Бразилийн Рио-де-Жанейрод болох зуны спортын их наадмын сонгомол барилдаанд оролцох чөлөөтийн бөхчүүдийг сонгон шалгаруулах цуврал тэмцээний хугацаа, зохион байгуулах улс, олгох эрхийн тоог хэрхэн тогтоох тухай албан мэдээллийг Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо саяхан гаргажээ.
Ирэх жилийн олимпод сонгомол болон чөлөөт бөхөөр эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр зургаан жинд хүч үзнэ. Тэгэхдээ сонгомлын эрэгтэй жин тус бүрт 19 нийг 114 бөх барилдах бол эмэгтэйчүүд жин бүрт 18 нийт 108 тамирчин өрсөлдөнө. Чөлөөт бөхийн төрөлд 222 бөх 12 алт, 12 мөнгө, 24 хүрэл медалийн төлөө барилдах юм.
Олимпийн наадамд зодоглох эрхийг дөрвөн шатлалтай сонгон шалгаруулж олгохоор болжээ. Түүний анхных нь намар есдүгээр сарын долоонд АНУ-ын Лac Вегаст эхлэх ДАШТ-ий эхний зургаад шалгарсан бөхчүүд эрх авна. Дараа нь Ази, Европ, Америк, Африк, Далайн орнуудын тивийн сонгон шалгаруулах тэмцээний эхний хоёр байрт шалгарагсдад эрх олгоно.
Удаахь хоёр тэмцээн нь Пан Америкийн сонгон Шалгаруулах тэмцээн Даллас хотноо 2016 оны гуравдугаар сард, Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстаны Астанад 2016 оны гуравдугаар сард болох юм. Мөн оны дөрөвдүгээр сард Африк тив, Далайн орнуудын, Европын тэмцээн, “Эхний сүүлчийн боломж” тэмцээн Улаанбаатарт болно
Тамирчид ер нь хэдэн эрх авах ёстой вэ гэвэл ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс 144, “Эхний сүүлчийн боломж”-оос 48, “Хоёр дахь сүүлчийн боломж”-оос 36 эрх тус тус авна. Үүнээс гадна Олимпийн эв нэгдэл зөвлөлөөс олимпийн наадмыг зохион байгуулах Бразил Улсад давуу эрхээр дөрөв, цагаан хуудсаар мөн дөрвөн эрх олгохоор шийдвэрлэжээ.
Б.ӨЛЗИЙ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин