Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сан энэ жилээс шинэ номын худалдаагаар үйлчилгээгээ өргөжүүллээ. Нийтийн номын сангийн номын худалдааны цэгт дэлхийн сонгодог уран зохиолууд, түүхийн шинэ номнууд, хүүхдийн зохиолууд хамгийн их гүйлгээтэй байна. Тухайлбал, хятадын сонгодог зохиол “Чонон сүлд”, “Монгол туургатны үлгэрүүд”, “Овгийн шашдир”, “Монголын нууц товчоо”, “Хатан төрийн нууц”, “Хөх судар” роман зэрэг ном хамгийн их гүйлгээтэй байгаа аж. Тус номын сан үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Монгол бичиг үндэсний бичиг соёлоо хөгжүүлэхэд монгол хэлний багш нарын үүрэг оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан, 9-10-р ангийн сурагчдын дунд монгол бичгийн уран бичлэгийн, 7-8-р ангийн сурагчдын дунд монгол бичгээр түргэн уншлагын уралдаан зарлан дүгнэжээ. Багш нарын илтгэлийн уралдаанд Хэрлэн 4-р сургуулийн багш Ганцэцэг, Хан Хэнтий цогцолбор сургуулийн багш Мөнхчимэг, Тэмүүжин цогцолбор сургуулийн багш Дэлгэрмаа нар магнайлсан бол монгол бичгээр уран гоё бичих уралдаанд “Тэмүүжин” цогцолбор сургуулийн сурагч Г.Амарбат, “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн сурагч Үржинхорол, Хэрлэн 1-р сургуулийн сурагч З.Дөлбаяр нар шалгарчээ. Номын сангийн хамгийн идэвхтэй уншигчдаар өндөр настан Б.Индэрсүрэн, Ш.Зэвгээ нар шалгарсан байна.
Аймгийн номын сангийн уншлагын танхимууд цэцгийн ертөнц болсноороо бас алдартай. Ийм өвөрмөц орчныг тус номын сангийн номын санч, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан А.Мөнхцэцэг бий болгожээ. 20 гаруй жил хэнтийчүүддээ ном хэмээх оюуны талхаар үйлчилж буй энэ эмэгтэй номын ертөнцөө 50 гаруй төрлийн цэцгээр чимэглэн амьд байгалийн эрчмийг түгээн ажиллаж байна.
И.Байгальмаа