Эрхэм сумо сонирхогч та бүхэндээ www.horom.mn цахим хуудсаас Японы Мэргэжлийн сумогийн 21 жилийн өмнөх нэгэн бичлэгийг толилуулж байна. 1994 оны Нагоя башёд Хавайн бөх Мусашимару анх түрүүлж, Эзэн Хааны цомыг хүртэхдээ 15 давж байжээ. Тус барилдааны сүүлчийн өдөр хэрвээ Таканохана Мусашимаруг давбал түүний төрсөн ах Ваканоханатай Мусашимару адилхан 14 даваа, 1 унаатай болж нэмэлт барилдаан хийх байж. Гэвч сүүлчийн өдрийн барилдаанд Таканохана мавашины барьцнаас түр хөөхөд нь Мусашимару дагуулж мушгиад давчихаж байжээ.
Энэ башёд "Мэхний их дэлгүүр" хэмээх Майноуми уран барилдааны шагнал /5 дахь удаагаа/, хожмоо нэлээн нас ахьсан хойноо түрүүлж байсан жижгэвтэр биетэй ч сэтгэлзүй сайтай барилддаг Такаторики дайчин барилдааны шагнал /6 дахь удагаа/ хүртэж байсан нь бичлэг дээрээс тодорхой харагдана. Мөн хожмоо озэки цол хүртсэн Мусоямагийн үс ч бүрэн ургаж амжаагүй, дөнгөж гарч ирж байжээ. Озэки Кайо ч тун залуухан байгаа нь бичлэг дээр үлджээ.
Тухайн үед Таканохана, Ваканохана, Таканонами, Такаторики хэмээх олон сайн бөхтэй Футагояма дэвжээнийхэн Мусашимару, Мусояма /хожмоо Дэжима зэрэг бөхчүүд нэмэгдсэн/ нарын бөхтэй Мусашигава дэвжээнийхэн, мөн Котоновака, Котонишики нарын бөхтэй Садогатакэ дэвжээнийхэн хоорондоо ид өрсөлдөж байсан юм. Бичлэгийг үзнэ үү.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn