Б.Сэр-Од Японд бэлтгэлээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од Японд бэлтгэлээ хийнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар марафон-2015” тэмцээн өнгөрөгч амралтын өдөр болсон билээ. Хоёр дахь жилдээ болсон тус уралдааны 42 км 195 метрийн эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлсэн. Манай шилдэг тамирчдын хувьд олимпийн эрхийн нормативийг биелүүлээд байгаа. Тэгвэл Гавьяат тамирчин Б.Сэр-Од маргааш Япон улсыг зорих юм байна. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш эх орондоо бэлтгэл сургуулилалтаа хийж байгаад “Улаанбаатар марафаон” тэмцээнд оролцжээ. Гавьяат маань ирэх наймдугаар сард Бээжинд болох дэлхийн аваргын бэлтгэлээ Япон улсад хийхээр болсон байна.

ОУХМ Б.Мөнхзаяа, ОУХМ Л.Отгонбаяр.

Дашрамд, Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Германы Хамбург хотноо болсон олон улсын марафон гүйлтэд 2.10.15 цагийн амжилтаар VI байр эзэлж, олимпийн эрхийн нормативийг биелүүлсэн. Харин ОУХМ Б.Мөнхзаяа энэ оны нэгдүгээр сард ХонгКонгт болсон Азийн АШТ-д IV байр эзлэхдээ, 2.38.43 цагийн амжилт үзүүлж, “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцох болзлыг хангасан юм.

Хөнгөн атлетикийн төрөлд олимпийн оролцох эрх авсан тамирчдыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх есдүгээр сард зарлах аж.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж