1971 он-миний шпагетти жил.
1971 онд би амьдрахын тулд шпагетти хийж, шпагетти хийхийн тулд амьдарсан гэхэд болно. Хоолны савнаас дэгдэх уур хөөр бахдал төрүүлж, хайруулан тавган дээр пор пор буцлах улаан лоолийн сүмс надад амьдрах итгэл нэмдэг байлаа.
Би гэж хүн гал зуухны хэрэгслийн төрөлжсөн дэлгүүрээр хөлөө эцтэл эргэлдэж хүссэн хэмжээгээр гоймон чанаж болох том тогоо, гал зуухны цаг хэмжигч, гадаадууд ихэвчлэн ордог хүнсний дэлгүүрээс элдэв янзын амтлагч, ахиухан улаан лооль базааж авна. Номын дэлгүүрээс шпагеттины жорын ном сонгохоо ч мартаагүй. Гарт таарсан шпагеттины гоймон бүрийг худалдан авч, одоогоор хүнд мэдэгдээд буй бүхий л төрөл зүйлийн сүмсийг туршиж үзсэн гэхэд хилсдэхгүй. Давчуухан сууцны маань өнцөг булан бүрт сонгино, сармис, оливын тосны таатайхан үнэр анхилсан нэгэн зүйлийн өвөрмөц манан хөшиглөж, хана, шал, адар, хувцас, ном, хуурцаг, теннисны цохиур, хуучин захидлуудад маань зугуухан нэвчин шингэдэг байлаа. Эртний Ромын ус сувгийн байгууламжаас л нэг ийм үнэр ханхалдаг байсан биз.
Гэвч өгүүлэх түүх маань манай эриний 1971 оны Шпагетти жилийн явдал билээ.
Би шпагеттигээ ганцаараа идэх дүрэм баримтална. Яагаад ч юм шпагетти ганцаараа идэхэд хамгийн тохиромжтой хоол шиг санагддаг байв.
Энэхүү нэг янзын зоогоо хүртэхдээ заавал өргөст хэмх, шанцайтай энгийн саладаар хачирлан, цайгаар даруулна. Ийм зорилгоор цай, өргөст хэмхээ ч ахиухан бэлдээд тавьчихна. Ширээн дээрээ бүхнийг нямбайлан өрөөд хоолоо айвуухан идэнгээ сонин гарчиглаж суудаг байлаа. Нямаас бямбын хооронд Шпагетти өдрүүд ээлж дараалан хөвөрч ням гараг бүр цоо шинэ Шпагетти долоо хоног эхэлдэг сэн.
Шпагеттигээ идэхээр ширээний ард ганцаар суух тоолонд, ялангуяа бороо зүсэрсэн үдшээр хэн нэгэн манай гэрийн хаалгыг хариугүй тогших нь гэсэн төсөөлөлд автдаг байв. Өдөр бүр өөр өөр айлчдын цуваа тасрахгүй. Заримдаа зүс мэдэх нэгэн, заримдаа ч ор танихгүй этгээд, нэг өдөр дунд сургуульд болздог байсан нарийхан хөлтэй охин, нөгөө өдөр хэдэн жилийн өмнөх би өөрөө айлчлах жишээний. Бүр Женнифер Жонесыг гар дээрээ өргөж тэвэрсэн Уильям Холден хүртэл зогсож байна гээч.
Тийм ээ, Уильям Холден шүү.
Тэдний хэн нь ч гэвч гэрт маань хөл тавиагүй ээ. Амьдралд нэвтэрч чаддаггүй дурсамжтай адил хаалганы цаана хэсэг эргэлдэж байгаад хаалгыг маань тогшиж зүрхлэлгүй яваад өгцгөөнө.
* * *
Хавар, зун, намаржин би өш авах мэт уйгагүйгээр өнөөх ганц хоолтойгоо зууралдсаар л байв. Хайртай хүндээ хаягдаж, ганцаардсан охин азгүй дурлалын захидлуудаа гал руу чулууддаг шиг би гоймонг атга атгаар ар араас нь буцалж буй халуун устай тогоо руу шидэлдэг байв.
үргэлжлэл: tagtaapublishing.mn