Төв шугамд 20-30 жилд засвар хийхгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Төв шугамд 20-30 жилд засвар хийхгүй

Улаанбаатар хотод энэ жил инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм.

Энхтайваны өргөн чөлөөний инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчлэнэ. Учир нь нийслэлийн инженерийн төв шугам 1959 онд анх тавигдсан. Түүнээс хойш 56 жилийн хугацаанд нэг ч их засварын ажил хийгээгүй өдийг хүрчээ. Иймээс хуучин шугамын насжилт дууссан гэж үзэн нийслэлийн удирдлагууд уг шугамыг бүрэн шинэчлэхээр болсон юм. Ажлын гүйцэтгэгчээр дотоодын гурван компани шалгарч энэ сарын 6-ны өдрөөс эхлэн засвар, шинэчлэлтийн ажлаа эхлүүлжээ. Харин төв магистераль шугамын засварын ажилтай холбогдуулан төв замын хөдөлгөөнийг энэ сарын 6-ны өдрөөс наймдугаар сарын 16 өдөр хүртэл Төв шуудангийн уулзвараас баруун  дөрвөн замын уулзвар  хүртэл 3 үе шаттайгаар хаах юм. Энхий үе шатын дагуу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсгийг хаагаад одоогоор гурав хонож байна. Гэхдээ энэ замын хөдөлгөөнийг энэ сарын 25 хүртэл хязгаарлах юм. Гүйцэтгэгчид 19 хоногийн хугацаанд дээрх чиглэлийн төв шугамыг шинэчилж дуусна. “Хэрвээ энэ шугам  засварын ажил төлөвлөгөөт хугацаандаа баталгаатай хийгдчихвэл 20-30 жилийн дотор дахин энэ чиглэлийн инженерийн шугам сүлжээний засвар гэж ярихгүй” гэдгийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн /УБДС/ инженерийн албаны дарга Э.Батмөнх ярьлаа. Мөн дээрх засварын ажлын явцад хөндлөнгийн хяналтыг УБДС ТӨХК-ийн инженерүүд болоод Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас давхар хийж байгаа юм байна.

Харин хоёр дахь үе шатын шугам шинэчлэлтийн ажил Цэцэг төвөөс Улсын их дэлгүүрийн баруун тал хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Дараа нь Улсын их дэлгүүрийн баруун талаас баруун 4-н зам хүртэлх хөдөлгөөнийг наймдугаар сарын 14 хүртэл хязгаарлах юм.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж