Писториус шоронгоос суллагдана

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Писториус шоронгоос суллагдана

 

Паралимпын алдарт тамирчин Оскар Писториус шоронд 10 сар хорих ял эдэлсний эцэст ирэх наймдугаар сарын 21-нд суллагдах гэж байна. Түүнийг сайн хүмүүжиж байгаа тул шоронгоос суллан гэрийн хорионд байлгах шүүгчийн шийдвэр гарчээ.  Тэрээр найз бүсгүй Рийва Стинкэмпийг санаандгүй алсан хэрэгт таван жил шоронд хорих ял эдэлж буй юм. Өмнөд Африкийн алдартай тамирчин Оскар Писториусын хэргийн шүүх хурал бүтэн долоон сар үргэлжилсэн билээ. 

 

Гэхдээ Өмнөд Африкийн прокурорууд Оскар Писториусыг зүгээр ингээд орхихгүй бололтой. Прокурорууд түүнийг суллагдсаны дараа ирэх арваннэгдүгээр сард  дээд шүүхэд давж заалдахаар бэлтгэж байгаа аж. Энэ удаад Оскар Писториуст аллагын хэрэгт хамгийн багадаа 15 жил шоронд хорих ял төлөвлөжээ.

 

Өмнөд Африкийн модель, 29 настай Рийва Стинкэмп 2013 оны валентины баярын үдэш Оскар Писториусын Преториа дахь гэрийн угаалгын өрөөнд олон удаа буудуулж нас барсан юм. Оскар Писториус түүнийг хулгайчтай андууран хөнөөсөн хэмээн өөрийгөө өмгөөлсөн билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж