Мөнх галын орон буюу Ил хаант улсын нэгээхэн хэсэг
Азербайжан улсаар саяхан орж, Соёл хоорондын ойлголцлын Дэлхийн III чуулга уулзалтад оролцоод ирэв. Хамт явах байсан хүн маань их ажлын эрхээр үлдсэн тул миний бие ганцаараа Монголоо төлөөлөн уг чуулга уулзалтад явсан юм. Ямар ч гэсэн чуулганы төлөөлөгч 102 орны нэгд багтан алтан соёмбот далбаагаа манаж яваад ирлээ.
Эрт цагт энэхүү Мөнх галын орон Монголын Ил хаант улсын нэгээхэн хэсэг байсныг бас дурдах учиртай. Тэгэхээр XIII-XIV зууны үеийн Ил хаант улсын нутгийнхаа нэгээхэн сэжүүрээр дайраад ирлээ гэсэн үг л дээ.
Одоогоос 25 жилийн өмнө социализм хэмээх нэгэн завинд сууж, ижил хувь тавилангаар амьдарч байгаад ардчилалд шилжиж тус тусын зам мөрийг хөөснөөс хойш сураг ажиг багатай явсан Азербайжан улс байгалийн хий, газрын тосны арвин баялгаа зохистой ашигласныхаа үрийг амсч хөгжил сайтай орны нэг болжээ. Үндэсний мөнгөн тэмдэгт болох манат нь ам.доллартай бараг ижил ханштай, цөөн задгай мөнгөний л зөрүүтэй. Бараг л 1:1 гэсэн үг. Хүн ам нь 100 хувь бичиг үсэгтэй, Ядуурал маш бага, хүн амын ердөө 5 хувь нь л ажилгүй. Дэлхийд өрсөлдөх чадвараараа 200 гаруй орноос 38 дугаар байрт яваа, тун удахгүй Бүх Европын спортын наадмыг олимпийн наадамтай дайтай хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Түүнд Европ тивийн улс бүрийг төлөөлсөн 6000 тамирчин оролцож олон төрлөөр өрсөлдөх гэнэ.
Баку эртний их түүхт хот юм. Москва хот нэгэн цагт Кремлийн хэрэм дотор багтдаг байсан шиг Баку эрт дээр үед “Ичери Щехер” хэмээх 22 га талбай бүхий цайз дотор оршиж байжээ. Бидний төвхнөсөн “Four Seasons” зочид буудал их онцлогтой. Ялангуяа миний буусан өрөөний тал нь шинэ Бакуд, нөгөө хагас нь “Ичери Щехер”-т “харьяалагдана. Цонхоор харахад л цонхыг таллан хуваасан мэт хэрмийн гадна талд орчин цагийн цэвэр цэмцгэр хотын төрх, дотор талд эрт цагийн буурал түүхийн гэрч улаан, саарал бат бэх тоосгоор хийсэн Ислам маягийн бөмбөгөр оройт цамхгууд, хагас нурсан барилгууд харагдах ажээ. Шинэ, хуучин хотыг заагласан хэрэм өчигдөрхөн босгосон мэт цэмцгэр, өнгөлөг үзэгдэнэ. Үүнийг эртний түүхийн дурсгал гэж эхлээд төсөөлсөнгүй. Бүтэн сайн өдөр Бакуд очсон, даваа гаригт чуулган эхлэх тул “Ганц дайчин” эхлээд чуулганаас зохион байгуулсан хотын аялалд оролцож, орой нь ганцаараа явган аялалд гарсан юм. Үдэш буудалдаа эргэж ирээд хотын танилцуулгыг хартал жинхэнэ танан шигтгээ мэт түүхт газруудаар нь зөнгөөрөө явж үзсэнээ мэдэв. Энэ тансаг хот 5,5 мянган жилийн түүхтэй гэнэ.
Буудлын чанх дэргэдээс эхлэх эртний хэрмийг даган алхахад Каспийн тэнгисийн зүгээс чийглэг сэрүүн сэвшээ салхи үлээх нь нэн таатай. Алтлаг хийгээд ногоон өнгийг хослуулан үлгэрийн баатар Али-Бабагаар тойруулсан чамин содон усан оргилуур, тухлаг сэхээвчүүд, пирамид хэлбэрийн шилэн дээвэртэй метроны буудал, их, дээд сургуулиудын уран барилгын нарийн шийдэлтэй гоёмсог барилгууд, өргөн уудам замууд өөрийн эрхгүй хараа булааж амьсгал уужруулна. Байшин болгон ислам шашны бөмбөгөр орой, эсвэл гулдан хаалга, цонх, дорнын нарийн хээ угалзан чимэглэлтэй.
Нэгэн сонин цамхаг өөрийн эрхгүй анхаарал татаж, очиж үзвэл их эртний барилга бололтой. Мөн л буудалдаа ирж танилцуулгаас харвал бүр манай эриний өмнөх VII-VI дугаар зууны үед хамаарах “Охины цамхаг” гэдэг барилга бөгөөд Баку хотын бэлгэ тэмдэг аж. Эрт цагт 21 метрийн гүнээс ус татаж байсан аварга төхөөрөмж энд байжээ. Домогт өгүүлснээр нэгэн их хааны гүнж хайр дурлалаас болж эндээс үсэрч амиа егүүтгэсэн тул “Охины цамхаг” гэх нэрийг авсан юм байх.
Каспийн тэнгисийн хөвөөнд Азербайжаны асар том төрийн далбаа намирч харагдана. Төрийн далбаа нь ногоон, цагаан, улаан зурвастай, исламын бэлгэдэл болох сар, одтой. Буудлынхаа зүүн талаар ормогц дэлхийд нэртэй брэндийн барааны дэлгүүрүүд зах хязгааргүй эгнэнэ. Хувцас хунар, гутал, цүнх, гэр орны тавилгын гээд үй олон дэлгүүр нүд эрээлжлүүлэн үргэлжилнэ. Зах зухаар нь орвол 700-800 еврогоос үнэ ханш нь эхэлнэ. Азербайжанчууд ер нь дэгжин хүмүүс бөгөөд охид, бүсгүйчүүд, залуус нь голдуу брэндийн хувцас хунараар гангарсан харагдах аж.
Үдшийн бүрий болмогц эл гоёмсог хот үлгэрийн мэт тансаг өнгөнд хувирна. Мөнх галын орныг бэлгэдсэн “Галт цамхаг” хэмээх галын гурван дөлийг дүрсэлсэн орчин цагийн ихэр гурван өндөр шилэн байшинг шөнийн цагаар хараад ханамгүй. Лэд гэрлээр солонго татуулах энэ цамхаг хагас цагийн хугацаанд ажиглахад нэг өнгийг огт давтсангүй. Улаан, цэнхэр, ягаан, шар, улбар гээд солонгын долоон өнгөөр цацарч байснаа Азербайжаны төрийн далбаа тодорч, төрийн далбаагаар даллаж байгаа хүний дүрс болон хувирна. Тэгснээ мөнх галыг бэлгэдэн шатаж буй мэт час улаанаар ноцно. Энэ гайхамшигт үзэгдэл 21-24 цагийн хооронд үргэлжлэх ажээ.
Азербайжан гэдэг нь Галын орон гэсэн утгатай үг юм. Байгалийн хий, газрын тосоор арвин тул хийн орд өнгөн хөрс хэсэгт ойрхон зарим газар нь мөнх гал мэт оргилон асч байдаг гэнэ. Энэ дундаас Баку хотоос хойш 25 км-т орших Янардаг буюу монголчилбол Дүрэлзэн асагч уул хэзээ ямагт ноцон уугиж жуулчдын сонирхлыг татдаг ажээ. Дэлхийд цөөн хэдхэн тийм орд байдгийн дийлэнх нь Азербайжанд байдаг гэхээр үнэхээр л Мөнх галын орон юм. Уг уулыг 2007 оноос төрийн хамгаалалтад авч дархан цаазтай болгожээ. Тэнд бас гал шүтээнтнүүдийн сүм хэмээх шүтлэгийн газар байх агаад бөө, буддагаас эхлээд янз бүрийн шашныхан очиж зан үйлээ хийх нь ч байдаг гэнэ.
Азербайжанчуудын эртний өвөг дээдэс манайхан шиг хадны сүг зураг зурах дуртай байж. Бидний өвөг дээдэс голдуу буга, гөрөөс, араатан амьтад дүрсэлдэг байсан бол тэднийхэн хүн, нохой голлон зурдаг байсан бололтой. Эдгээр дурсгалын ихэнх нь Гобустан хэмээн Үндэсний түүх-урлагийн дархан газарт оршино.
Баку хотын ихэнх музей, галарей үнэ төлбөргүй, гадаадын хүнд бол цөөхөн манатаар үйлчлэх тул завтай болоод морьтойсон бол гэдэгчлэн арай тавиу хугацаагаар очсон бол яваад л, үзээд л баймаар санагдлаа.
ХХ зуун үзэл суртлын, харин шинэ зуун эв нэгдэл, ижилсэн ойртохын эрин юм
Баку хотын томоохон газар бүхэн тус улсын анхны Ерөнхийлөгч агсан Гейдар Алиевийн нэртэй. Олон улсын онгоцны буудлаас эхлээд хотын хамгийн тансаг байшин барилга, гудамж талбайг түүний нэрэмжит болгосон харагдана. Чухамхүү Гейдар Алиев, түүний хүү, одоогийн Ерөнхийлөгч Илхам Алиев нар ЗХУ-ын ердийн нэг Бүгд найрамдах улс асан Азербайжаныг тусгаар тогтносон цагаас нь удирдаж, өнөөдрийн нефть, хийн баялгаа бялхуулан өдрөөс өдөрт орчин үеийн тансаг өнгө төрхийг цогцлоож буй орон болгон хувиргасан нь ингэж олны хүндлэлийг хүлээхэд хүргэжээ.
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевийн санаачлагаар 2011 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа Соёл хоорондын ойлголцлын Дэлхийн чуулга уулзалтыг хийдэг болоод байна. НҮБ, ЮНЕСКО түүний байнгын хамтран зохион байгуулагч болдгоороо онцлогтой. Түүний гурав дахь удаагийнхад оролцохоор Каспийн тэнгисийг хөвөөлөн орших Баку хотод дэлхийн тэн хагасын төлөөлөл цугларчээ. 102 орны 500 илүү төлөөлөгч чуулсан гэхээр цэнхэр гаригийн тал хувийн төлөөлөл нэгэн дор цугларсан гэсэн үг. Олон орны Соёл, боловсрол, аялал жуулчлалын сайд нар, Парламентын төлөөлөл, сэтгүүлчид, шашны зүтгэлтнүүд Соёл хоорондын ойлголцол, энх тайван хэмээх орчин цагт нэн чухал сэдвээр 3 өдөр хөөрөлдлөө.
Хүзүүндээ бахим гинжин оосортой том алтан хэрээс зүүж, нэлмэгэр хар өмсгөл нөмөрч, өндөр цагаан малгай духдуулсан үнэн алдартны ширээт лам нар, цагаан нөмрөг хөдөрч, тарвасны иштэй талын оройг тайрч аваад хальсыг нь дагзандаа наачихсан мэт санагдах жижигхэн улаан тоорцогтой католик шашны хамбууд, өвч цагаан жанчтай ислам шашны мяндагтнууд төлөөлөгчдийн дунд олон байлаа. Яагаад ч юм энх амгаланг хамгийн түрүүнд тунхаглах учиртай Бурхны шашны улаан, шарыг тунаруулсан хуврагууд тэнд очсонгүй.
Дэлхийн улс орон бүр өөр өөрийн хэл, соёл, тус тусын шашин шүтлэгтэй. Шашин дотроо олон урсгалтай. Энэ дундаас зөрчилдөөн үүсч, бүр дайн дажин, үймээн самуун үүсэх нь ч бий. Үүнээс сэргийлж, соёл, зан заншил, шашин шүтлэгээ харилцан ойлголцож, ямар ахуй, уламжлал, сүсэг бишрэлтэйгээсээ үл хамааран бие биесээ хүндэтгэж, дэлхий дахинаараа энх тайван, эв найртай амьдарч дэлхий ертөнцөө тогтвортой хөгжилд хүрцгээе гэсэн уриагаар Баку хот тэр хэд хоногт амьсгалав. Чуулга уулзалт “Соёлоо харилцан ойлголцож, харилцан ойлголцсон ирээдүйгээ бүтээе” гэсэн уриатай байлаа.
Азербайжаны Ерөнхийлөгч агсан Гейдар Алиевийн нэрэмжит Соёлын төвд чуулганы нээлт болов. Дэлхийд нэртэй уран барилгач эмэгтэй Заха Хадидын төслөөр уг гайхамшигт ордныг сүндэрлүүлжээ. Ордныг алсаас харахад усан дороос цухуйн гарч ирж байгаа аварга загас, эсвэл хуйлран долгилж буй далайн давалгааг санагдуулна. Дөхөөд ажихад өндрөөс буух намуухан хүрхрээ мэт долгионтсон байгууламж агаад уг давалгаан урсан бууж, тэр чигээрээ гудамж, талбай болж, нэгэн цогцыг бүрдүүлсэн нь гайхамшигтай. Дотроо ч бас тийм эцэс төгсгөлгүй долгион давалгаан үелэн олон давхруудыг үүсгэжээ. Ордны өмнөх нов ногоон зүлгэн дээр улаан, шар, цэнхэр, ягаан туулайнууд, зулзгаа дагуулсан эмгэн хумсуудын өхөөрдөм хөөрхөн баримлуудыг томоор хийж тавьсан нь амар амгалан, хайрлаж энэрэх сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Эдгээрийг үйлдсэн эд нь хуванцар шиг харагдах авч нано технологиор гаргаж авсан цоо шинэ материал гэнэ лээ.
Эндээс нэг зүйл өөрийн эрхгүй бодогдов. Манай аль ч сумын төвийн зэргэлдээх хоёр мухлагийн орой дээр өөр өөр намын туг намирч, тамхи тариа авахаар очсон нөхөд голд нь суучихаад хий дэмий улстөржиж цаг заваа үрж суудаг. Тэгвэл өөдлөн хөгжиж байгаа айлд улс төрийн “үнэр” ч үгүй бөгөөд ийм хөөрхөн баримал, музей, үзвэр, иргэдийн амарч тухлах газрууд, түүх дурсгалаараа олны нүдийг баясгах ажээ. Үгүй ядахдаа л шатаар өгсөж буухдаа бариулаас нь атгахад бүлээхэн. Бариул дундуур нарийхан хоолой гүйлгэн дулаан дамжуулж бүлээцүүлсэн байх нь цэв хүйтэн зүйл нэг ч үгүй, дандаа амьтай мэт эерэг мэдрэмж төрүүлнэ.
Бидний чуулсан уулзалтад өдгөө харилцан сөргөлдөж, бас дайн самуун хийлцэж буй улс орны төлөөлөл байсан ч элдэв зөрчил, улс төрийн “үнэр” огт байсангүй. Оросууд украинчуудтай, бас нутгийнхаа “Уулын Карабах” хэмээх 20 хувийг хөрш Армяндаа алдан эх орноо хоёр тасархай хэсэгт хуваалгачихсан азербайжанчууд ч мөнөөх зэргэлдээ айлынхаа төлөөлөлтэй зэрэгцэн суугаад энх тайвны асуудал хэлэлцэж байлаа.
Нээлтийн үгийг мөнөөх үелсэн давалгааныг санагдуулам ордондоо Азербайжаны эрхэм Ерөнхийлөгч Илхам Алиев хэлэв. Азербайжан нь Ази, Европын зааг, Исламын болон Христийн шашны огтлолцол дээр оршдог, иргэдийн 90 хувь нь ислам шашинтай ч бусад олон шашны номлолыг дагагчид тус тусын сүм хийдийг байгуулан эрт цагаас эв найртай зохицон амьдарч иржээ. Энэ бол Азербайжаны үнэт зүйл болохыг Илхам Алиев онцолж байлаа. “Дэлхий дахинд эв зохицол хэрэгтэй. Азербайжан бол Исламын ертөнцийн нэг хэсэг боловч Европын соёл нэвтэрч орсон орон. Баку хот олон шашин, олон соёлын нийслэл юм. Манай улс шашин, соёлын ялгаа, хагарлыг тэвчиж болшгүй зүйл гэж үздэг Соёл, шашин өөр гээд бие биеэ үзэн ядах ёсгүй. Шашин, үндэстэн ястны хооронд хагарал байж таарахгүй. Нарийн яривал бүх соёл хоорондоо холбоотой, шашин болгон хүний сайн сайхны төлөө үүссэн. Дэлхийн энд тэнд үндэстэн, ястан, соёл, шашин, зан заншлын ялгаанаас болж харгарал тэмцэл гарч байна. Ийм байж болохгүй. Үүнд бүс нутгуудын хамтын ажиллагаа чухал. Эх орондоо хайртай хүн бусад улс орон, ард түмнийг бас хайрладаг” хэмээн тэрээр уриалсан юм.
Ердөө л халбага давирхай торхтой зөгийн балыг ээдүүлнэ гэгчээр харгис түрэмгий, дайн өдөөгч хэсэг дэлхийн хүн амын шалихгүй хэсгийг эзэлдэг атлаа үймээн самуунд автуулж дөнгөж байна. Үүнийг эвийн хүчээр зохицуулж болно. Ухаалгаар харвал уулын чинээн харыг туулайн чинээн цагаан дийлнэ гэсэн үгийг төлөөлөгчид хэлж байв.
Эртний Монголын нийслэл Хархорумд ч таван хэлийн улс хөлхөж, өөр өөр шашин эв найртайгаар зохицон байсныг бид түүхээс мэдэх билээ. Чухам энэ байдал өнөөгийн ертөнцөд тулгамдаад байгааг энэ чуулганаас анзаарч болохоор байлаа. Өнгөрсөн ХХ зуун үзэл суртлын зуун байж анги, нам, үзэл суртлаараа талцан тэмцэлдэж байсан. Харин шинэ ХХI зуун эв нэгдэл, ижилсэн ойртохын эрин юм гэдгийг төлөөлөгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм.
Исламын орны эмэгтэйчүүд монгол бүсгүйчүүдээс өмнө тэгш эрхээ тунхаглажээ
Исламын шашин эмэгтэйчүүддээ харгис, бурангуй ханддаг гэсэн үзэл маань жаахан ташаа байсныг энд ойлгов. Азербайжан мусульман шашинтай орон. Бүр 1918 онд анхны Исламын Бүгд найрмадан улсыг тунхаглаж эмэгтэйчүүддээ тэгш эрх олгосныг Ерөнхийлөгч Илхам Алиев нээлтийн үгэндээ дурдав. Түүхийн номуудад нь ч тэгж бичсэнийг олж үзлээ. Монгол бүсгүйчүүд 1924 оны Үндсэн хууль батлагдсанаар тэгш эрхээ тунхагласан бол Азербайжаны “гивлүүрт” хүүхнүүд даруй зургаан жилийн өмнө тийм эрхээ олсон байх нь. Европын зарим орноос ч өмнө эмэгтэйчүүддээ тэгш эрх олгосноороо Азербайжанчууд бахархдаг юм байна.
