Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туг болон Бүх цэргийн хар туганд хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол Энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал юм. Иймээс улс орныхоо аюулгүй байдлыг улс төр- дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Мөн улс орноо сурталчлан таниулах, цэргийн алба хаагчдаа бүх талаар хөгжүүлэх, туршлагажуулах, зэвсэг техникээ шинэчлэн сайжруулах үйл хэрэгт нааштай үр дүн авчирсаар байгаа” гэдгийг ЗХЖШ-ын удирдлагууд онцолсон байна.

Манай улсын цэргийн бие бүрэлдэхүүн энэ удаад олон үндэстний Мармал баазын аюулгүй байдлыг хангах үүргийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт гүйцэтгэх юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж