ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Италийн “Il Corriere della Sera” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Ярилцлагыг товчлон хүргэж байна.
Оросын ерөнхийлөгч тус сонины эрхлэгч Лусиано Фонтанад шинэ албан тушаалд нь баяр хүргэснээр ярилцлагаа эхлүүлжээ. Владимир Путинтэй “Il Corriere della Sera” сонины эрхлэгч Лусиано Фонтана, орос хэлтэй сэтгүүлч Паоло Валентиногийн хамтаар ярилцжээ.
Лусиано Фонтана: -ОХУ, Италийн харилцаа эдийн засаг болоод улс төрийн төвшинд үргэлж ойр байж ирсэн. Гэвч Украины хямрал, ЕХ-ны Москвагийн эсрэг эдийн засгийн хориг зэрэг хүчин зүйл харилцаанд нөлөөлөх тал бий. Тэгвэл Италийн ерөнхий сайд Матье Рензийн ОХУ-д, таны Миланд хийж буй айлчлал чиг хандлагыг өөрчилж чадах болов уу? Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ?
Владимир Путин: -Юун түрүүнд манай улс болон ЕХ-ны орнуудын харилцаа муудсанд ОХУ буруугүй гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ бол бидний сонголт байгаагүй, холбоотон орнуудын албадлага байсан. Худалдаа наймаа болон эдийн засгийн үйл ажиллаанд хязгаарлалт тавьсан нь бид биш шүү дээ. Бид өөрсдийгөө хамгаалах, хариу барих арга хэмжээ авсан төдий. Гэхдээ ОХУ, Италийн харилцаа үргэлж улс төр, эдийн засгийн төвшинд давуу эрхтэй байсаар ирсэн. Жишээлбэл, сүүлийн хоёр жилд манай хоёр орны худалдаа наймаа 4.2 тэрбум ам.доллараас 11 дахин өссөн. ОХУ-д Италийн 400 компани үйл ажиллагаа явуулж байна. Бид эрчим хүчний салбарт идэвхитэй хамтарч ажилладаг. Итали улс бол манай эрчим хүчний нөөцийн хэрэглэгч гурав дахь том орон. Бид бас сансрын болон нисэх онгоцны үйлдвэрлэл зэрэг бусад олон салбарт нэжгээд тооны, өндөр технологийн төслүүдэд хамтарч байгаа. Өнгөрсөн жил Оросын бараг нэг сая орчим жуулчин Италид аялсан байна. Бид улс төрийн хүрээнд итгэлцэлд суурилдаг. ОХУ-НАТО-гийн зөвлөл байгуулахад Италийн тухайн үеийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн идэвхи санаачлага их байсан. Энэ бүхэнд үндэслэвэл манай хоёр орны харилцаа онцгой юм. Түүнчлэн Италийн ерөнхий сайдын ОХУ дахь айлчлал эдгээр харилцааг хөгжүүлэх эрмэлзлэлийг харуулсан чухал мессеж болсон. Мэдээж бид Италийн талын хүссэнчлэн хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхэд бэлэн. Миланд хийж буй миний энэ удаагийн айлчлал ч үүнд дэм болно гэдэгт итгэлтэй байна.
Лусиано Фонтана: -Италийн талаар ахин нэг зүйл асуумаар байна. Та Италийн сайд нарын зөвлөлийн өмнөх дарга Романо Проди, Сильвио Берлускони, Массимо Д’Алема, одоогийн дарга Матье Рензи нарыг мэднэ. Алинтай нь та илүү сайн ойлголцдог вэ? Таны бодлоор хэр дотно хувийн харилцаатай вэ? Сильвио Берлускони та хоёрын дотно нөхөрлөл хоёр орны сайн харилцаанд хувь нэмрээ оруулж байсан шүү дээ.
Владимир Путин: -Ямар албан тушаалтай, ямар ажил хийдгээс үл хамааран бид бүгд адилхан хүн. Итгэлцэл бол хоёр улсын хоорондын харилцаанд маш чухал. Таны нэрлэсэн хүмүүсээс би Берлускони, Проди хоёртой анд нөхрийн харилцаатай. Миний хувьд энэ хэцүү зүйл биш. Яагаад гэвэл Италийн хамтрагчид маань үргэлж улс орон, ард түмнийхээ ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьдаг. Энэ нь сайн харилцааны гол элемент юм. Би үргэлж дотоодын улс төрийн нөхцлөөс үл хамаарсан хоёр орны хооронд чин үнэнч ашиг сонирхолыг байгуулахыг зорьдог.
Паоло Валентино: -Ноён ерөнхийлөгч өө, Миланд болж буй олон улсын үзэсгэлэн экспогийн үеэр “ОХУ-ын өдөр” зохиогдож байна. Энэ жилийн үзэсгэлэн “Дэлхийг тэжээх, амьдралын эрчим хүч” сэдэвтэй явагдаж буй. Үүнд ОХУ-ын оруулж буй хувь нэмэр юу вэ?
Владимир Путин: –Энэ бол өнөө цагт хүн төрөлхтний өмнө тулгарсан бас нэг асуудал. Тиймээс ч Италийн зохион байгуулагчид энэ утга санааг сонгосон байх. Дэлхийн хүн ам өссөөр байна. Судлаачдын хэлж буйгаар 2050 он гэхэд хүн ам есөн тэрбум хүрнэ. Гэвч өнөөгийн нөөц баялагаар тооцвол дэлхийн хэмжээнд 850 сая хүн хүнс тэжээлийн дутагдалд орох буюу өлсгөлөнд нэрвэгдэнэ. Тэдний 100 сая нь хүүүхэд байна гэдгийг НҮБ хэлж буй. Энэ бол бидний үед тулгарч буй бэрхшээлтэй асуудал гэдэг нь маргаангүй. Бусад олон асуудал бидний юу хийхээс хамаарахгүй мэт санагдаж байна… Би бүс нутгийг хамарсан улс төрийн тогтворгүй байдал, терроризм гэх мэтийг ярьж байна л даа. Энэ бүх асуудал харилцан уялдаа холбоотой. Өнөөдөр Итали, Европыг зорих болсон хууль бус цагаагчдын урсгал дээрх асуудлуудын үр дүнд бий болсон.
Үзэсгэлэнг зохион байгуулагчид зөв сэдвээ хөндсөн гэдгийг дахин онцолмоор байна. НҮБ-ын хөтөлбөрөөр дамжуулан ОХУ 200 сая ам.долларын нэмэр хандив өргөсөн. Эдгээр төсөл хөтөлбөр Оросын нөөц баялгийг ашиглан, дэлхий дахины олон оронд шаардлагатай тусламж дэмжлэгийг дамжуулан хүргэж буй. Бид хөдөө аж ахуйн хөгжилд их анхаарал хандуулдаг. Оросын эдийн засагт учраад буй бүх саад бэрхшээлээс үл хамааран хөдөө аж ахуйн салбар, түүний бүтээгдэхүүн үйлдвэрлэл хурдацтай өссөөр байгаа. Өнгөрсөн жил хөдөө аж ахун салбарын өсөлт 3.4-3.5 байсан бол энэ жилийн эхний хагаст өсөлтөө хадгалж үлдсэн байна. ОХУ өдгөө дэлхийн үр тариа экспортоор тэргүүлэгч гуравдагч орон болжээ. Өнгөрсөн жил бид 105.3 сая тонн үр тарианы ургац авснаар дээд амжилт тогтоосон. Эцэст нь хэлэхэд, ОХУ энэ их хэмжээний нөөц боломжийг бүрдүүлж чадсан. Бидэнд хамгийн том тариалангийн талбай, хамгийн том цэвэр усны нөөц байдаг гэж боддог.
Паоло Валентино: -Бидний харилцааны сүүдэртэй талын талаар ярья. Та “Энэ бидний сонголт байгаагүй” гэж хэлсэн. Гэвч ОХУ яг л нууц амрагтаа хаягдсан мэт Европоос орхигдож, урвалтыг мэдэрсэн гэж ярьж байна. Одоо бидний харилцааны гол бэрхшээлтэй асуудал юунд байна вэ? Украины хямралд Европ АНУ-аас дэндүү хамааралтай байна гэж та бодож байна уу? Хоригтой холбоотойгоор Европоос юу хүлээж байна вэ..? Уучлаарай, би нэг дор дэндүү олон асуулт асуучих шиг боллоо.
Владимир Путин: Та нээрэн олон асуулт асуулаа. /инээв/. Эхлээд нууц амрагийн тухай ярья. Эмэгтэй хүнтэй энэ төрлийн харилцаанд та өөрөө хариуцлагагүй байсан бол хамтрагчаасаа ямар нэгэн хариуцлага нэхэх эрхгүй. Бид Европт хэзээ ч нууц амраг шиг хандаж байгаагүй. Бид харилцаандаа нухацтай ханддаг. Харамсалтай нь, өнөөдөр Европ өөрсдийн ашиг сонирхлын төлөө материаллаг байдалд тулгуурласан харилцаа тогтоохыг хичээж буй мэт харагдаж байна. Тэд Европын зах зээл дээр одоо хэрэгжиж буй бүх гэрээ хэлцлийг үл тоон, манай эрчим хүчний бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзаж байна. Бидний үйл ажиллагааг хууль ёсны гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс дургүйцэж, хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүний орнуудын хамтын ажиллагаанд ч дургүйцэж байна. Харин бид бол одоо Евроазийн эдийн засгийн холбоо болж өргөжсөн гаалийн холбоог өргөтгөхийг зорьж байна.
Европын орнууд нэгдэх нь хэвийн зүйл гэдэг хэрнээ үүнийг бид хуучин Зөвлөлтийн орон зайд хийхээр Орос өөрийн эзэнт гүрнээ сэргээж байна гэж буруутгаж байна. Та бид бүгд Лиссабоноос Владивосток хүртэл эдийн засгийн орон зай байгуулах хэрэгтэй гэдгийг маш удаан ярьсан. Үнэндээ Францын ерөнхийлөгч Шарль де Голль надаас бүр өмнө үүнтэй ижил зүйлийг ярьж байсан. Гэтэл одоо бүгд үүнийг эсэргүүцэж байна.
Одоо Европын холбоонд Украиныг нэгдүүлэх гэрээг авч үзье. Экс ерөнхийлөгч Янукович “Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнд гарын үсэг зурах талаар бодох хэрэгтэй байна” гэж л хэлсэн. Тэр гэрээний зарим зүйлийг өөрчлөх эсэх талаар бодож, бидэнтэй зөвлөлдөхийг хүссэн. Гэтэл үүнээс болж Киевт эмх замбараагүй явдал дэгдэж, Үндсэн хуулиа зөрчсөн төрийн эргэлт гарсан. Тухайн үед тэднийг Америк, Европынхон тэднийг идэвхитэй дэмжиж байсан. Украины зүүн урд нутагт асар олон хүн амиа алдсан эмгэнэлт явдалтай энэ шалтгааныг харьцуулшгүй.
Одоо тэр нэгдэх гэрээг 2016 оны зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Тэгвэл яах гэж төрийн эргэлт хийж, иргэний дайн дэгдээсэн юм бэ? Бид Украин ба Европын холбооны гэрээг эсэргүүцээгүй. Тэр бүү хэл, бид 2013 оны сүүлээр Украинд 15 тэрбум ам.долларын улсын зээл дээр нь нэмж, арилжааны банкуудыг дэмжих 5 тэрбумыг өгөх байсан. Яагаад гэвэл Орос, Украин хоёр харилцан гэрээтэй, хоёулаа Тусгаар орнуудын холбооны гишүүн. Одоо ч тэр хэвээрээ. Энэ бүхнийг огтхон ч тоохгүй, хүндэтгэхгүй байна гэдгийг би огтхон ч ойлгохгүй байна.
Үр дүнд нь төрийн эргэлт гарч, иргэний дайн болж, хэдэн зуун хүн амиа алдаж, эдийн засаг, нийгмийн хүрээ сүйрсэн Украинд 17,5 тэрбум ам.долларыг 4 жилийн хугацаанд Олон улсын валютын сан өгнө гэж амласан, тэгээд Оростой эдийн засгийн бүх холбоо тасарсан. Укрианы асуудалд Европ нэг талыг баримталсан.
Европын холбоо хэдийгээр Украины гаалийн татварыг тэглэсэн ч худалдааны эргэлт өсөөгүй. Яагаад гэвэл Укрианд Европын зах зээл дээр худалдах юм байхгүй. Харин бидний тухайд Укрианд зах зээл бий. Гэвч Украины талаас бүх харилцааг тасалсан. Тухайлбал, ОХУ, Украинтай хамтарсан байлдааны нисдэг тэрэгний хөдөлгүүр үйлдвэрлэхээ зогсоосон. Учир нь Итали, Франц, Германд ийм хөдөлгүүр хэрэггүй, хэрэг болох ч үгүй. Яах гэж энэ бүхнийг хийснийг би Европ, Америкийн тэргүүнүүдээс асуудаг.
Паоло Валентино: -Тэд юу гэж хариулдаг вэ?
Владимир Путин: -“Нөхцөл байдал хяналтаас гарсан” гэдэг. Тэгсэн гэж бодъё. Гэхдээ хэрэв Америк, Европын холбоо “Үндсэн хуулийн эсрэг үйлдлийг дэмжихгүй, сонгууль явуул” гэж украинчуудад хэлсэн бол нөхцөл байдал огт өөр байх байлаа. Укрианы хямрал Америк, Европын холбоотнуудын маань мэргэжлийн бус үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж бодож байна. Тиймээс энэ бидний сонголт байгаагүй. Бид зөвхөн үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахаас өрөө аргагүй болсон.
Паоло Валентино: -Нөхцөл байдал хяналтаас гарсан гэж та сая хэллээ. Тэгвэл ОХУ санаачлагыг гартаа авч, Америк, Европын холбоотой хамтран, байдлыг шийдэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй биш гэж үү?
Владимир Путин: -Яг энийг чинь л бид хийж байна. Минск, Минск II гэрээ нь энэ асуудалд эргэлзээгүй хамгийн сайн шийдэл гэж бодож байна. Бидний зүгээс Минскийн гэрээний хэрэгжилтийг хангахад өөрийгөө тунхагласан Донецк, Луганскийн удирдлагуудад нөлөөлөхийг чадах чинээгээрээ хичээнэ. Гэвч бүх зүйл биднээс шалтгаалахгүй. Үүнтэй адил Европ, Америкийн тал ч Киевийн эрх баригчдад нөлөөлж, гэрээг сахиулахад анхаарах хэрэгтэй. Украины өөрийгөө тунхагласан бүс нутгуудад автономит эрхийг баталгаажуулахын тулд үндсэн хуулийн шинэчлэлт хийх хэрэгтэй. Гэвч Киевийн эрх баригчид үүнийг автономит гэж нэрлэхээс илүү салан тусгаарлах гэж ярьж байна. Автономит нь тэдэнд өөрийн хэл, соёлтой байж, арай илүү давуу эрхийг зөвшөөрөх юм. Энэ Европын аль ч орны үндэсний цөөнхөд байдаг л эрх шүү дээ. Украины зүүн хязгаарын зөрчлийг шийдвэрлэхийн тулд Киевийн эрх баригчид Донецк, Луганскийн ардын улсын тэргүүнүүдтэй хэлэлцэж, ойлголцох хэрэгтэй. Гэвч Киевийн тал хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэхгүй байна. Энэ тохиолдолд бидэнд хийж чадах зүйл алга. Зөвхөн Европ, Америкийн тал нөхцөл байдалд нөлөөлж чадна. Өөрийгөө тунхагласан ардын бүгд найрамдах улсын лидерүүд тодорхой хэдэн нөхцлийг хүлээн зөвшөөрвөл өөрсдийгөө Украины муж гэж үзэхэд бэлэн байгаа.
Паоло Валентино: -Тэгэхээр Крымын сценари Украины зүүн хязгаарт давтагдахгүй гэж ойлгож болох уу?
Владимир Путин: –Крымын сценарид ОХУ-ын байр суурь хамаагүй. Энэ Крымд амьдарч буй хүмүүсийн байр суурьтай холбоотой. Хүч хэрэглэх хүртэл бидний хийсэн бүх үйлдэл Украины газар нутгийг задлан хуваахад биш тэнд амьдарч буй хүмүүсийн үзэл бодол, хүсэл зорилгоо илэрхийлэх боломж олгоход оршиж байсан. Би дээрх санаагаа ахиад давтаж хэлье. Яагаад косово, албаничуудад болохоор болдог, Крымд амьдарч буй орос, украин, татарчуудад болохоор хориглодог юм бэ? Косовогийн тусгаар тогтнолыг гагцхүү Косовогийн парламент шийдвэрлэсэн. Крымын хувьд бол бүх нийтийн санал асуулга шийдвэрлэсэн. Донецк, Луганскийн хувьд ард түмэн тусгаар тогтнолыг сонгосон. Энд нөхцөл байдал өөр. Гэхдээ бид ард түмний сонголт, хүсэл зорилгыг үргэлж хүндэтгэх ёстой гэдгийг санаж байх хэрэгтэй.
Паоло Валентино: -Варшавын гэрээнд нэгдсэн байсан өнөөгийн НАТО-гийн орнууд, тодруулбал Польш зэрэг Балтын тэнгисийн орнууд ОХУ-аас аюул заналхийлэл мэдэрч байна гэх болсон. Үүний эсрэг НАТО тусгай хүчнийг байгуулаад буй. Энэ талаар та юу гэж бодож байна?
Владимир Путин: -АНУ дэлхийн бүх улсыг нийлүүлснээс ч илүү ихийг цэргийн зардалд зарцуулдаг. НАТО-гийн цэргийн зардал ОХУ-ынхаас 10 дахин их. ОХУ гадаад нэг ч цэргийн баазгүй. Яахав, Афганистаны хилийн ойролцоо Тажикстанд терроризмаас хамгаалах зорилготой ЗХУ-аас хойш үлдэж хоцорсон цэргийн бааз бий. Үүнтэй ижил үүрэгтэй агаарын цэргийн бааз Киргизид бас байгаа. Бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй цэргийн бааз Арменд ЗХУ-аас хойш байсаар ирсэн. Гэхдээ та дэлхийн газрын зургийг дэлгээд харвал хаа сайгүй АНУ-ын цэргийн бааз байгааг харж болно. Үүнээс та ялгааг нь анзаарч болно. 11 минутад Москвад хүрэх чадалтай пуужингаар тоноглогдсон Америкийн шумбагч хөлгүүд Норвегийн эрэгт байрлаж буй.
НАТО зүүн тийш хүрээгээ тэлсээр байгаа. Харин бид хаашаа ч өргөжөөгүй байна. АНУ олон улсын аюулгүйн системийн үндсэн тулгаар болсон баллистик пуужингийн эсрэг гэрээнээс гарсан. ОХУ, Европ, АНУ-ын хамтран байгуулсан баллистик пуужингийн гэрээнээс гарахын эсрэг Вашингтоныг бид бишгүй ятгасан. Гэвч тэд үл тоосон. Эцэст нь ОХУ-аас айгаад байх зүйлгүй гэдгийн хэлмээр байна.
Паоло Валентино: -Тавдугаар сарын 9-нд ОХУ Агуу Ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн. Ямар ч улс Орос орон шиг олон хүний амиар ялалтын үнийг төлөөгүй. Гэвч Улаан талбайд таны хажууд нэг ч Барууны лидер зогсоогүй. Тэд ирээгүй нь Оросын ард түмнийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна уу?
Владимир Путин: -Энэ бол бидний түүхийн эмгэнэлт хуудас. Бид ялалтын баяраар дамжуулан дайнд амь насаа алдсан олон сая хүнд харуусал, хүндэтгэлээ илэрхийлж, нацизмаас эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалсан үеийнхний тухай боддог. Ирээдүйд үүнийг дахин давтахгүйн тулд хүн бүр энэ эмгэнэлийг мартах ёсгүй. Орчин цагийн терроризм бол нацизмтай олон талаараа төстэй гэдгийг харж болно. Барууны лидерүүдийн тухайд Москвагийн баярт оролцох эсэх нь тэдний хувийн сонголт. Гэхдээ тэд өнгөрсөнд ямар ч байсан гэлээ ирээдүйн төлөө хамтран зүтгэх ёстой гэдгийг харуулж чадаагүй гэж бодож байна.
Паоло Валентино: -Ноён ерөнхийлөгч өө, Грек Европын харилцаанд том хүндрэл үүсээд буй. Хэрэв Грек евро бүсээс гарвал ОХУ улс төр, эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн үү?
Владимир Путин: –Грек Евроын холбоо, евро бүс, НАТО-гийн гишүүн гэдгээс үл хамааран харилцаатай байдаг. Гректэй эрт цагаас сайн холбоотны харилцаатай явж ирсэн. Евро бүсийн гишүүн хэвээр үлдэх эсэх нь ард түмнийх нь мэдлийн хэрэг. Гэхдээ бид үүнийг хүсэхгүй байна. Хэрэг буруугаар эргэж, Грек, Европтой таарамжгүй харилцаатай болвол хоёулангийх нь эдийн засагт хортой. Грек Европын холбоонд байснаар олон ашиг тусыг хүртэх боломжтой.
Лусиано Фонтана: -Сүүлчийн асуулт. Таны амьдралын хамгийн том харамсал юу бэ? Хэзээ ч дахин давтахыг хүсдэггүй алдаа юу байв?
Владимир Путин: -Би илэн далангүй хариулъя. Би ямар нэг тийм зүйл санахгүй байна. Бурхны ачаар би амьдралдаа юунд ч харамсдаггүй.
Орчуулагч Б.АНХТУЯА