Улаанбаатараас Увс аймгийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн “ПАЗ 4234” загварын автобус Архангай аймгийн Хотон сумын Цагаан сүм голын гүүрний хоёр метрийн өндөртэй далан руу унаж, осолдсон тухай бид өчигдөр мэдээлсэн.
Осолдсон автобусанд нийт 34 хүн зорчиж явсан тухай цагдаагийнхан мэдээлж байсан бол өнөөдөр Автотээврийн үндэсний төвөөс жолоочтой нийлээд 39 хүн байсан тухай мэдэгдлээ.
Одоогоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 хүнийг эмчлүүлж байгаа ажээ. Автобусанд хөл хүнд эмэгтэй байсан бөгөөд түүнийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгт хүргэжээ. Эмнэлэгт байгаа иргэдийн гэмтлийн зэрэг тодорхойгүй байна. Зорчигчдын дунд 0-4 насны зургаан хүүхэд байжээ.
Ослын талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Д.Батбаатар ярихдаа,
-"Өчигдөр 04:30 цагийн үед манай орон нутгийн автобусны хяналтын GPS Архангай аймагт унтарсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авч, асуудлыг тодруулахаар Архангай аймгийн авто тээврийн төвөөс мэргэжилтэн гарган ажиллуулахад, осолдсон мэдээ ирсэн. Тухайн автобус жолоочоос гадна 38 зорчигчтой явж байгаад осолдсон гэдэг мэдээлэл ирсэн учраас бид Улаанбаатар хотоос гарсан бүртгэл, постыг эргэн шалгасан. Учир нь Улаанбаатараас энэ автобус 30 зорчигч, хоёр жолоочтой гарсан. Гэвч 22-ын товчоо өнгөрөөд тэндээс 2-3 зорчигч нэмж авсан гэдэг мэдээлэл ирсэн. Энэ мэтчилэн 8 зорчигч замаасаа нэмсэн нь тогтоогдсон. Архангай аймгийн Авто тээврийн газраас автомашин гарган зорчигчдыг Увс руу тээвэрлэхээр болсон. Хэрвээ зорчигч асуудалгүй, Увс руу явмаар байна гэсэн санал гаргавал тэдгээр зорчигчдыг тээвэрлэж байгаа. Одоогоор Увс руу тээвэрлэсэн хүний тоо тодорхойгүй байгаа. Мөн ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар жолооч үүргэлсэн байж магадгүй гэж үзэж байгаа ч тэрээр эсрэг талынхаа урсгал руу орж, хоёр метрийн өндөр гүүрний эхэн хэсгээс далан руу унасан байсан. Тиймээс тухайн автобусны хөндлөн тяг хугарсан байх магадлал өндөртэй гэж харж байгаа. Жолооч нь В, С, D ангилалтай, 39 настай туршлагатай хүн байсан. Тэрээр осол гарах үед согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон" гэлээ.
Харин Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаярын мэдээлснээр тус автобус нь зургадугаар сарын 06-ны өдөр Увс аймгаас хөдөлж, зургадугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагийн үед нийслэлд иржээ. Ингээд эргээд дөрвөн цагийн дараа буюу 15.00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Увсыг зорих иргэдийг тээвэрлэн замд гарсан байна.
Олон хүний амь нас хариуцаж яваа хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүд хоёр ээлжийн жолоочтой байх ёстой ч осолдсон автобусыг нэг жолооч Увс-УБ-Увс гэсэн чиглэлд ганцаараа жолоодон явжээ.
Д.УУДАМ