Гудамж, талбайгаар алхах зуур анзаарч байхад эрчүүд нь эхнэр, хүүхэддээ их халамжтай юм. Тэрэгтэй хүүхдээ түрсэн, гэргийнхээ цүнхийг барьсан харчууд энд тэндгүй. Уламжлалт гивлүүрээ нөмөрсөн бүсгүй өдрийн од мэт ховор. Ер нь ч ислам шашны голлох орнууд цөлд оршдог, эрт цагт элчилгүй цөлийн элсэн шуурган дунд нүүдэлчин омгийнхон гивлүүр, нөмрөггүй явна гэдэг төсөөлөхөд ч хүнд зүйл байсан биз ээ. Суурьшмал болсон хойноо энэ нь үндэсний соёл болоод үлдэж. Тэгээд ч ислам шашныхан нялх хүүхэд, хүүхнүүдийнхээ нүүр царайг хөндлөнгийн хүний нүдний хор, муу эрчим хүчнээс ихэд хамгаалдаг юм шиг бодол өнгөрсөн жил Тажикстанд очоод төрсөн. Танихгүй хүнтэй зөрж өнгөрөхдөө ээжүүд хүүхдийнхээ нүүрийг гараараа тагладгийг тэгэхэд анзаарсан юм.
Аль ч шашинд мухар сүсэглэг, харгис, бурангуй урсгал байдаг хойно тэрхүү эртний уламжлал, соёлыг эмэгтэйчүүдээ дарлах, дарамтлах хэрэгсэл болгосон газар, тийм урсгал ч бас байж л байх. Дээхнэ үед Монголд ч бүсгүй хүн баганаас дээш гарах эрхгүй байсан гэдэгтэй агаар нэгэн шахуу юм даа.
Соёл, аялал жуулчлалын эдийн засгийг шинээр хөгжүүлэх цаг ирлээ
Заагийг нь алхаад 15 жилийн нүүрийг үзэж буй XXI зууны эдийн засгийн том салбар нь аялал жуулчлал гэдгийг чуулганы үеэр онцоллоо. Энэ салбар 2010 оноос хойш эрчимтэй хөгжих төлвийг олжээ. Өдгөө дэлхийн хэмжээнд ганцхан хоногийн дотор 3 сая хүн аялж жуулчлахаар аль нэг улсын хилийг алхдаг болсон байна. Энэ тоог Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Амр Абдел-Гаффар хэлсэн юм. Тажикстаны төлөөлөгч “Хүн төрөлхтөн бол нэг л организм юм. Хүн төрөлхтөний аль нэг хэсэг дайн дажны хөлд нэрвэгдвэл хүний аль нэг эд эрхтэн өвчилсөн шиг дэлхий нийтээрээ өвдөх тийм нийтлэг эрин ирээд байна. Будда, Христ, Мусульман шашин бие биеэ хүндэтгэн зэрэгцэн орших ёстой. Шинэ зуун бол соёлт хүн төрлөхтөний ойлголцлын зуун юм” гэж байлаа.
Төлөөлөгч орнуудын Соёл, аялал жуулчлалын сайд нарын уулзалт дээр орон орны сайд нар “Дэлхий даяар аялал жуулчлал хүчээ авч, хүмүүс шинэ улс орныг үзэж нүд тайлахыг улам ихээр хүсэх боллоо. Өмнө нь хүмүүс хэзээ ч өнөөгийнх шиг ингэж ихээр аялж жуулчилж байсангүй. Аялал жуулчлал өнөөдөр эдийн засгийн маш хурдтай хөгжиж буй салбар болов. Жилд олон зуун сая хүн аялж байгаагийн дотор 5 хүртэлх насны олон хүүхэд байна. Энэ салбар дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн үндэс болж байна. Аялал жууллчлалаас улс орнууд их мөнгө олохгүй ч хүмүүсийг ойртуулж нөхөрлүүлдэг. 2015 оноос хойш дэлхий ертөнц соёл, аялал, жуулчлал харилцан ойлголцол дээр нягтарч хөгжих ёстой. Соёлын эдийн засгийг шинээр хөгжүүлэх ёстой.
Аялал жуулчлал бол харилцан ойлголцол, танин мэдэхүйн хүчирхэг зэвсэг юм. Бас бие биеэ үл ойлгохын хязгаарыг давах хэрэгсэл юм. Аялал жуулчлал зөвхөн энх тайван нөхцөлд л хөгждөг. Аялагчид бол бусдын соёл, зан заншилд нүд нээж, ойлголцол, эв нэгдлийг тээгчид юм. Нэгнээ таньж найз нөхөд болсон хүмүүс хэзээ ч өөд өөдөөсөө буу барьж аллага, хядлага үйлдэхгүй.
Харилцан ойлголцлын нэг чухал суурь нь сайн боловсрол юм. Соёл бол ард түмнүүдийг нэгтгэгч гүүр юм. Дэлхий дээр олон соёл байдаг ч бид ганцхан цэнхэр ертөнцийн иргэд шүү гэдгийг газар газрын төлөөлөгчид хэлж, сөргөлдөөн, мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахад ухаан хэрэгтэй гэдэг дээр нэгдэцгээв.Харамсалтай нь дэлхий дээр экстремизм, харгис суурь үзэл байсаар байгааг халж, 2015 оноос хойш дэлхий ертөнц тогтвортой энх амар хөгжлийн замаар замнах учиртайг төлөөлөгчид онцолж байлаа. Ихэнхдээ боловсрол тааруу, ядуу, бичиг үсэггүй хүмүүс шашны хэт даврагчид, харгис хүчний олз болж, мөргөлдөөн сөргөлдөөний золиос, тэдний гар хөл болдгийг олон орны төлөөлөгчид хэлнэ билээ.
Үүний тулд залуу үеэ боловсролтой, хүмүүжилтэй өсгөж дэлхий хэмээх ганцхан гэрт хамтдаа амьдарч буйг ухааруулж, тэднийг хариуцлагатай, бие биедээ хзндэтгэлтэй ханддаг болгон өсгөх ёстой. Үүний суурь үндэс нь боловсрол юм гэдгийг мөн хүлээн зөвшөөрцгөөв. Үүнд шашин ч гол нөлөө үзүүлнэ. Шашин бол идэвхгүй номлогч бус соён гэгээрүүлэгч байх ёстой гэснийг манай бурхны шашны лам хуврагууд ч сэхээрч анзаараасай гэж бодлоо. Бас соёл, аялал жуулчлал нь салшгүй салбар гэдгийг хэлцгээж байсан. Эндээс харвал энэ хоёр салбар Монголд зайлшгүй нэг яам болж бодлогоо хөгжүүлэх цаг болжээ. Чуулганд оролцсон улс орнууд ч дийлэнх нь Соёл, аялал жуулчлалын яамтай нь харагдаж байв.
Соёл, аялал жуулчлал, боловсрол өнөөдөр дэлхийг нэгтгэх салбар болсныг чуулга уулзалтаас бүрэн харж болохоор байлаа.
Даяаршил гэдэг нь даган хавтгайрах бус өөр өөрийн өвөрмөц соёл, сүсэг бишрэл, зан заншлаа хадгалан ойлголцож, эв эеэ сахиж эвлэлдэн амьдрахыг хэлнэ гэж эндээс ухаарсан бөлгөө. Даяаршлын үед хамтын хөгжил чухал, харин экстремизм, бие биеэсээ давах гэсэн хийрхэл хэрэггүй, хэн нэгийг ялгаварлан гадуурхахын эсрэг, нийтлэг аюулгүй байдлын төлөө зогсох ёстой гэдгийг чуулган тунхаглалаа.
Бас эртний их Торгоны замыг сэргээж өнөөдөр эдийн засгийн эргэлтийн нэгэн том салаа салбар болгох ёстой гэсэн саналыг дэвшүүлцгээв. Ийм сэтгэгдэлтэйгээр эв нэгдэл, найрамдлын чуулганаас эх орондоо эргэж ирлээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