ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /VI.10/ Итали улсад айлчлалаа эхлүүлээ. Владимир Путин Миланд Италийн ерөнхий сайд Матье Рензитэй уулзаж, олон улсын үзэсгэлэн экспог үзэхээр төлөвлөсөн аж. Түүнийг дагалдан Оросын Гадаад худалдааны банкны (ВЭБ) захирал Владимир Дмитриев, “Роснефт” компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин зэрэг бизнесменүүд Миланд иржээ.
Владимир Путины айлчлал Европын холбооны чуулга уулзалтаас хоёр долоо хоногийн өмнө тохиож байна. Европын холбооны саммитаар /VI.25-26/ ОХУ-ын эсрэг хоригоо сунгах эсэхийг шийдвэрлэх аж. Гэхдээ Италийн ерөнхий сайдын оролцсон “Их долоон” орны чуулга уулзалтын үеэр Украины зөрчил хурцадвал ОХУ-ын эсрэг шинэ хориг тавьж магадгүйг лидерүүд анхааруулсан билээ. ОХУ-ын эсрэг Европын холбооны эдийн засгийн хоригийн хугацаа ирэх долдугаар сард дуусах юм.
Италийн гадаад хэргийн сайд Паоло Жентилони “Итали улс АНУ, Европын холбоотнууддаа үнэнч байхын зэрэгцээ ОХУ-тай онцгой харилцаатай хэмээн” Украины асуудлаар “Corriera della Sera” сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Барууныхан ОХУ-ыг Украины зүүн хязгаарын зөрчилд хөндлөнгөөс оролцож, салан тусгаарлагчдыг дэмждэг хэмээн буруутгасан бол эсэргээрээ Москва тэднийг Киевт төрийн эргэлт хийсэн хэмээсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Будапешт хотноо айлчилж, Унгар ОХУ-ын харилцааг бататгахыг хичээсэн юм. Гэхдээ Европын холбооны саммитын үеэр Унгар улс ОХУ-ын эсрэг хоригийг сунгахаас татгалзах эсэх нь эргэлзээтэй.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters