-Ц.Нямдорж: Ухсан газар болгоноосоо хулгай хийнэ, чамайг хулгай хий гэж улсын баатар болгоогүй шүү-
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд гэр хорооллын иргэн газраа барьцаалж зээл авдаг тогтолцоог нээлттэй болгох зорилго агуулж байна.
Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тайлбараар бол “Газар барьцаалах гэрээ байгаа бол барьцааны эд зүйлийг худалдахдаа шүүхийн шийдвэрийг хангуулна. Талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол Нотариатын мэдэгдэх хуудас шүүхээр баталгаажсан байна. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулаад үүргийн гүйцэтгэлийг хангана. Одоо хэрэгжиж байгаа хууль эрх зүйн үндэслэлдээ нийцүүлж томъёолсон” гэсэн тайлбар хийж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “0,07 га газар чинь барьцаанд тавигдаад гэрээгий нь нотариат баталгаажуулсан бол үл маргах журмаар газрыг нь авах юм хийж байна. Энэ чинь зөв юм уу. Гэр хороллын дахин төлөвлөлт гэж нэг юм яваад байдаг, дахин төлөвлөлтийн хууль УИХ-д орж ирээд хоёр жил дарагдлаа. Ажлын хэсэг нь ажилладагггүй.
Ийм хууль УИХ батлах юм бол цаашдаа 0.07 га газар байхгүй болно. Иргэд 40 м2 орон сууц авах гээд барьцаанд тавина. Сүүлдээ газар ч байхгүй, орон сууц ч байхгүй болно. Сонгуулийн мөчлөг дуусч байна, ирэх жилийн сонгуулийн үр дүн яаж гарах юм байгаа. Өмнөх хүмүүсийн хийж байсан юм одоо хамаагүй гээд иргэдийг хохироодог.
Нотариатаар гэрээгээ баталгаажуулсан байна, хураана гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хүчээр газрыг нь худалддаг. Ийм юм явах нь. Шүүх захирамж гаргаад Шийдвэр гүйцэтгэлийнхэн очиж ажиллана гэдэг чинь болж байгаа юм уу. Барьцааны зүйлийг нотариат баталгаажуулаад, шууд шүүх нь шийдвэр гаргадаг.
Улаанбаатар хотын нийт иргэдийн 170-180 мянга нь гэр хороололд байгаа. Тэдний газар ийм дэнчин дээр тавигдана. Хуулийнхан хүчээр орно.
УИХ-ын дарга З.Энхболд “Том мөнгөтэй компаниуд очиж, хашааны газарт нь ганцхан сонголт тулгадгаа болих хэрэгтэй. Нэг өрөө байранд оруулдагаа болих хэрэгтэй. 40, 50 айл газраа нийлүүлээд том байшин бариад, илүүдлээ зардаг систем нэвтрүүлэх цаг нь болчихооод байна. Орон сууцаа барьцаалж зээл авах эрхийг нь 1996 онд өгсөн. Дараа нь хашааны газрыг иргэдэд өгсөн Одоо зарж, борлуулах барьцааны эрхийг нь өгье. Том мөнгөтэй барилгын компаниудаа дэмжихээ болъё.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Бат-Үүлээс юм, юм болох нь. Дахин төлөвлөлтийнхөө газрын учрыг олоогүй байтал одоо баахан иргэнийг газаргүй болгох юм руу явах нь. Ухсан газраасаа хулгай хийнэ. Чамайг хулгай хий гэж улсын баатар болгоогүй шүү.
Хотын дарга Э.Бат-Үүл “УИХ-ын гишүүн хүн доромжилж болдог юм уу. Чам муу новшийг хүн доромжилж байхад би чамайг өмөөрч байсан юм шүү.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Чи худлаа хэлж явдаг, хамаг амьтны газар хураагаад авчихсан, орон гэргүй хүмүүс зөндөө байна.
Хотын дарга Э.Бат-Үүл “Дурак минь чи хэрүүлээс өөр юу хийсэн юм бэ. Худлаа солиорно.
Байнгын хорооны дарга Д.Ганбат “Та хоёр хоёулаа дуугай болооч ээ. Би ажлаа хиймээр байна. Дэг сахихгүй бол хоёуланг чинь гаргана шүү”.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зайл чи”.
Хотын дарга Э.Бат-Үүл “Яадаг муу новш вэ, чамайг доромжлуулж байхад өмөөрч байсан шүү, би”. Ингэж хэлээд хотын дарга хуралдааныг орхин гарав.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Нэг муу дүүргийн дарга болчихоод УИХ дээр орж ирээд ингэж болдог юм уу. Нотариат тойрсон баахан луйвар явна. Харж л байгаарай, Батзандаан. Ядарсан иргэд газаргүй болоод дуусна даа” гэж байлаа.
Эцэст нь хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.
Г.ДАРЬ