрчилж чадна. Энэ байтугай зүйлийг “нааш цааш” болгож сурсан нөхдүүдэд нас бол нэг их асуудал биш болов уу.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш хүч нь суларсаар “амьд үхдэл” болон хувирчихаад байгаа НАМЗХ-г хэн удирдах вэ гэдэг зөвхөн насны хязгаарыг өөрчилснөөр шийдчих амар ажил биш аж.

Намын үндсэн дүрэм хийгээд НАМЗХ-ны дүрэм журмын дагуу ерөнхийлөгчийг намын дарга дэвшүүлж, бүх нийтийн саналаар сонгоно. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч өөрийнхөө багийг, удирдах зөвлөлийг, нарийн бичиг, дэд ерөнхийлөгч нараа сонгодог байна. Тиймээс МАН-ын дарга М.Энхболдын гарт шинэ ерөнхийлөгчийн нэр хэдийнэ зурагдсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Сонгуульд ялалт байгуулахад НАМЗХ-оо голлох үүрэг гүйцэтгэх учиртай.

Үүний тулд нэр нь сэвтээгүй ерөнхийлөгчийг гаргаж ирэхгүй бол нийгэм хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ын залуус фракциараа хуваагдаж хэдэнтээ дайтлаа ч зөв хүнээ сонгож гаргаж ирж чадахгүй бол ирэх оны сонгуулиар дахиад л залуусын саналыг алдана гэсэн үг. Одоогийн ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч Д.Амарбаясгалан нар гадаадад толгойгоо цэнэглэсэн байлаа ч дахин сонгох шалтгаан биш.

Өнгөрсөн таван шатны сонгуульд МАН ялагдал хүлээхэд тэдэнд яагаад хариуцлага тооцолгүй, өнөөдрийг хүргэсэн бэ гэдэг асуултыг залуучууд нь тавьсаар ирсэн. Нэгэнтээ бүрэн эрхийнх нь хугацаа дууссан, нөгөө талдаа нас нь 35-ын босго давсан тул дахиад сонгох боломжгүй. Тиймээс Зүүний хүчний холбоо залгамжлагчаа нэр дэвшүүлж, сонгож чадах уу, эс чадах уу гэдэг сонголтын өмнө тулаад байна. Тэдэнд шинэ хүн бий юу?. Их хуралд оролцох залуустаа хүлээн зөвшөөрөгдөх төдийгүй намынхаа удирдлагад тоогдох нэр дэвшигчийг санал болгож гэмээнэ “Хотын фракци”-тай өрсөлдөнө. Ингэж чадахгүй бол бялуу болгоноос ахиу хувь хүртэх болсон “Хотын фракци” л хүнээ санал болгоно. Намын дарга нь энэ фракцийг удирдаж байгаа хойно дархан эрхээ эдлэхээс яалтай. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Зүүний хүчний холбооны залуустай “байлдаан” эхлүүлснээрээ өөртөө л дайсан бий болгохоос өөр ямар ч хонжоогүй үлдэнэ.

Нөгөө талд, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар “Ардын хүүхэд” гэх имижээр хэчнээн гоёж, баячуудынхаа хүүхдүүдтэй байлдаад нэмэргүй.

Хөрөнгө мөнгөөр зодоод гараад ирнэ. МАН-д хэн чадалтай, тархитай, туршлагатай нь биш, хэн их мөнгөтэй нь том бялуу хүртдэг дүрэм үйлчлээд удаж байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж