Малайзын холбогдох байгууллага Кинабалу ууланд нүцгэлсэн, уулын орой дээр “морь харсан” хэргээр 38 настай европ залууг баривчилжээ. Түүнийг нийгмийн хэв журмыг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа аж. Тус улсын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт 400 ринггит буюу ойролцоогоор 106 ам.долларын торгууль ногдуулдаг байна.
Орон нутгийн “The Star” сайтад мэдээлснээр өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Кинабалу уулын оргилын орчимд нүцгэн зургаа авхуулсан гадаадын арван жуулчны нэг нь уг залуу бөгөөд Филиппин рүү явах гэж байгаад хотын нисэх онгоцны буудлаас баривчлагджээ.
Дэлхийн өвд бүртгэгдэж, уулчдын дунд ч нэлээд алдартай Кинабалу уулыг Сабах мужийн уугуул иргэдийн үеэс догшин сахиустай хэмээн тахин шүтэж иржээ.
Энэ сарын 5-нд Кинабалу уулсын орчимд 6.0 баллын хүчтэй газар хөдөлж, хөрсний нуралт үүссэн юм. Улмаар энэ үеэр 16 хүн амиа алдаж, хоёр хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа. Ийнхүү газар хөдлөлт болсныг нутгийн иргэд догшин сахиустай уулынх нь оройд жуулчид нүцгэлж, зүй бус үйлдэл гарган уулын сахиусыг хилэгнүүлснээс болсон хэмээн үзэж байгаа аж.
Т.АНУ