Увс аймгийн Түргэн сумын ИТХ, ЗДТГ-ын хүсэлтээр С.Анхбаяр даргатай Түргэн сумын нутгийн зөвлөл “Чингэс хаан” зочид буудлын хурлын зааланд “Төрөлх сумаа хөгжүүлье” чуулга уулзалт энэ сарын 11-нд 09.45 цагт зохион байгуулахаар болжээ. Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-аас Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллагын “Хөдөөгийн Агрибизнесийг дэмжих хөтөлбөр”-н дэмжлэг, сумынхаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор 2010-2021 он хүртэл Түргэн сумаа хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Энэ төлөвлөгөөнд 148 ажил төлөвлөн аливаа төсөл арга хэмжээ, улсын төсөв, гадаад дотоодын хувийн секторын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, орон нутгийнхаа нөөц боломж, удирдлага зохион байгуулалтыг эрс шийдвэртэй сайжруулан ажиллахаар болсон байна.
Энэхүү санаачлагыг Увс аймгийн захиргаа, Улаанбаатар хот дахь сумын нутгийн зөвлөлөөс халуунаар сайшаан дэмжин байгаа ажээ.
Уулзалтад урьчилсан тооцоогоор 100 гаруй хүн оролцох бөгөөд энэ хүмүүсийн өдрийн хоол, цайны зардлыг “Мерси Кор Монгол” ОУБ хариуцахаар болжээ.
Ул уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс нутаг усаа гэсэн халуун дулаан сэтгэлтэй иргэдийг “Төрөлх сумаа хөгжүүлье” чуулга уулзалтад хүрэлцэн ирж өөрийн оюун ухаанаа уралдуулан идэвхтэй оролцож хувь нэмрээ оруулахыг уриалжээ.
А.Болд