С.Ганбаатар: Гахай хариулдаг хүн гахайныхаа тухай л боддог

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Гахай хариулдаг хүн гахайныхаа тухай л боддог

"Цензургүй яриа”-ны зочин УИХ-ын гишүүн С.Ганбаатар

С.Ганбаатар: Гахай хариулдаг хүн гахайныхаа тухай л боддог

-Та бид хоёр бараг арав гаруй жилийн дараа уулзаж байна. Та тэр үед УИХ-ын гишүүн байгаагүй шүү дээ?

-Тийм байна. Олон жилийн дараа таниас ярилцах урилга хүлээж авлаа. Би тантай анх ярилцаж байхдаа Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн байсан юм байна.

-Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байсан даа?…

-Яг тийм /инээв/

-Монголын улс төр, нийгэмд өрнөж буй хамгийн халуун сэдэв нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө. Таныхаар бол гэрээ. Үүнээснь болоод Ерөнхий сайдыг огцруулах ажил өрнөж байна. Та Ерөнхий сайдыг огц- руулах УИХ-ын нэр бүхий гишүүдийн тогтоолын төсөл дээр гарын үсэг зурсан уу?

-Зурж амжаагүй байгаа. Оюутолгойн хувь заяаг ноцтой болгосон ажил хийсэн учир би тэр тогтоолын төсөл дээр гарын үсэг зурахад бэлэн байгаа шүү.

-Энэ яагаад Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний  асуудал болчихов?

-Ер нь би хүн огцруулах асуудлыг нэг их яриад явдаг хүн биш. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд’ байхад нь огцруулах санал өгч байгаагүй. Ерөнхий сайдыг огцруулснаар төр тогтворгүй болно гэдэг бодлоосоо бид салах ёстой. Ерөнхий сайд бол хөлсний менежер учир алдаа хийсэн бол хариуцлага тооцох учиртай. Монголын төр, сайд нар эрх мэдэл, ямбаар дутаагүй, хариуцлагаар л дутаж байгаа. Олон монголчууд надтай санал нэг байгаа байх аа.

-Та УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад төлөвлөгөө чинь арбитрын шүүхэд баримт болох юм бол гэрээ гэж ойлгоно гэсэн. Харин Ерөнхий сайд төлөвлөгөө ч гэсэн баримт бичиг учир арбитрын шүүхэд баримт болно гэсэн шүү дээ. Тэгэхээр би таны ярианаас төлөвлөгөө биш гэрээ арбитрын шүүхэд очдог юм байна гэж ойлгосон. Зөв ойлгож уу?

-Төлөвлөгөө арбитрт очих ёсгүй, уг нь. Энэ бол ажлыг хэн, хэзээ хийх вэ гэсэн жагсаалт юм байгаа юм. Гэтэл арбитрт баримтаар хүлээж аваад хохирол тооцох хэмжээнд ажиллах юм бол энэ нь төлөвлөгөө биш гэрээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн баримт бичиг гэсэн үг. Энэ нь цаад утгаараа төлөвлөгөө нэрийн дор гэрээ хийж Монголын ард түмнийг басан доромжилсон үйлдэл юм.

Би энд танд хоёрхон зүйлийг сонирхуулъя л даа. АНУ- ын нэртэй нийгмийн зүтгэлтэн Филипс “Хүүхэд байхдаа би өдөр бүр бурхнаас дугуйтай болгож өгөөч гэж гуйдаг байсан ч намайг хэн ч сонсоогүй. Тэгэхээр нь дугуй хулгайлчхаад бурхан минь намайг өршөөгөөрэй” гэж байлаа хэмээсэн байдаг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Монголын ард түмний өмч болсон Оюутолгойн талаар ийм аюултай гэрээ байгуулах гэж бидэнд хэлээд зөвшөөрөл авч чадаагүй.

Тэгэхээр нь хулгайгаар Дубайд очоод төлөвлөгөө нэрийн дор байгуулчихлаа. Монголдоо ирээд уучлаарай ч гэж хэлээгүй. “Би зөв зүйл хийсэн. Та нар ойлговол ойлго, үгүй бол одоо яахав дээ” гэсэн зүйл ярьж байна. Би Оюутолгойн асуудал дээр Монголоо гэсэн сэтгэлтэй 15 эрдэмтэнтэй хамтарч ажилладаг.

Тэр хүмүүстэй хамт гурван өдөр, шөнө ажиллаж байж Ч.Сайханбилэг Монголыг барьцаанд тавьсан байж болзошгүй гэдгийг түүнийг Дубайгаас ирэхээс нь хоёр хоногийн өмнө Монголын ард түмэнд мэдэгдсэн. Гэтэл Ч.Сайханбилэг ирэнгүүтээ мэдээлэл хийсэн. Үүнийх нь дараа 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монгол Улсыг тавьчихжээ гэдэг нь ч тодорхой болсон юм.

-Та үүнийг дэс дарааллаар нь тайлбарлаж болох уу. Дубайн төлөвлөгөөн дээр таван зүйлийг буруу байна гэсэн тайлбарыг хийгээд байгаа шүү дээ?

-Үүнийг ярихаас өмнө нэг зүйл асуучихъя. Ойрд Дубай явах хүн байвал надад хэлээрэй хө.

-Яах нь вэ?

-Гэрээний 8.4-т “Энэхүү төлөвлөгөөг талууд долоон хувь үйлдэж, хэл тус бүр дээрх нэг хувийг хадгална. Монгол, Англи хэл дээрх хувилбарууд нь адил хүчинтэй байх бөгөөд хоёр өөр хэл дээрх хувилбаруудын хооронд  зөрүү гарвал Англи хэл дээрх эх хувилбарыг ашиглаж байхыг талууд тохиролцов” гээд гарын үсэг зурчихсан байгаа юм.

Гэтэл Ч.Сайханбилэгийг Дубайгаас ирснийх нь дараа энэ гэрээ тань хаана байна гэхэд удахгүй орчуулж тавина гэж мэдэгдэж байсан. Үүнээс нь гурван өдрийн дараа Засгийн газрын сайт гэгдэх zasag.mn гэдэг сайт дээр гэрээг нийтэлсэн байна билээ. Энэ бол Монголын баримт бичиг. Угтаа бол эх хэл дээрээ үйлдээд яамдаас саналыг нь авсны үндсэн дээр нөгөө талдаа өгч англи хэл рүү орчуулуулах шаардлагатай байсан.

Гэтэл гэрээг шууд англиар хийсэн. Эсвэл гадаадын хэн нэг эзний гал тогооны өрөөнд хаясан байх. Бүр үгүй бол буудалдаа архидаж байгаад хаясан юм болов уу. Тиймээс тийшээ явах хүн байвал Ч.Сайханбилэгийн хаясан гэрээг нь олоод ирээрэй гэж захих гээд байгаа юм. Ерөнхий сайд худлаа ярихгүй байлгүй. Түүний хэлснээр жинхэнэ гэрээ тэнд үйлдсэн болж таарч байгаа юм.

Би энэ бүхнийг ёжилж хэлж байгаа ч гэсэн цаана нь бидний тусгаар тогтнол аюултай байдалд оржээ гэдгийг л сануулж байгаа юм. Рио тинто биднийг юу хийх ёстойг Дубайд шийдэж, түүнийг нь бид орчуулах хувилбараар ажилладаг байж болохгүй. Гэрээний 4.3 а,б-д маш аюултай зүйлүүд байгаа юм. Монголын ард түмэнд 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа нь гэрээн дээр анх заагдсанаас хоёр тэрбум ам.доллараар их байгаа.

Энэ нь дээрх мөнгийг оруулж ирээгүй байж оруулж ирсэн гэх нэрээр мөнгө угааж байна гэсэн үг. Энэ бүхнийгээ 4.4,5 гэсэн заалтуудаар шууд хүлээн зөвшөөрүүлж байгаа юм. Тодруулбал, дээрх зүйл заалтад “Таван өдрийн дотор Сангийн яам нь 2010-2015 оны санхүүгийн тайланг шууд хүлээн зөвшөөрнө” гэж заасан байгаа.

Гэтэл улсын байцаагч ямар нэгэн баримт дээр акт тавих юм бол дарга нь өөрчлөх эрхгүй байдаг. Харин татварын маргаан зохицуулах байгууллага нь өөрчлөх эрхтэй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын таван жилийн санхүүгийн тайланг тохиролцоогоор өөрчилнө гэдэг нь Монгол Улсын тусгаар тогтнол аюултай байдалд орсныг илтгэж байна.

Дубайд очоод л “Бид танайд мөнгө оруулна, Сангийн яамаараа энэ бүхнийг хүлээн зөвшөөрүүл” гэж байгаа чинь мөнгө угаах хэрэг. Нөгөөтэйгүүр, гэрээний 5.5-д зургаан тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалт гэж бичээгүй. Төслийн санхүүжилт нэрээр оруулж ирэхээр болсон байгаа юм.

-Ерөнхий сайд энэ мөнгийг чинь “зээлнэ” гэж байсан шүү дээ?

-Зээлэх гэдэг үг огтхон ч байхгүй Төслийн санхүүжилт л гэж байгаа юм. Энэ дээр л луйвар яваад байгаа юм. Энэ мөнгийг Рио Тинто өмнө нь авсан зээлүүддээ өг гэж байгаа. Тэгэхээр энэ мөнгө Монголд орж ирэхгүй гэсэн үг. Өмнөх хүчингүй болгуулсан хоёр тэрбум ам.долларыг нь тооцох юм бол монголчууд нийтдээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд тавигдаж байна л гэсэн үг.

Үүнийг юугаар батлаад байна вэ гэхээр гэрээний 5.6-д газарын  лицензээ 15 банкинд барьцаална гэсэн байгаа. Энэ мөнгө манайд орж ирэхгүй Ингэснээр хойч үе маань өөрсдөд ногдох ашгаараа энэ бүх өрийг 100 хувь төлнө гэсэн үг. Хүмүүс 34 хувийг нь төлнө гэж яриад байгаа. Үгүй, 66 хувийг нь гадны ямар нэгэн уурхайгаас төлөхгүй шүү дээ.

-Яагаад гэнэт 66 хувь болоод явчихаваа?

-Энэ бүхэн Монголын газар нутгаас гарч байгаа зүйл. Монголчууд 34 хувийн өр зээлтэй гэгдэж байгаа ч дээрх шиг байдлаар зээл авах юм бол 100 хувь монголчууд төлнө гэсэн үг. Би энийг бараг 11 жил ярьж байна. Анх та надтай Оюутолгойн өлсгөлөн дээр л уулзаж байсан шүү дээ. Тэгэхээр нэг л зүйлийг хэлье. Оюутолгой ярьснаар хүнд магтуулна гэж байдаггүй. Рио Тинтогийн бууны нохойнуудын дайралтад л өртнө шүү дээ.

Энэ Дубайн гэрээний хамгийн ноцтой зүйл нь 15 банкинд бидний газар нутгийг барьцаанд тавьснаараа Рио Тинто МонголооС гарах үүд хаалгаа нээж байгаа гэсэн үг. Тэр банкиуд барьцаанд авсан газар нутгаа илүү мөнгө төлсөн хэн нэгэнд өгч болно шүү дээ. “Тамсаг соко” гэж байгаад “ДачицТамсаг” болсон нэгэн түүх бий. Тиймээс Рио Тинтотой хамтрахдаа харилцан ашигтай ажиллахыг л хүсээд байгаа юм.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайгаас ирэнгүүтээ хийсэн мэдэгдэлдээ “Хөрөнгө оруулалт хэтэрсэн хоёр тэрбум ам.долларыг 1.2 болгоод удирдлагын зардалд тооцохоор болсон” гэсэн. Би энийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Бас “Менежментийн зардал зургаан хувьтай байсныг гурав болгосон. Монголын тал хөрөнгө оруулалтыг хянах бололцоотой боллоо. Мөн 53/47 гэсэн өмнө нь хаана ч байгаагүй тоог төлөвлөгөөнд шигтгэж өглөө” гэсэн. Энэ тайлбарыг сонсохоор Ерөнхий сайд маань үнэхээр сайн зүйл хийгээд ирсэн юм шиг санагдаж байгаа юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Миний хувьд арав гаруй жил уул уурхайн салбараа ашигтай болгоё л гэж ярьж яваа. Тэр ч утгаараа харсан зүйлээ л ярьдаг. Ганц баримталдаг зүйл маань бол бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж, тэрийг үндэслэж ярья л гэдэг.

Гэтэл Ерөнхий сайд маань молигдуулчихаад тэрийгээ мэдэхгүй байх шиг байна. Түүнээс биш Монголоо сүйтгэе, дуусгая гэж бодоогүй нь лавтай шүү дээ. Нөгөө талд нь байгаа ард түмэндээ биднээс илүү хайртай “Рио Тинто”-г судлаач, шинжээчид ч;шь ухэхээс бусдыг рчихсэн хүмүүс.

Техникийн асуудлыг улс төрийн аргаар шийддэггүй гэдэг үг байдаг. Зургаан тэрбум ам.долларын зээлээ Рио Тинто тултал нь авна. Яагаад гэвэл бид барьцаанд нь өөрсдийн газар нутгийг өгчихлөө шүү дээ. Үүний хамгийн муухай зүйл нь далд уурхайн үе шат гэдгийг эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс хойд ордын I давхраас бусад далд уурхайн аливаа бүтээн байгуулалтын ажлыг далд уурхайн, үйл ажиллагаанд оруулж тооцохгүй гэж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр далд уурхайгаа арав хуваах нь байна шүү дээ. Тэр хойд ам гээд байгаа газарт нь л энэ бүх төлөвлөгөө гээд байгаа зүйл нь хэрэгжинэ. Хэдэн жилийн дараа дахиад л зээл авахыг үгүйсгэх аргагүй.

-Тэр зээл нь ямар хэмжээний хүүтэй юм бэ?

-Жилийн 7.1 хувийн хүүтэй. Тодруулбал, жилд 560 сая ам.долларыг хүүнд нь төлнө. Энэ нь бидний ирээдүйн ногдол ашиг байхгүй болно гэсэн үг. Хүүгээ төлсний дараа ногдол ашиг авна гэхээр миний тооцоолсноор 2048 оноос эхэлж монголчууд ногдол ашгийн талаар ярих боломжтой юм билээ. Гэхдээ цаашаа үргэлжилж ч магадгүй. Бас ногдол ашиг хэзээ ч авахгүй байж магадгүй л юм.

-Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа их гайхсан л даа. Таниас өмнө би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой ярилцлага хийхэд “Оюутолгойн гэрээ хаана ч байхгүй сайн гэрээ, эрсдэлгүй” гэж байсан. Гэтэл Ерөнхий сайд “53/47 гэж хаана ч байгаагүй тоог төлөвлөгөөнд тусгасан. Монголын тал хөрөнгө оруулалтыг хянах боломжтой боллоо” гэх зэргээр мэдэгдсэн нь С.Баярцогтын яриад байсан гэрээ сайн биш байсан гэдгийг баталчих шиг боллоо?

-Гэрээ байгуулсан хүмүүс маань “Монголын тал эрсдэлгүй” гэж дандаа хэлдэг. Гэтэл дэлхийн 15 банкнаас Монголын газар нутгийг барьцаалаад зээл авч байгаа нь Монгол улс эрсдэлд орж байгааг баталж байгаа юм. Ерөнхий сайдын ярьсан 53 хувь гэдэг нь анхныхаас буурсан үзүүлэлт шүү дээ. Та санаж байна уу, анх гэрээ байгуулах гэж байхад Рио тинтогийнхон талхыг дөрөв хуваагаад 4/3 нь монголчуудынх гэж сурталчилж байсан даа. Энэ асуудал гэрээнд биш ТЭЗҮ-д тусгагдахдаа монголчууд 71 хувийг эзэмшинэ гэж заасан байсан юм. Гэтэл ерөнхий сайд маань мэдэхгүй дээ юу, ямартай ч энэ хувийг бууруулчихаад үүнийгээ саймшраад байна.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалтыг хянах механизм монголчуудад байхгүй. Ерөнхий сайд л боломжтой боллоо гэж байгаа болохоос биш яг ямар зүйл заалт байна вэ гэж асуувал хэлж чадахгүй л байгаа юм. Зардал хянахгүй гэдгийг би баталгаатай Хэлье, Оюутолгой өнөөдөр баяжмалаа хятадуудад хэдэн төгрөгөөр худалдаж байгаа, хэдэн төгрөгөөр хятадаас цахилгаан авдаг, томоохон тоног төхөөрөмжүүдийг хэдэн төгрөгөөр авсан бэ гэдэг нь монголчуудад нууц.

Иймэрхүү байдлаар зардап нь мэдэгдэхгүй байхад ашиг нь нууц хэвээрээ л байна. Оюутолгойг намайг их гацаалаа гэж ярьдаг. Тухайн үед намайг “Өдөр бүр орж ирэх нэг сая ам.долларыг битгий гацаагаач ээ” гэж байсан. Гэтэл гэрээг 2009 онд байгуулсан, 2014 онд 1.9 тэрбум ам.долларын ашгийг Оюутолгой олсон байдаг. Үүний тулд 189 мянган тонн зэс, 20 орчим тонн алт, 32 тонн мөнгө гаргасан. Харин энэ оны I улиралд 423 сая ам.долларын орлого олсон байна билээ. Хамгийн ноцтой нь энд 250 сая ам.долларыг алтнаас олсон байгаа юм. Тэгэхээр зэсээсээ илүү алтнаас мөнгө олж байна гэсэн үг.

-Таны мэдээллүүд баталгаатай гэдэгт би яаж итгэх юм бэ?

-Би мэдээллүүдээ батлах гээд Сангийн яамнаас авсан бүх тайланг авчирсан. Санхүүгийн  тайланг нь харж үзвэл орлогоосоо   зардал нь хэтэрчихсэн. Монголд нэг улиралд ирэх ашиг нь -280 тэрбум төгрөг байх жишээтэй. Энэ бүх мэдээлэл Туркоз Хилл компанийн сайт дээр байдаг юм билээ. Жирийн иргэд үүнийг судлахгүй байж болох ч УИХ-ын гишүүд судлах үүрэгтэй гэж үзсэний үндсэн дээр л би энэ бүхнийг хийж байна.

-Таныг “Оюутолгойн гэрээгээр хэтэрхий их шоудаж, баатар боллоо. Улс төрөөс яваад өгөөч” гэсэн шүүмжлэл, доромжлол байгааг та мэдэрч байгаа биз дээ?

-2009 оны аравдугаар сард энэ гэрээг байгуулахад 10 мянган ажлын байр бий болж, улсын төсвийн 31 хувийг Рио Тинто нийлүүлнэ гэж байсан. Гэтэл өнөөдөр зургаан жилийн дараа 472 мянган ажилгүй залуу яахаа мэдэхгүй байна. Монгол Улс • 19.5 тэрбум ам.долларын өрөнд орчихлоо. Хувийн компаниудын өрийг оруулах юм бол Монгол Улс 28 тэрбум ам.долларын өртэй гэдэг юм билээ. Өнөөдөр өрийг бүр өндөр хүүтэй өрөөр солих гээд Ерөнхий сайд нь, Сангийн сайд нь, Монголбанкны ерөнхийлөгч нь дэлхийгээр нэг хэрэн тэнэж байна. Тэтгэвэр, цалингаа тавихад хүндрэлтэй байдалд орлоо. Оюутолгойн гэрээг байгуулахад зургаан жилийн дараа гэхэд ийм байдалд орно гэж хэлж байгаагүй ч ашиггүй гэрээ байна гэж би тухайн үед нь хэлж байсан.

-Таниас болж ийм байдалд орсон юм биш үү. Тодруулбал, 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг С.Ганбаатар тэргүүтэй популистууд гадны хөрөнгө оруулагчдыг хөөх замаар унагасан гэдэг. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын гол буруутан нь та юм биш үү?

-Оюутолгойн уурхай нэг ч өдөр гацаагүй. Бүх үйл ажиллагаа нь өнгөрсөн хугацаанд явсаар л байсан. Ганцхан Монгол Улсад орох ёстой байсан ашиг нь л гацсан. Энэ бүхнийг л би ярьж байгаа. Ингэснээр би буруутах нь байж болох тайлбар биш. Гэхдээ таны асуусан зөв. Яагаад гэвэл энэ бүхний ард байгаа хүмүүс  ард түмэнд ийм ойлголт өгч байгаа чинь неолиберализмын технологи. Бурууг эсэргүүцэж, зөв болгохоор зүтгэж байгаа хүмүүсийг ангуучлах ажиллагааг тэнд л хийдэг юм.

Гэхдээ монголчууд ухаалаг. Фрийдланд биднийг доромжилж “Бичиг үсэг тайлагдсан ард түмэн шиг хэцүү зүйл байдаггүй юм байна” гэж байсан ч үүгээрээ ухаалаг гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Оюутолгойг сайжруулах гарц бий. Б.Ельцений үед Орос орон үнэхээр хүнд байсан. Ажилгүйдэл, авлига, мафиудад дарлуулсан л улс байсан. Харин В.Путин гарч ирээд ажлын байр, тэтгэвэр, цалин нэмэгдэж, гэмт хэрэг буурч, мафи байхгүй болж үр дүн гарсан.

Яагаад ийм зүйл болсон бэ гэхээр тухайн үед бодлого өөрчлөгдсөн. В.Путин байгалийн баялгаа зөв ашиглаж, ард түмэндээ тэгш хуваарилах бодлого барьж, томоохон компаниудтайгаа ярилцаж гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед ганцхан Ходроковский л эсэргүүцэж байсан. Ингэсний үр дүнд өнөөдөр ОХУ 54 тэрбум ам.доллараар өвлийн олимп зохиолоо. Арми нь дэлхийд тэргүүлж байна. Ажилгүйдэл нь буурлаа. Үүнийг би гадны хэн нэгнийг тахин шүтэх гэж яриагүй. Уул уурхайн баялгийнхаа эзэн нь болъё л гэж хэлж байгаа юм.

-Та үүнийг 11 жил ярилаа. Залхахгүй байна уу. Хаячихаж болдоггүй юм уу?

-Тэгвэл ч надад уг нь надад амар л даа. УИХ-ын 2012 оны сонгуулиар АН, МАН, “Шударга ёс” эвслийнхэн бүгд л “Оюутолгойг ард түмэндээ ашигтайгаар эргүүлнэ” гэсэн амлалтыг өгч байсан. Тавантолгойн 51 хувийг ард түмэнд өгнө гэж ярьж байсныг нь ч санаж байна.  Миний Дархан-Уул аймагт гаргасан мөрийн хөтөлбөрийг үзэх юм бол 100 хувь цэцэрлэгжүүлнэ, хүүхдүүдээ анхаарна, эрүүл мэндийн салбарыг шинэчилнэ гэснээс биш Оюутолгойтой холбоотой ганц ч үг байхгүй.

Манайх шиг улс яагаад Норвеги шиг байж болдоггүй юм бэ. Уул уурхайгаа ашиглахдаа ухаан зарсныхаа хүчээр Норвеги өнөөдөр европын хамгийн ядуу орноос дээшээ гарч ирж чадсан. Иргэн бүр нь хоёр сая ам.доллараас дээш орлоготой байна.

-Та мэдээж Норвегийн сангийн талаар судалсан байх. Тэр жишээг Монголд яагаад хэрэгжүүлж болдоггүй юм бол?

-МҮЭХ-ны ерөнхийлөгч байхдаа энэ улсад очиж, туршлага судалж байлаа. МҮЭХ, Норвегийн ҮЭХ маш нягт ажиллагаатай байдаг юм. Манайх яагаад тэдний жишээг хэрэгжүүлж чаддаггүй вэ гэхээр неолиберализм буюу үндэстэн дамнасан корпорациудын хортой бодлого гаарч, төрийн толгойд байгаа Америкт бэлтгэгдсэн бууны нохойнууд маш их гай тарьж байгаа.

Би ч гэсэн Англид боловсрол эзэмшсэн хүний хувьд буурай орнуудыг капталистууд яаж залгидгийг мэднэ шүү дээ. Тиймээс ядаж миний Монголыг л биш шүү гэж боддог юм. Өнөөдөр би улсаа капталистууд болон үндэстэн дамнасан корпорациудын улс нэртэй уурхай болгомооргүй байна. Африк тивийн орнууд өнөөдөр улс нэртэй боловч уурхай л болчихсон байна шүү дээ.

-Бид яагаад ийм байдалд орчихов оо?

-Дэлхийн банкаас эхлээд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд бидэнд тусалсныхаа хариуд зөвлөгөө өгдөг. Тодруулбал, хууль, дүрэм, журамгүй бай гэдэг. Гэтэл Эрдэнийн сан Субашидад “Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол” гэдэг. Хуулийг хүчгүй болгоно гэдэг нь бидний баялгийг уул уулаар нь лиценз нэрээр гадныхан авах үндэс бүрдэж, төр хүчгүйднэ.

Нөгөөтэйгүүр, хувьчлалыг тэд хийсэн. Маш олон жилийн хугацаанд бий болгосон төрийн өмчийг хэдхэн гэр бүлд луйврын замаар хувьчилж өгсөн. Монголын ард түмний тархийг угаах нийтлэлчдийн армийг тэд мөнгөөр угжиж бий болгосон.

-Та энэ дотроо Баабарыг хамааруулж байна уу. Баабар таныг хүчтэй шүүмжилдэг шүү дээ. Мөн түүнийг “Нөгөө талын захиалгаар бичсэн байна” гэж зарим хүн ярьдаг. Баабар.мн гэж Монголын шилдэг нийтлэлчдийн сайт бий. Би ч тэнд нийтлэл бичдэг. Тэндхийн ихэнх нийтлэлчид таныг дооглох, тохуурхах, доромжлох хэлбэрээр бичдэг л дээ?

-Баабар гуайг би их хүндэлдэг. Оюутан байхдаа түүний бичсэн “Бүү март, мартвал дэмжээд явж байлаа. Ухаантай хүн ойлгох байх аа. Гэхдээ тэр хүн Рио Тинтогийн хөлсний дууч шувуухай болчихож. Түүний буянаар монголчууд эх оронч үзэлгүй болж. “Эх оронч” гэж хэлүүлэхээсээ айж байна. Дээл өмссөн хүнийг харж шоолдог боллоо.

Тэр хүн намайг бодвол ахмад хүн атлаа янз бүрээр доромжилдог. Үүнийхээ оронд “Чиний энэ зүйл чинь буруу байна” гээд хэлчихвэл бидний өмнөх үеийн нийгмийн зүтгэлтэн гэдэг утгаар нь би хүндэлнэ шүү дээ. Сангийн сайд байхдаа Бороо гоулдын ашиггүй гэрээг үзэглэсэн хүн нь тэр өөрөө. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө “Үнэхээр сайхан зүйл болно” гэж .ярьж байсан. Тэгвэл одоо яагаад тэр хүн тэр ашигтай гэж байсан гэрээнийхээ ашгийг бидэнд тайлбарлаж чадахгүй байгаа юм бэ.

Монгол орон даяар хөлсний нийтлэлчдийн золиос бий болчихлоо. Ё.Отгонбаяр гишүүний эхнэрийн дансанд 300 гаруй сая төгрөг байна гэснийг ам.доллар гэж шуугиад буруугүй нь тогтоогдоход хэн ч уучлалт гуйгаагүй. Л.Эрдэнэчимэг гишүүнийг архи, тамхины эсрэг тэмцсэнийх нь төлөө доог тохуу хийж доромжилдог. Сүүлдээ хөлсний нийтлэлчид улстөрчдийг алдаг алуурчин машин болж хувирлаа.

-Та тэр машиныг Баабар эргүүлдэг гэж бодож байна уу?

-Баабар бол тэр машины эрэг, шураг төдийхөн. Түүнийг тэгж томруулаад хэрэггүй. Гадны үндэстэн дамнасан корпорациудын мөнгөөр бичиж байгаа нь монголчуудын оюун санааг устгаж байгаа нэг хэлбэр. Бидэнд баатар байхгүй боллоо. Бахархал ч үгүй боллоо.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таны яриад байгаа асуудлуудыг дэмжиж байна уу?

-Дэмжих үүрэгтэй, дэмжих ёстой хүн л дээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ- ын чуулганы хуралдаанд 2013 оны хоёрдугаар сард таны яг одоо ярьж байгаатай утга нэг үг хэлж байсан юм. Та тэр үгийг санаж байна уу?

-Саналгүй яахав. Монгол Улсын төрийн тэргүүн үнэхээр үнэтэй үг хэлсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж хэлээгүй байх аа гэж боддог. Хэлсэн үгнийхээ төлөө үргэлж зүтгэх ёстой. Яаж ч муулуулсан, сайлуулсан хэлсэндээ хүрэхийн төлөө байх ёстой,

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдахад энэ хүн “Улсаараа нэг алхам урагшиллаа” гээд маш сайн дэмжиж байсан юм. Гэтэл 2013 оны хоёрдугаар сарын 1-нд гэнэт эсэргээр нь ярьсан. Ерөнхийлөгчийн сонгууль 2013 оны зургаадугаар сард болсон. Тэгэхэд эрхэм Ерөнхийлөгч” Оюутолгойн гэрээг өөрчилнө” гэж ороод ялалт байгуулсан. Одоо хараад байхад ямар ч дэмжлэг үзүүлэхгүй байна. Дубайн гэрээ гэгч зүйл гарч ирчхээд байхад дуугүй л байна. Та итгээд л, хүлээгээд байна уу?

-Би итгэдэг. Ерөнхий сайдыг Дубайгаас ирэхээс нь өмнө би хамтарч ажилладаг эрдэмтэдтэйгээ нийлж, хэдэн өдөр нухаж байж төлөвлөгөө гэж яриад байгаагийнх нь цаад учрыг олсон. Үүнийгээ УИХ-ын гишүүдэд ч тараасан. Харамсалтай нь АН, МАН-ын гишүүд тоож уншаагүй юм шиг байсан. Намайг энэ бүхнээр шоу хийгээд байна л гэж хардаг. Үнэн хэрэгтээ би арван хэдэн жил Оюутолгойг судалсан хүний хувьд үр дүн гараасай гэж боддог. Одоо ч хүүхэд шигээ л хайрладаг болж. Тиймээс энэ гэрээн дээр бид ярилцах ёстой.

Германы нэртэй эрдэмтэн Ханс Вернер Зинн гэж хүн Монголд ирээд “Та нар зээл авах талаар биш гэрээнүүдээ эргэж харах талаар ярилцах ёстой” гэж сануулж байсан. Тиймээс би энэ байдлаас гарах гаргалгаа боловсруулсан юм. Хамгийн эхэнд хийх ёстой ажил нь ярилцах. Миний асуусан асуултад төрийн өндөрлөгүүд огтхон ч хариулт өгдөггүй. Гэсэн атлаа хөлсний нийтлэлчдээрээ дамжуулан элдвээр доромжлон хариу барьдаг. Би маш олон захидал илгээдэг.

Улстөрчид нь ард түмнээ сорж амьдарч байгаа байдлыг байхгүй болгоё гэвэл Засгийн газар, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагатай уулзаж, хэлэлцээр хийх ёстой. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том гэсэн 15 компанитай уулзаж, томоохон үйлдвэрүүдийг барих талаар ярилцах ёстой.

-Яг энэ замаар явж байгаа бизнесмэнийг манайд бариад хорьчихдог шүү дээ?

-Бизнесмэнүүдтэйгээ бид нээлттэй уулзах ёстой’ Түүнээс биш гэрийнхээ гадаа ганц нэгээр нь дугаарлуулж, ширээн доогуур юм авах биш шүү. Энэ замаар бүхий л салбарт дутагдаж байгаа томоохон үйлдвэрүүдийг барих ёстой. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, салбар бүрт тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэх юм.

Ингэхэд нь харин төр таван зүйл дээр нь л туслах хэрэгтэй. Татвар болон хууль эрх зүйн хөнгөлөлттэй орчноор нь хангах ёстой. Дараа нь зах зээлийг нь нээж, технологийг нь оруулж ирэх үүд хаалгыг нь нээх ёстой. Ингээд хүний нөөцийг нь төр бэлтгэж, хамгийн сүүлд зээлийг нь гаргаж өгөх хэрэгтэй байгаа юм.

Гэхдээ 1.5 тэрбум ам.доллар олж авчраад гэрийнхээ гадаа дугаарлуулаад өгөөд байхыг хэлээгүй шүү. Үүнийг төрөөс зохицуулаад компаниудтайгаа ярьсны дараа компаниуд нь Засгийн газарт ажлын байр нэмэгдүүлнэ, :-:эг хүнд олгох цалинг нэмэгдүүлнэ гэдэг баталгаа гаргаж өгөх ёстой. Үүн дээр нь  хөндлөнгийн олон нийтийн байгууллагууд хянаж, гэрээ хийнэ.

Тэгэхгүй бол компанийн эзэд, улстөрчид хоорондоо гэрээ хийвэл хуйвалдаан болдог. Тэгэхээр заавал ард иргэдийн төлөөллийг оролцуулах замаар асуудлыг зохицуулах замаар гурван сая хүнтэй нэг том корпораци шиг ажиллах нь Монгол Улсын хөгжлийн гаргалгаа.

-Монгол Улсыг хөгжүүлэх таны гаргалгаан дундаас технологи гэдэг үгийг их олзуурхаж байна. Та “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн оюутнуудад технологийн талаар лекц уншсан байсан. Би таныг лекц уншсан гэхээр Оюутолгойн тухай ярьсан юм болов уу гэж сонирхсон юм л даа. Их сонирхолтой сэдвээр лекц уншсан байна билээ?

-“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн тухай сонсоод миний сэтгэл үнэхээр хөдөлж, баярласан. Тус сургуулийн захирлуудтай би найзын холбоотой байдаг л даа. Тэр ч утгаараа намайг урьж, Монголын шинэ ирээдүй болсон хүүхдүүдэд илтгэл тавиулахыг хүссэн байх. Би Монгол Улс инженерийн гараар босно гэдэг итгэлтэй байдаг учир хүсэлтийг нь хүлээж авсан.

Тэнд очсон, хүүхдүүдээр үнэхээр бахархахаас өөр арга байгаагүй. Монгол Улс удахгүй өөдөлнө өө. Улстөрч гэдэг хүн тухайн болсон нөхцөл байдлыг тойрч ярьдаг. Эдийн засагч хүн одоо гарч байгаа шийдвэрийн ирээдүйд бий болох үр ашгийг тооцоолдог. Улстөрч уснаас хуурай гарахыг л боддог байхад инженер хүн өөрийгөө норгоод ч хамаагүй хэрхэн энэ асуудлаас бүх нийтээрээ гарах вэ гэдэг гаргалгааг олж авахын төлөө байдаг.

Тиймээс инженерүүд маань гангийн үйлдвэр, нүүрс боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр хэрхэн барих талаар сэтгэж байгаа, Энэ бүхнийг давж чадвал бид хямдхан орон сууцтай болохоос эхлээд асуудал буурна шүү дээ.

-Гэхдээ энэ талаар ярьсан улстөрчид өөр дээрээ гал дууддаг туршлага бий. Тэгэхээр та дахин шинэ сэдэв гаргаж ирж балбуулах хэрэг байсан юм уу?

-Би ШУТИС болон шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд, Эрдэнэтийн инженерүүдтэй хамтарч энэ хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Бараг төрхөө олчихсон. Эрдэмтэн, инженерүүд маань ажлаа бэлэн болгож байгаа. Нийт долоон тэрбум ам.доллараар л Монгол Улс сэргэх тооцоо гарсан. Эхний гурван жилдээ шууд 60-70 мянган ажлын байр шинээр бий болно.Үүнийг би жинхэнэ технологийн хүмүүстэй ярьдаг. Энэ бүхний гарааны мөнгийг олохын тулд л Оюутолгойг яриад байгаа юм шүү дээ. Бямбасайхан Оюутолгойг 42-45 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэсэн байна билээ.

-Тэгвэл үйлдвэрүүдээ барьчихна байна шүү дээ?

-Анх 108 тэрбум ам.долларын ашиг Оюутолгойгоос олно гэж ярьж байсан. За яахав, 45 тэрбум ам.долларын ашиг оллоо гэж бодъё. Одоо Монголын Засгийн газар Рио тинтотой ганцхан зүйл л ярих ёстой. Оюутолгой 420 тэрбум ам.доллар, Тавантолгой 450 тэрбум ам.долларын нөөцтэй. Үүнийг ухаж гаргах зардал нь нийт мөнгөний 30 хувь нь л байдаг юм. Тэгэхээр энэ хоёр ордын цэвэр ашиг нь нэлээд мөнгөн дүнгээр хэмжигдэхээр байгаа биз.

-Тавантолгойн ажлын хэсгийнхэнд өнгөрсөн баасан гарагт Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний англи хэл дээрх хувилбарыг өгсөн гэж сонссон. Энэ үнэн үү?

-Одоо болтол миний гар дээр англи хэл дээрх гэрээ нь ирээгүй байна. Ажлын хэсгийн ахлагч Л .Эрдэнэчимэгт очсон байж болно. Ямар ч байсан надад албан ёсоор өгөөгүй байгаа. Монгол хувилбар дээр нь ажилласан. Асар их алдаа олсон. Монголын парламентын гаргадаг шийдвэрийг гадаадад хийгээд тулгадаг байдал сүүлийн 20 жил газар авлаа, Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд долоон хуудас бүхий өөрийн байр суурийг Ерөнхий сайдад илгээсэн. Энэ гэрээн дээр хамгийн их санаа зовоож буй асуудал нь төмөр зам.

-Яг ямар асуудал байна вэ?

-Уурхай ажиллуулж байгаа хүн өөрөө ухаал. зөөгөөд. ашиглах гэрээ хийх нь хэзээ тэр хүний сайхан ааш хөдөлж, цадахаараа надад үлдэгдэл хоолоо өгөх бол гэж горьдож байгаа хүүхэд шиг байдалд Монголыг оруулж байгаатай агаар нэг. Ингүүлэхгүйн тулд Монголын төр төмөр замыг үргэлж хяналтандаа байлгах ёстой, Төмөр зам буюу багалзуураа гадынхны мэдэлд өгч болохгүй.

Үндсэн хуулийн 6.1-д Монгол Улсын газар, түүний хэвлий, баялаг нь гагцхүү ард түмний мэдэлд байна гэж байгаа нь ямар ч салаа утгагүйгээр ард түмэн байгалийн баялгийн эзэн байна гэсэн үг. Тийм өмчийг ард түмний төлөөлөл болсон 76 гишүүн дур мэдэн ашиглах эрхгүй. Цаашлаад Ерөнхий сайд, сайд энэ асуудлыг дур мэдэн шийдэх нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэмт хэрэг.

Газрын хэвлийд байгаа ард түмний өмчийг олборлонгуут 100 хувь хувийн мэдлийнх болчихдог энэ илбийг зогсоохын төлөө би 11 жил зүтгэсэн. Тавантолгой, Оюутолгойгоос гадны нефьтийн эрх мэдлээ бид гадныханд өгөх л юм бол бусад бүх уурхай царцана гэсэн үг. Жижиг уурхайнууд ч ялгаагүй хадгаа бариад лицензээ гадныханд өгөх байх. Монгол Улсын тусгаар тогтнол их л хүнд байдалд орно доо.

-УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх энэ талаар дүгнэлт бичиж, өдөр тутмын сонингуудад хэвлүүлсэн байсан. Та уншсан уу?

-Маш сайн уншсан. Түүнийг уншаад Л.Гансүх зөвлөхийн бичсэн зүйлийг хараад үнэхээр хуульч хүн, өөрийгөө эрсдэлд оруулан байж энэ бүхнийг сануулж байна гэдгийг ойлгосон. Гэхдээ би долоон хуудас бүхий дүгнэлтээ А.Гансүх сайдын дүгнэлтээс өмнө Ерөнхий сайдад өгсөн байсан юм. Бидний дүгнэлтийн зарим нэг хэсэг зөрж байсан ч зарчмын хувьд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаална гэдэг дээр санал нэг байгаа.

-Таны дүгнэлтэд “Энержи ресурс”- тэй Засгийн газар гэрээ байгуулсан тохиолдолд ямар нэгэн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд дэгдээж болохгүй гэсэн үүргийг манай улс хүлээнэ” гэсэн байна гэж тусгасан байсан?

-Анхны хувилбар дээр нь тийм зүйл байсан юм. Би анхны хувилбарыг нь үндэслэж дүгнэлтээ бичсэн учир А.Гансүх зөвлөхийн дүгнэлттэй минийх зөрдөг байж болох юм. Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөхцөл байдал үүсэх нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэсэн заалт байсан нь үнэхээр байж болохгүй асуудал. Үндсэн хуулийн үзэл баримтлалд зөрүүтэйгээр олон улсын байгууллагатай гэрээ хийх юм бол шууд цуцлагдана гэж Үндсэн хуульд бий. Тэгэхээр энэ гэрээ шууд цуцлагдах нөхцөл үүссэн гэсэн үг.

-“Эм Си ЭС” компани сар бүр ажитнуудынхаа цалинд есөн тэрбум төгрөг өгдөг гэсэн мэдээлэл өгсөн. Тэр хэмжээгээрээ ч татвар төлдөг, Монгол Улсын тэргүүний татвар төлөгч, бүтээн байгуулалтын маш их ажил хийсэн гэдэгтэй санал нэгдэх байх. Энэ нь хууль зөрчиж Тавантолгойн ордыг өөртөө авах шалгуурыг хангаж байна гэсэн үг юм уу?

-Энэ бол байж болохгүй асуудал. “Эм Си Эс”-ийн талаарх нийтлэл дээр С.Ганбаатар нэг ширхэг ч ажлын байр бий болгодоггүй гэсэн байна билээ. Үнэхээр тийм. Гэхдээ тухайн үед хэлмээр санагдаж байсан үгээ боломж олдсон дээр нь одоо хэлчихье.

Хэрэв би тэдэн шиг Монголын бүх л баялаг дээр сууж байсан бол тэднээс арав дахин илүү ажлын байр бий болгож, арав дахин илүү татвар төлөх байсан юм. Гэтэл би нэг ч килограмм нүүрс, зэсэн дээр суугаагүй гэдгээрээ тэднээс ялгаатай. Ийм бүдүүлэг харьцуулалтыг хийж, хөлсний нийтлэлчдээрээ бичүүлнэ гэДэг их л бүдүүлэг байгаагийн шинж шүү.

-Билл Гейтс өнөөдөр дэлхийн хамгийн баян хүн атлаа би хамгийн их татвар улсдаа төлсөн гээд Засгийн газраа шахаанд оруулаагүй нь сэтгэлгээний асар их зөрүү юм уу гэж би харж байна. Таны хувьд?

-Капталистууд “Олон ядуу хүний дунд баян хүн байхгүй” гэж ярьдаг юм. Манай өөрсдийгөө баян гэж ярьж байгаа бизнесмэнүүд чонотой нийлсэн нохой шиг гадны томоохон хөрөнгө оруулагчдын мөнгийг монголд эргүүлдэг ченж төдий байдаг.

Тэднийхээ шахалтаар Монголын ирээдүйд асар хортой нөхцөлөөр байгалийн баялгийг ашиглах гэрээ хийхийг тулгадаг. Тэгэхээр чонотой нийлсэн нохой шиг байж, үндэсний үйлдвэрлэгчдээ хорлож, мянга мянган ажлын байр бий болгох боломжийг бүү хаагаач л гэж хэлэх байна.

-Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдыг тэргүүнд тавих ёстой юм уу, үндэсний компаниудаа нэгдүгээрт тавих ёстой. Би энэ хоёрын ялгааг ерөөсөө ойлгохоо больсон?

-Би их материал цуглуулдаг л даа. Эндээс харуулъя. Бирм улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, мөн журам нь байна. Үүнд заахдаа гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол гаднаас ам.долларыг хөрөнгө оруулалтаар оруулж ирэх, багаж тоног төхөөрөмж болон оидэнд байхгүй технологи, ноу хауг оруулж ирнэ гэж заасан байгаа юм. Манайд бол Рио Тинто нь ч, Тавантолгойд хөрөнгө оруулах компани нь ч ялгаагүй гаднаас өр зуучлагч л болоод байгаа байхгүй юу.

Тиймээс ичээд зургаан тэрбум ам.доллараа хөрөнгө оруулалт гэж нэрлэхгүй байгаа юм. Харин санхүүжилт гэж нэрлээд үүнийгээ өөрсдөө авна, барьцаанд нь Монгол үлдэнэ. Бирмийн энэ хуулийг Америкт бэлтгэгдсэн манай ухаантай улстөрчид харах хэрэгтэй. Тавантолгойн гэрээнд ноцтой олон зүйл байдаг. Нэг ноцтой зүйлийг би хэлье л дээ.

Хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбум ам.долларыг зээлээр ч хамаагүй хийгээд гэрээ ямар нэгэн байдлаар /тэднййхээс ч байсан болно/ цуцлагдсан тохиолдолд дөрвөн тэрбум ам.доллараа эргүүлж аваад түүнээс цааш ашгийн 15 хувиар 30 жил авна гэж заасан байгаа юм шүү дээ.

-Юу гэсэн үг вэ, гэрээ цуцлагдчихсан байхад уу. Би гэрээгээ цуцлаад өөр хүнтэй байгуулаад ажиллаад явахад ашгийнхаа 15 хувийг өгөхөөр байгаа гэж үү?

-Тийм. Жил бүр авна гэсэн үг. Тэгэхээр энэ бол тухайн компани өөрсдөөс шалтгаалах байдлаар гэрээгээ цуцаллаа гэхэд монголчууд уйлах, инээх хоёр зэрэгцэх байх.

-Гэрээг цуцалсан ч бидэнд хохиролтой байх нь байна шүү дээ?

-Гэрээг цуцалсан ч хохиролтой байна. Энэ гэрээг байгуулаад дараа нь цуцлах ч эрхгүй болох нь.

-Яагаад энэ гэрээг УИХ-аар оруулахгүй, Засгийн газрын мэдэх асуудал гээд Төрийн тэргүүнээсээ авахуулаад зүтгээд байгаа юм бэ?

-Монголын төрд гадаадын хөрөнгө оруулагчдын нөлөөний бүлэглэл маш хүчтэй ажиллаж байна. Мөн тэдний хөлсний алуурчин нийтлэлчид нь сайн ажиллаад байгаа болохоор монголчууд 25 жил уул уурхайгаа дагаж яваад хүнд байдалд орлоо. Хүн нүхэнд орсноо гэнэт мэдэх юм бол нүх ухахаа зогсоо гэдэг. Үүнтэй адил ямар замаар явснаа эргэж харах цаг болсон гэдгийг л би хэлэх гэсэн юм.

-Та өөрийгөө популист гэж хүлээн зөвшөөрөх үү?

-Популист гэдэг үгийг та бүхэн анхаарах юм бол элит хэсгийнхэн, цөөнх улс төр, эдийн засгийн бүлэглэлийнхний эсрэг ард иргэдийнхээ амьдралыг товойлгож гаргаж ирэн эсрэгцүүлэн тавьж тэмцэл хийдэг улс төрийн аргыг хэлээд байгаа юм. Популист гэдэг уг нь бол муу нэр биш шүү дээ. Олонхийн төлөө үгээ хэлдэг гэсэн санаа. Харин манайд бол неолибералист буюу үндэстэн дамнасан компаниудын захиалгаар хийдэг явдал.

Тэд эхлээд эх оронч хүнийг муу хүн болгодог. Дараа нь дээл өмссөн хүн муу болдог, үүний дараа популист хүн муу хүн болж хувирч байгаа юм. Энэ хүмүүс популист гэдгийг ард түмэнд таалагдах, худлаа ярих гэж томъёолоод байна л даа. 11 жилийн хугацаанд миний ярьж байгаа хамгийн олон давтагдсан зүйл бол хөндлөнгийн бие даасан шинжээчийн дүгнэлт дээр үндэслэж яриач ээ гэдэг асуудлыг тавьдаг.

Мөн хэлэлцье, ярилцая гэдэг. Та нар үндэстэн дамнасан корпорациудын үлгэрт битгий итгээч, цаасан дээр сууж хар л гэдгийг хэлээд байгаа юм. Миний хувьд баримт нотолгоо үндэслэл дээр тулгуурлаж л олонхийн сайн сайхны төлөө зүтгэдэг.

-Популистууд, нэг хэсэг коммунистууд, нударганууд, ардын дайсан гээд буудаж байсан шүү дээ. Тэр явдал руу эргээд, ард түмнээ ялгаварлан гадуурхах эхлэлийг тавиад өгчихлөө гэж би энэ Засгийн газарт харамсаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, популистууд гэж нэг хэсгийг нь нэрлээд байгаад нь шүү дээ. Түүнээс биш тэр хүмүүс муу байна уу, сайн байна уу надад нэг их сонин биш байна л даа?

-Тэдний яриад байгаа популист гэдэг тодорхойлолтоор бол 1.5 сая төгрөгийг бие биеэсээ урьтаж амласан нь популист амлалт. Мөн маш олон бүтэшгүй зүйлсийг амлаж байсан.

-Тэгсэн тэгсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч миний нэвтрүүлэгт орохдоо үүнийг хүлээн зөвшөөрсөн. Популизмын эхийг би тавьсан, одоо үүнийг залруулъя гэсэн. Та өнөөдрийн байдлаар улстөрчид дотроос рейтингээрээ хамгийн өндөрт явж байна. Та ямар учраас рейтингээрээ хамгийн өндөрт жагсав?

Ний нуугүй хэлэхэд арав гаруй жил ингэж зүтгээд байхад чин сэтгэлээсээ байх л их чухал. Хамгийн сайн хууралт бол чин сэтгэлээсээ бай гэж байгаа шүү дээ. Энэ популизм хийгээд л, худлаа даа гэж өнөөдөр хэлж болно. 10, 20 жилийн дараа үнэн байждээ гэж бодох байх би манан дотор байгаа улстөрчдөд хэлмээр байна. Монголын ард түмэнд л итгэ, түмэн олондоо л итгэ.

Ямар нэгэн намын дарга, генсек, бүлэглэлд итгэх хэрэггүй. Төр тогтвортой байхын үндэс нь өөрийг нь албан тушаалд аваачсан бүлэглэлд тендер өгч тайвшруулах биш, айл гэрийн босгоор орж буй орлогыг. нэмэгдүүлэхэд л оршиж байгаа юм. Үнэхээр чин сэтгэлээсээ зүтгээд байвал алтан нарыг алгаараа хааж болохгүй гэж л бодож явдаг. Тэгэхээр хүмүүс бүгдийг мэддэг, хуурч болохгүй. Мииий эсрэг кампанит ажил хийж байгаа, явуулахаар бэлттэж байгаа энэ бүгд үсрээд 14 хоногийн л настай.

-Та одоо хэдэн настай билээ?

-46 настай.

-Та Ерөнхийлөгчийн насанд хүрчихжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байна уу?

-Өнөөдөр  Оюутолгой, Тавантолгойн уурхайгаасаа анхны гарааны мөнгийг гаргаж, болж өгвөл арван тэрбум ам.доллар эхний ээлжинд гаргаад гангийн үйлдвэр, зэс хайлуулах, цементийн, махны үйлдвэр, нүүрс, химийн үйлдвэр гэдэг төсөл хэрэгжүүлэх, малчдаа ажилтай болгох, дотоод, гадаад зах зээлийг бий болгох, хүний нөөцийг бэлтгэж, хамгийн гол нь зээлийн шугамыг нээж, ийм технологийг нь бий болгосноор Монгол орон хөгжинө. Үүний төлөө олон монголчуудтай хамтарч ажиллах болно.

-Үүний төлөө Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн үг үү?

-Ямар ч байсан би өнөөдөр өөрийнхөө өмнө тулгарч байгаа ажлуудынхаа ард гарахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Би таны нэвтрүүлэгт орохын тулд баримт материалуудынхаа талыг нь л авчирлаа.

-Ерөнхийлөгчийн тухай асуудал их сонирхолтой. Яагаад гэвэл маш олон хүн таниас энийг асууж өг гэсэн юм. Та одоо бол бие даагч. Ерөнхийлөгчид нэр дэвшвэл аль нэг намаас нэр дэвших учиртай. Тэгэхээр та энэ эрх барьж байгаа намуудад элсэх үү, эсвэл шинээр байгуулагдсан ХҮН намд элсэх үү. Үгүй бол өөрөө шинэ нам байгуулах уу. Одоогоор ямар бодол байна вэ?

-Их хүнд асуулт асууж байна. Нийгмийн төлөө зүтгэж байгаа бол ажлаа л чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ажилдаа дурлах юм бол аяндаа ажил нь дурладаг гэдгийг улстөрчдөд, улс төр сонирхож байгаа хүн бүрт хэлмээр байна. Эхний гурван жил бөөлжис цутгамаар муу хэлүүлнэ. Дараагийн гурван жилд нь арай гайгүй болоод ажиглаж эхэлнэ. Дараагийн гурван жилд нь нэлээд сонсож, хайрлаж эхэлдэг.

Харин дараагийн жилүүдэд хамгаалж эхэлдэг. Нийгмийн төлөө гэж байгаа бол урт хугацаанд өөрийгөө зориулах ёстой. Намчирхал, намын бүлэглэл, талцал, МАНАН-тай бол хатуу тэмцэнэ. Харин Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ болон өөр бусад холбогдох намыг дэмжиж ажиллана. Шинэ намуудад олон сэхээтэн бүрэлдэж байна билээ.

-Тэгэхээр та Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-Д элсэх магадлалтай юм байна шүүдээ?

-Би Хөдөлмөрийн үндэсний нам дээр очиж, Оюутолгой, Тавантолгойн асуудлаар яриа хийсэн. Нэг удаа клубт нь очсон. Сэхээтэн маш хүчирхэг, сайн залуучууд байна билээ. Намайг ард нь байдаг гэж ярьдаг. Тийм зүйл байхгүй. Би тэр залуусыг Монголыг авч явахаар сэхээтнүүд гэдэгт итгэлтэй байдаг.

-Та аль аймгийнх вэ?

-Би Баянхонгор аймгийнх. Дархан-Уул аймагт гурван настайдаа очсон. Илгээлтийн эзний хүүхэд шүү дээ.

-Таны аавыг инженер хүн байсан гэж сонссон?

-Миний аавыг ШБОС ,(шинэ бүтээл оновчтой санал – социализмын үед шинийг санаачлагч, шинэ зүйл бүтээхийг ингэж нэрлэдэг байсан) Сайнхүү гэдэг. Маш мундаг инженер хүн байсан. Би ааваараа бахархдаг. Аавынхаа хэмжээний хаана нь ч би хүрэхгүй.

-Таны ээж тогооч байсан?

-Миний ээж тогооч. Тэр хүн насаараа олон хүнийг хооллож, буян хийж явсны дүнд би түмэн олонд хайрлагдаж явж байна гэж боддог.

-Таныг ингээд бүх хүн таньдаг хэрнээ хувийн амьдралыг чинь сайн мэдэхгүй юм?

-Хувийн амьдралынхаа талаар яриад байх боломжгүй байдаг юм. Би гурван охинтой.

-Дахиад ам бүл нэмэх үү?

-Нэмэхийн төлөө л зүтгэнэ. Монгол Улс олон хүнтэй байвал хүчтэй байна гэсэн үг шүү дээ.

-Таныг хэн гэж хочилдгийг мэдэх үү?

-Баабар гуай бол намайг “хиншүү” гэж хочилдог. Парламентад орсноос хойш “үйлдвэрчний Ганбаа” гэж байгаад одоо бол “Босоо Ганбаа” л гээд байх шиг байна шүү дээ /инээв/. Миний сонссон юм нь л энэ байна.

-Танд аль нь таалагдаж байна?

-Бүгдээрээ л таалагдаж байна.

-“Хиншүү” нь хүртэл үү. Та ингэхэд феншүүгийн бизнесээ орхисон уу, үргэлжлүүлж байгаа юу?

-Орхисоон. Бизнес гэхээсээ илүүтэй хобби. Шашин биш Монголын байр зүйн ухаан юм. Миний хобби.

-“Босоо Ганбаа” бол УИХ дээр босож үг хэлдгээс гарсан байх?

-Би парламентад ороод хамгийн анх “Та бүхний энд суух бололцоог олгосон хүмүүсийг хүндэтгээд би өнөөдрөөс эхлээд босож ярина аа” гэж хэлсэн. Чуулганд ороол би өөрийнхөөрөө байна гэдгээ илэрхийлж байгаа Би бусдыг дуурайж, ухаантай царайлж, дуугүй байхыг ард түмэндээ юу ч хийдэггүй байхыг хүсэхгүй.

-Таны цас ухаж байгаа зураг бин. Сошиал орчинд нэлээд од болсон, анхаарал  татсан. “Цаана нь хар зам байхад, наана нь машинаа цасанд суулгачихаад цас ухаж байдаг яадаг муу популист вэ” гэж их шүүмжилсэн дээ?

-Энэ зургийг би тайлбарлаж хэлмээр байна. Намайг муулах юм бүр олдохгүй байна. баярлалаа гэж хэлье. М. Тэтчерийн хэлсэн үг байдаг юм даа. “Би дайснууддаа баярлаж байна, миний тавьж байгаа асуудал, улс орноо хөгжүүлье гэж байгаа гаргалгаанд хэлэх үг байхгүй учир хувь хүний минь асуудал руу дайрч байгаад баярлалаа” гэсэн байдаг.

Том хүний үгийг зээлж байгаа юм биш шүү. Би тойрог дээрээ сар бүр очиж ажилладаг. Энэ өвөл ч манай Дарханд цас их орлоо л доо. Тэр үед “Дэм дэмэндээ” гээд хоршооныхонтойгоо уулзсан. Ингээд замынх нь нөгөө талд байгаа 16 айлын үнээний фирм рүү явах замд цасанд суусан. Үнэхээр их цастай, замын хажуу руу гулгаж орчихоод, би ухаж байсан юм. Энэ хүрзээ хажуу айлын хэлгүй залуугаас гуйж авч ухсан. Манай багийнхан ч сайн ажиллаж цасыг ухсан. Хоцрох гээд байсан учир зургийг нь аваад “хоцрох нээ” гэдгээ фэйсбүүкээрээ дамжуулан мэдээлсэн.

Тэгээд энэ яриа гарсан л даа. Үнэхээр цас ухая гэсэн бол ойд очоол цас ухаал зургаа авахуулчихна шүү дээ. Гахай хариулдаг хүн гахайны тухай л боддог гэж үг бий. “Хөлсний алуурчин” нийтлэлчид өнөөдөр яг өөрсдийнхөөрөө л сэтгэж намайг албаар ингэж хэлж байна.

-УИХ-ын 2012 оны сонгуулиар та Хан-Уул дүүрэгт нэр дэвших гэж байсан. Гэтэл Лу.Болд гишүүн танд тэрбум төгрөг өгөөд Дархан руу явуулчихсан гэдэг?

-Миний тухай энэ болон өөрөөр ч ярьдаг. Цагдаа, мөрдөн, шүүх, прокурор гээд томилдог хүмүүсийг нь би шүүмжилдэг, тэдний эсрэг дуугардаг. Тэд намайг хянадаг. Би цэвэрхэн хүн. Би Дархан-Уул аймагт нэр дэвшинэ гэдгийг эцсийн мөч хүртэл дотроо л бодно.

Хан-Уул дүүргээс намайг их дэмждэг л дээ. МҮЭХ-ныхон маань Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлье гэдгийг ярьж байсан. Энэ ярианаас болж" ийм зүйл гарсан байх. Л.Болд гуай энэ талаар нэр төрөө сэргээхээр шүүх цагдаад нь өгөөсэй гэмээр байна.

-Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад зориулсан 85 айлын орон сууцыг та санаачилж, бариулж эхэлсэн. Ахмадууд урьдчилгаа 10 хувиа өгсөн байхад барилгынх нь нэг давхар баригдаад зогсчихсон. Гэтэл одоо ахмадууд барилгаа хүлээж чадах уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирээд байна. Үүнийг гишүүнээс заавал асууж өгөөч гэсэн юм?

-Үүнийг би сайн мэдэж байна. Эрүүл мэнд, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг маш сайн хийсэн. Мөн цэцэрлэг барих асуудалд их анхаарсан. Ахмадын орон сууц гэдэг бол аймгийн Захиргаанаас газрыг нь өгсөн юм билээ. УИХ-ын гишүүн хууль тогтоогч болохоос биш барилгын компанийн эзэн биш шүү дээ.

Энэ санаачилга гарч байхад би ахмадуудтай уулзаж хэлэхдээ “Танар барилгын компаниудтай сайн гэрээ хийгээрэй. Биднийг хуурлаа, мөнгөө өгч чадлаа, чадсангүй гэдэгт УИХ-ын гишүүн оролцохгүй” гэсэн. Харин миний хувьд ТОСК-ийн дарга Гантулгатай уулзуулж өгье гэж хэлсэн. Уулзуулж өгсөн. Үүнээс цааш гишүүний хийж чадах ажил, дэмжлэг дууссан л даа.

-Та сонгогчидтойгоо очиж уулзахаараа Оюутолгой ярьчихаад яваад өгдөг гэсэн шүүмжлэл байдаг гэж өмнөх зочин маань хэлж байсан?

-Дашаа хэлсэн байна билээ. Тэдний үгэнд хоёр талтай хандаасай. Дарханчууд маань өндөр дэмжлэгтэй хүлээж авдаг. Би хоёргүй сэтгэлээр хандаж ажилладаг. Тендер авчихсан юм шиг дуугүй байдаггүй, муу, сайнаа хэлүүлэн байж дуугардаг маань сонгогчдынхоо төлөө хийж байгаа ажил гэж боддог. Тэд маань л эцсийн дүгнэлтийг хийх байх.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танд яагаад дургүй байна?

-Ц.Нямдорж гуай надаа хайртай л байх гэж бодож байна. Би дараа үеийн нийгмийн зүтгэлтэн, улстөрч болох гэж яваа хүн шүү дээ. 25 жид улс төрд байгаа Ц.Нямдорж, Баабар нар бол хараагаал гаслаал баймаргүй л байгаа юм. 25 жил хууль зүйн салбарыг удирдлаа, энэ хүний л бүтээл шүү дээ. Засах гээд л явж байгаа хүнээ хараагаад явж байгаа нь буруу. Тэр хүн Гаагийн шүүх бол цэргийн шүүх болохоос Оюутолгойг өгдөг юм уу гэж ч мэдэмхийрж ярьж байсан. Манай Ц.Нямдорж гуай бол Дэлхийн II дайны тухай л кино үзсэн байна гэж хэлмээр байна. Миний өөрийн дүү Гаагад эдийн засгийн сургууль төгссөн юм. Гаагийн шүүхэд үндэсний аюулгүй, байдал, эдийн засагт ноцтой хохирол үүсэх тохиолдолд уул уурхайн асуудлыг өгч болдог. Их мэдэхийн дэмийрэл болоогүй гэж бодож ‘ байна. Тэр ухаантай хүн ойлгох биз ээ.

-Бид хоёрын ярилцлага дуусаж байна. Миний асуугаагүй үлдээсэн, таны хэлэхийг хүсэж байгаа зүйл байна уу?

-Хоёр зүйл байна. Намууд гишүүдээсээ битгий хэл, дарга нараасаа тасраад олигархийн бүлэглэл болчихоод байна. Гишүүдээсээ сонсож байж нам амьдарна. МАНАН өнөөдөр ухаан ороосой гэж залбиръя. Оюутолгой, Тавантолгойд толгой эргүүлсэн гэрээ хийж байхаар ард түмэнд хэдэн тэрбум доллараар зарж байгаа юм бэ гэдгээ тодорхой хэлээч.

Ботсваннагийн бартерийн гэрээ шиг юм хийеээ гэдгийг санал болгож байна. Долоон жилийн өмнө Оюутолгой дээр явуулж байсан. Мөн Бямбасүрэн гуайтай ярилцаж байхад сайхан үг хэлж байсан. 1911 онд 300 жилийн дараа Манжийн дарлалаас таван яамаа байгуулаад тусгаар тогтнолоо баталгаажуулсан.

Өнөөдөр харахад 300 жил Манжийн дарлалд тэссэн юмсан 30 жил мөнгөний дарлалд тэсэх үү, яахав гэдэг дээрээ тулж байна шүү дээ. Богд тэр үед дөрвөн том хутагтаа дуудаад Монголын маань ирээдүй ямар байх вэ гэдэг зурхайгаа зуруулсан байдаг. Тэр зурхайгаар их муу гарч байна гэхэд дахиад зур гээд 100 жилийн дараагаас арай гайгүй юм байна гэж гаргаж байсан. Түүнийгээ Богд лүндэгнэж буулгасан. Бямбасүрэн гуайгаар тайлбарлуулж байж ойлгосон л доо.

1990 оны цагаан морин жилд өөрчлөлт орно, гэхдээ бүрэн биш. 2012 онд бид тусгаар тогтнолоо алдах магадлалтай хүнд жил. Энэ жилийг өнгөрөөх юм бол 2016 оноос эхлээд Монгол орон босож эхэлнэ. 2021 оноос Монгол орон хүчирхэг улс болно гэж хэлж байсан. Би 2013 онд энэ тухай сонсож байсан юм. Өнөөдөр Оросууд европтой муудаж Ази руу хандлаа.

Хятадын эдийн засаг бидэнд таатай нөхцөл байдлыг үүсгэж байна. Хятад орж ирээд эзэлнэ гэж байхгүй. Харин бид өөрсдөө ухаалаг байх ёстой. Таван үйлдвэрлэлийнхээ бодлогыг барих ёстой, төр нь бизнес эрхлэгчдийнхээ болон ард иргэдийнхээ төлөөлөлтэй гурвалсан гэрээ хийж улс орноо урагшилвал Монгол Улс урагшилна гэдэгт би итгэдэг. Монгол орон үнэхээр сайхан болно.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж