Хүн энерги алдахгүйн тулд яах ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Хүн энерги алдахгүйн тулд яах ёстой вэ?

Нөхцөл байдал: Чи өөрийн байгаа байдал, энэ л амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Хүн бүхэнтэй хамгийн сайхнаараа л харьцаж, аль болох эерэг байхыг эрхэмлэдэг хүн. Тийм ч болохоор хүмүүс чамтай хамт байх дуртай. Гэтэл сүүлийн үед чамайг дагаад салахгүй байгаа нэг хүн өөдрөг бодлоос чинь аажим аажмаар сорж, өдөр бүрийг чинь бага багаар хямрааж байгааг чи мэдэрч эхлэв. Түүний амнаас ихэвчлэн чамайг эсвэл хэн нэгнийг гоочиилсон, ямар нэг зовлон шаналлын тухай эсвэл өөрт нь тохиолдсон уур бухимдал, бүтэлгүйтлийн тухай үгс гардаг. Уг нь тэр тийм ч муу хүн биш. Өрөвч, тусч, бусадтай байгаагаа харамгүй хуваалцдаг. Гэхдээ л түүнтэй хамт байх гэхээр өөдөөс урсах сөрөг цэнэгтэй үгсэд нь чи бүр ороогдчихдог. Түүнд байгаа ганц сайн найз нь чи гэж тэр байнга хэлдэг учраас чи дэргэдээс нь салж чаддаггүй. Мөн тэр чамтай хамт цагийг өнгөрүүлэх чин хүсэлтэй учраас хаа газар чамайг дагуулан явах юм уу байгаа газарт чинь хүрээд л ирдэг. Яах уу?

Сөрөг шийдэл:

1. “Эвий минь, уг нь их сайн хүн шүү” гэсээр ярьсан бүхнийг нь хүлээн зөвшөөрч, гомдоохгүйн тулд дэмжих. Ингэвэл чи өөрөө сүүлдээ яг тэр хүмүүсийн нэг болно. Сүүлдээ хамт байхад тээртэй санагдахаа ч больж, түүний ярьдаг юм бүхэн хэвийн санагдах нь уусч эхэлж байгаагийн шинж юм. “Намайг гээд байгаа хүнийг чинь яалтай билээ?”, “Надаас өөр сайн найзгүй, түших тулах хүнгүй юм шиг байна лээ”.

2. Хэл үггүйгээр гэнэт л зугтааж, илт цааргалж эхлэх нь ч бас тийм сайн шийдэл биш. Чамд өндөр найдлага тавьж байгаа бүсгүй тийм орхигдмол байдалд орвол угаасаа гутранги хүн учраас чамайг тун өөдгүйгээр л бодож хоцорно. Бас тэр хүн дутагдлаа мэдэхгүй хэвээрээ үлдэнэ. Тэгээд дараа нь та хоёр тааралдах болгондоо эвгүй байдалд орно.

Эерэг шийдэл:

1. Муу юм хүнийг өөртөө автуулахдаа амархан байдаг. Гэхдээ нөгөө талаас сайн зүйл ч бас эргэн тойрондохоо уусгахуйц хүчтэй. Хамгийн түрүүнд тэр өөрөө албаар өөртөө ийм араншинг бий болгоогүй гэдгийг ойлгоорой. Тэр бусдад сөргөөр нөлөөлж байгаа гэдгээ өөрөө ч мэдэхгүй яваа. Харин чи өөрөө л түүний нөлөөнд автахгүй байхад болно. Өөрийгөө “нар” шиг төсөөлж түүнийг яаж ч байсан гэрэл гэгээ цацруулахаа бүү зогсоогоорой. Асуудлыг шийдэх арга, өөдрөг байдал чинь алтны дэргэдэх гуулийг шарлуулж ч мэдэх юм.

2. Хэрвээ түүний дэргэд эерэг байя гэж хичээгээд ч үнэхээр чадахгүй цухалдаж, цаанаасаа л хамаг сайн сайхан бодрол үгүйрэн хоосордог бол сайн ярилцаж байгаад салсан нь дээр. Ингэхдээ эхлээд хүндэлж, үнэлж явдаг чанаруудыг нь хэл. Бид түүний сэтгэлийг шархлуулах зорилгогүй шүү дээ. Жишээ нь. “Би амьдралыг муугаасаа сайн нь илүү гэж боддог. Одоо миний хэлэх зүйл чамд хэтэрхий хувиа хичээсэн санагдах л байх. Гэхдээ хүн хүндээ их нөлөөлдөг. Чамд олон сайн чанар бий ч, чиний … зуршлууд чинь намайг ч бас амьдралыг сөргөөр харахад нөлөөлөөд байна. Би цаг хугацааныхаа ихэнх хэсгийг зөвхөн сайхан зүйлд зориулахыг хүсч байна. Хэрвээ чи ч бас ингэж хүсч байвал одооноос надтай хамт хичээх үү? Гэхдээ чамайг би заавал өөрчлөгд гээгүй юм шүү. Чамд одооны байдал чинь таалагддаг байж болно. Хэрвээ тийм бол битгий буруугаар бодоорой, би чамтай цаашид үргэлж хамтдаа байх боломжгүй байна. Тийм болохоор хэрэг гарсан үед холбоо барьж байгаарай.” Энэ үгний дараа тэр харааж зүхэн, уурлаж бухимдан, уйлж, чамд ямар их урам хугарч байгаагаа тоочиж ч болно. Гэхдээ ямар хариу үйлдэл үзүүлэх нь тийм ч чухал биш. Чи хийх ёстойгоо хийсэн. Өөрийнхөө сэтгэлзүйг хамгаалж үлдэх нь огтхон ч гэмшихээр, гэм буруутай зүйл биш.

Эх сурвалж: letter.everyday.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж