Амлалт нэхэх ард түмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянгад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг нэгтгэж, нийслэлийн Прокурорын газраас Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хэргийг нэгтгэсэн талаар нэхэмжлэгч Байгаль орчны сайд Л.Гансүхэд албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Харин түүний нөхөр А.Баатархуягт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм. Г.Уянгатай холбогдож энэ талаар тодруулахад, “Надад албан ёсоор мэдэгдээгүй байна” гэх хариулт өглөө. Түүнд эрүүгийн хуулийн 111, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Өнгөрсөн хугацаанд түүнийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тайлбар мэдүүлэг авахаар хоёр ч удаа албадан саатуулахыг завдаж байсан юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч сарын 27-ны өдөр Г.Уянгыг гэрээсээ гарч явахад нь цагдаагийнхан хавтаст хэрэгтэйгээ танилцаж, тайлбар мэдүүлэг өгөхийг шаардан албадан авч явсан. Харин Г.Уянга өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэснээр суллагдаж байв.
С.Отгон