Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ экс ерөнхийлөгч Жек Уорнерийн авлига, мөнгө угаасан хэргийг гэрчлэх нотлох баримтыг дэлгэжээ. Өдгөө 72 настай Жек Уорнерыг АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос авлига, мөнгө угаасан хэргээр мөрдөн шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаанд ФИФА хамтран ажиллах үүрэг хүлээжээ.
Баримтад 2008 оны нэгдүгээр сарын 4, хоёрдугаар сарын 1, гуравдугаар сарын 10-ны гурван удаагийн шилжүүлгээр нийт 10 сая ам.долларыг ФИФА-гийн данснаас Жек Уорнерийн мэдлийн Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны “Concacaf” данс руу шилжсэн байжээ. Уг мөнгийг Өмнөд Африкийн хөлбөмбөгийн холбооноос шилжүүлсэн аж. Гэтэл холбооны дансанд шилжсэн мөнгөнийг Жек Уорнер олон төрлийн арга ашиглан хувьдаа зарцуулсан нь нотлогджээ.
Тухайлбал, холбооны сан дахь мөнгөнөөс Тринидад дахь “JTA” супермаркетын сүлжээний төлбөрт тав орчим сая ам.доллар шилжжээ. АНУ-ын прокуроруудын мэдээлснээр уг мөнгө нь хожим Жек Уорнерт орон нутгийн мөнгөн дэвсгэртээр очсон гэнэ. Үүнээс гадна 1.6 сая ам.доллараар Жек Уорнер кредит картны төлбөр, зээлээ төлсөн нь байна. Мөн Жек Уорнертой холбоотой хүмүүс хөлбөмбөгийн холбооны данснаас 360 сая ам.долларыг авсан аж. Ийнхүү Өмнөд Африк 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Жек Уорнерт 10 сая ам.доллар төлсөн нь гэрчлэгджээ.
АНУ-ын прокуророос ФИФА-гийн өндөр албан тушаалын 14 хүнийг өнгөрсөн 24 жилийн хугацаан дахь 150 сая ам.долларын авлигын хэрэгт мөрдөн шалгаж байна.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА