-Олон улсын балетчидын нэгдсэн тоглолтын тасалбарын үнэ 30 000 төгрөгөөс эхэлнэ-
“Welcome to Mongolia” наадмын продюсерээр ажиллах Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмыг эх орондоо зохион байгуулах ажлын бэлтгэлдээ ороод байна.
Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох “Welcome to Mongolia” наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид урилгаар оролцох ба Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэнэ. Мөн үүнээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.
Монгол улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаалж байгаа ба үнэ 30 000 төгрөгөөс эхэлж байгаа юм байна. МУГЖ Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол улсад тоглосныхоо дараа Япон Улсад очиж тоглохоор төлөвлөжээ гэж Монголын Балетын хөгжлийн сангаас мэдээллээ.