Перу улсын нийслэл Лима хотоос буцаж явсан автобус Андын нуруунд осолджээ. Ослын улмаас 17 хүн амь үрэгдэж, 33 хүн гэмтэж бэртсэн байна. Хохирогчдын дйилэнх нь 9-15 насны сурагчид аж. Тэд Перу улсын төрийн далбааны өдрийн парадаас буцаж явсан байна. Сурагчид гэр рүүгээ 90 минут алхаж явахаас төвөгшөөн автобусаар зорчихоор шийдсэн хэмээн сургуулийн захирал мэдэгджээ. Автобус 300 метр гүн хавцал руу унасан аж.
Перу улсын авто тээврийн систем маш мууд тооцогддог бөгөөд осол гарах нь элбэг байдаг аж. Уулархаг нутаг ихтэй, автозам тааруу, хуучин тээврийн хэрэгслээр зорчдог зэрэг нь осол гарах нөхцөл болдог байна. Перугийн тээврийн сайдын мэдээлснээр 2013 онд автын ослоор 3110 хүн амь үрэгджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press