IV улирлын эмийн зардлыг II, III улиралд шилжүүлэхээр боллоо
Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар буюу өчигдөр /06.08/ Эрүүл мэнд, спортын сайдын багц дахь эмийн төсвийг нэмж баталсан байна.
Ингэхдээ зээлээр эм тариагаа авч байсан улсын эмнэлгүүдийн өрийн асуудлыг хэлэлцэж, нийт 7.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, эм үйлдвэрлэгчдэд өгөхөөр болжээ. Мөн энэ оны эмийн төсөвт өртөгийг нэмсэн таатай мэдээлэл байна.
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үүссэн хүндрэл, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7,8 тэрбум төгрөгт хүрсэн болон төсвөөс нэмж шаардагдаж байгаа хөрөнгийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан IV улирлын эмийн зардлыг II болон III улиралд шилжүүлэх, шилжүүлсэн хөрөнгийг Монгол Улсын 2015 Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.
Д.УУДАМ