Хуульчийн сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 13, 14-нд зохион байгуулах тов гарчээ. Шалгалтад оролцогчдын бүртгэл өнгөрсөн сарын 30-наас эхэлсэн байна. Бүртгэл ирэх сарын 15-ныг дуустал нийслэлд Хууль зүйн үндэсний хүрээлэнд, орон нутагт тухайн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст болох юм. Энэ жилийн хувьд хэд, хэдэн онцлогтой аж. Тухайлбал, энэ жилийн хувьд шалгалтад оролцогчийн бүртгэлийн хураамж нэмэгджээ. Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар шалгалтад оролцох нэг оролцогчид ногдох зардал 20 мянган төгрөг болсон байна. Үүнийг хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийнхөн “Хуульчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 2003 оноос хойш өөрчлөлтгүй мөрдөж ирсэн хэдий ч багш нарын эрдмийн зэрэг цол болон ажлыг үнэлэх үнэлэмж нэмэгдсэн, шалгалт зохион байгуулагдах байр, шалгалтын хороо, хорооны гишүүдэд зарцуулагдах зардал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэх зэрэг зардал нэмэгдсэн тул шинэчлэн батлах зайлшгүй шаардлагатай болсон” гэж тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, сорилын ном шинэчлэгдэн гарч байгаа аж. Шинэ ном энэ сарын дундуур Хууль зүйн үндэсний хүрээлэнд худалдаанд гарах бөгөөд хэд, хэдэн онцлогтой болжээ. Шинэчлэгдсэн номонд хуулийн өөрчлөлтүүдийг тусгаж, нэмэлт өөрчлөлт оруулан, асуултуудын утга агуулгыг сайжруулан, ойлгомжтой болгож, бүх зөв хариулт “D” хувилбар дээр тараахаар зохицуулалт хийсэн байна. Энэ нь сорилын хариуг заавал арын хуудаснаас хайх шаардлагагүй зөв хариуг шууд харж болох боломжтой болсон аж. Үнийн хувьд өөрчлөлт орохгүй юм байна.
Г.Дарь