-Танай зүгээс автобусны үнийг албан ёсоор нэмээгүй гэж байгаа ч өнөөдөр 400 төгрөгөөр үйлчилж байна. Хэзээ энэ асуудлыг шийдэх вэ?
-Том оврын автобусны үнийг 400 төгрөг болгох асуудал хэдэн сарын өмнөөс яригдаж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Учир нь Нийтийн тээврийн газар дангаараа асуудлыг шийддэггүй. Өнгөрсөн сараас дизель түлш хомсдож, түлшний үнэ нэмэгдсэн нь байдлыг улам хүнд болголоо. Бидний зүгээс дизель түлшний үнэ тогтворжих хүртэл үнээ нэмэхгүй байх асуудлыг тавьсан. Гэвч автобус компаниуд өндөр үнээр дизель түлш авч байгаа учир үнээ нэмэхээс аргагүй байдалд орлоо. Өмнө нь алдагдалтай ажиллаж байсан ч бид үнийг барьж ирсэн. Шатахууныг тодорхой хуваарийн дагуу өгөх, автобусны тоог 30 хувиар цөөлөх зэргээр арга хэмжээ авч байна. Одоогоор үүнээс өөр шийдэх арга зам байхгүй. Дизель түлшний үнэ тогтворжих хүртэл хүлээхээс аргагүй.
-Тэгэхээр 400 төгрөгөөр үйлчлэхийг Нийтийн тээврийн газраас зөвшөөрч байгаа гэсэн үг үү?
-Одоогийн нөхцөл байдалд үнийг хязгаарлах аргагүй байна. Дизель түлшний хомсдол арилж, үнэ тодорхой болох үед автобусны үнийг хэдэн төгрөг болгох асуудал шийдэгдэж, албан ёсоор гэрээ байгуулна. Тэр болтол 400 төгрөгөөр үйлчилнэ. Ер нь бидний гаргасан судалгаагаар тасалбарын үнийг 100 төгрөгөөр нэмэхэд алдагдал багасна. Харин 450 төгрөг болговол алдагдалгүй ажиллах боломжтой гэсэн судалгаа гарсан. Хэрэв дизель түлшний үнэ өмнөхөөс нэмэгдвэл энэ тоо дахин өөрчлөгдөж болно гэв.