Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын толтолцооны мэдээлэлд дэмжлэгт хяналт хийв
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба эрүүл мэндийн байгууллагуудын эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын бүртгэл, тайлан мэдээнд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүргийнхээ дагуу ТСА-ны дарга Т.Гантуяа, Статистикч их эмч А.Оюунчимэг нар Сүхбаатар аймагт ажиллалаа. ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулаад, ЭХЭМҮТ-өөс гаргасан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа”, “Чанарын судалгааны арга зүй”, “Судалгааны арга зүй” зэрэг номыг Сүхбаатар аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ц.Сүхбаатарт гардуулан өглөө.
Мөн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ц.Сүхбаатар, ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Баттуяа, ЭМГ-ын ЭАШТҮ, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Нарандэлгэр, ЭМГ-ын статистикч бүртгэл, мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Нямгэрэл, ЭМГ-ын статистикч их эмч Ц.Оюунхишиг, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Х.Батмөнх нартай уулзан, харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. 2014 оны 5-р сард Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эзэмшүүлж, сургагч багш нарыг бэлтгэсэн билээ.
Дэмжлэгт хяналтын үеэр Сүхбаатар аймгаас бэлтгэгдсэн сургагч багш, ЭМГ-ын статистикч бүртгэл, мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Нямгэрэл, ЭМГ-ын статистикч их эмч Ц.Оюунхишиг, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Баттуяа, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Нарандэлгэр, өсвөр үеийн асуудал хариуцсан их эмч Т.Мөнхмөрөн, АНЭ-ийн статистикч их эмч Ө.Ганцэцэг нартай хамтран ажиллаж, цаашид эх, нярайн өвчлөл, эндэгдэл, өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудалтай холбоотой мэдээллийн чанарыг улам сайжруулах талаар санал бодлоо солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Эх сурвалж: www.moh.mn