Марио Лемье талбайд дахин гарах болсон шалтгааныг Ягр ярьжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Марио Лемье талбайд дахин гарах болсон шалтгааныг Ягр ярьжээ

NHL-ийн түүхэн дэх хамгийн шилдэг хоккейчдын нэгд зүй ёсоор тооцогддог Марио Лемье 2000 онд гэнэт л мөсөн талбайдаа эргэн гарахаар болсон билээ. Гурван жил хагасын турш хоккей тоглоогүй, зөвхөн амарч л байсан Лемье яагаад гэнэтхэн талбайдаа эргэн гарсаныг “Питсбург”-ийн дүү Яромир Ягр нь ингэж тайлбарласан байна.

“…Лемье зодог тайлсан ч гэсэн клубын эзний хувиар тоглолт бүрийг алгасалгүй үздэг байлаа. Заримдаа бэлтгэл дээр хүртэл ирнэ. Нэг удаа тэр дөрвөн нас хүрсэн хүү Остиныгоо дагуулан ирсэн юм. Остин хоккейд их дуртай л даа. Хаана ч явсан цохиур барьчихсан л явна. Нэг удаа Остин хувцас солих өрөө рүү орсон юм. Тэнд манай клубын ажилтан хоккейчдын тэшүүрийг бэлдээд сууж байж.

  • Сайн уу, Стив. Та юу хийж байгаа юм бэ?
  • Өнөөдрийн тоглолтод оролцох хоккейчдын тэшүүрийг бэлдэж сууна.
  • Мэдэж байна аа, би үзнэ. Энэ хананд байгаа хэний хөрөг юм бэ?
  • Энэ чинь чиний аав шүү дээ!
  • Миний аав хоккей тоглодог байсан юм уу? Мэдээгүй шүү дээ… гэчихээд Остин хүү гараад явчихаж.

 

Марио хувцас солих өрөөнд өрнөсөн энэ яриаг ямар нэгэн байдлаар олж мэдсэн юм билээ. Ингээд л сарын дараагаар NHL-ийн талбайд эргэж гарахаар болсноо зарласан юм. Эхний хоёр тоглолтод тэр 2 гоол оруулж, 5 дамжуулалт өгсөн. Гурван жил гаруй тоглоогүй байж байгаад шууд ийм олон оноо шүү!

Миний бодлоор бяцхан Остины үг түүнийг эргээд мөсөн талбайдаа гарах, хүүдээ шилдэг хоккейчин гэдгээ үзүүлэх хүслийг өдөөсөн байх. Тэгээд ч тэр дахин тоглохдоо хамгийн агуу нь гэдгээ батлан харуулж чадсан юм…” гэж Яромир Ягр ярьсан байна.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж