Европарламентын индрээс Монголын ардчиллын талаар үг хэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Европарламентын индрээс Монголын ардчиллын талаар үг хэлнэ

-Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, мөн ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй Монгол Улсын идэвх, оролцоог Европын Холбоонд танилцуулж, дэмжлэг авах гол санааг Ерөнхийлөгч үгэндээ онцолно-

Европын парламентын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ. Европын холбооны гишүүн 28 орныг төлөөлсөн 751 гишүүнтэй Европын парламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-11-нд болно.

Монгол улс ардчилсан хөгжлийн замыг сонгосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэ үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлэхийг урьсан. Энэхүү урилга бол Монголл үзүүлж байгаа ховор хүндэтгэл. Европарламентын индэр дээр гарч үг хэлсэн хүн Ази тивээс тун цөөн гэдгийг онцлох хэрэгтэй. Урилгыг Европарламентын Ерөнхийлөгч Мартин Шульц илгээсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдсэн хуралдааны хоёр дахь өдөр буюу зургадугаар сарын 9-ны 12.00 /орон нутгийн цагаар/ цагт 30 минут үг хэлнэ. Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, мөн ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй Монгол Улсын идэвх, оролцоог Европын Холбоонд танилцуулж, дэмжлэг авах гол санааг Ерөнхийлөгч үгэндээ онцолно хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн. Мөн түүнчлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тухайлбал, Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх, Монгол, Европын Холбооны хооронд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох, Монгол Улсыг Европын Холбооны “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”- аас хасуулах зэрэг асуудлыг энэ ажлын айлчлалын үеэр шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлэх аж.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцтэй тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцан санал солилцоно.

Европарламент бол Европын холбооны хууль тогтоох дээд байгууллага. Гишүүн орнуудын иргэдээс шууд сонгогддог. Европын холбооны зөвлөлийн хамт Европын холбооны хоёр танхимт хууль тогтоох дээд байгууллага гэж явдаг бөгөөд дэлхийд нөлөө бүхий парламентын нэг.

Европарламент 1957 онд байгуулагдах үедээ гишүүн орнуудаас төлөөллөө сонгогдог байсан бол 1979 оноос гишүүн орнуудын иргэдийн саналаар сонгогдох болсон. Сонгууль нь таван жилийн мөчлөгтэй. Европарламент нь Францын Страсбург хотноо байрладаг.

Европын холбоо болон түүний гишүүн орнууд Монгол улсын ардчилсан хөгжлийн замыг эхнээсээ дэмжиж ирсэн бөгөөд Монгол улсын гадаад харилцааны бодлогын гурав дахь хөршийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Европын парламентын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ. Европын холбооны гишүүн 28 орныг төлөөлсөн 751 гишүүнтэй Европын парламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-11-нд болно.

Монгол Улсаас Европын холбоонд суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ 1990 онд барьсан бол Европын комиссийн Бээжин дэх Тєлєєлєгчийн газрын тэргvvн 1991 онд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон хоёр талын хамтын ажиллагаа эхэлсэн. Европын холбооны Бээжин дэх Тєлєєлєгчийн газар Европын холбоог Монгол Улсад тєлєєлж, Монгол Улс Брюссель хотноо Элчин сайдын яам ажиллуулж байна. 2006 онд Европын холбооны Хамтын ажиллагааны газрыг Улаанбаатар хотноо нээсэн.

Хоёр тал 1993 онд Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталсан. Монгол Улс ЕСБХБ-ны (Европын Сэргээн Босголт Хєгжлийн Банк) зээлжих эрх бvхий орон болж, 2006 онд Улаанбаатар хотноо ЕСБХБ-ны Суурин тєлєєлєгчийн газар нээгдсэн.

Монгол Улс 2006 онд Ази-Европын чуулга уулзалтын (ASЕМ) vйл явцад нэгдэх шийдвэр гаргасан. Үүнээс хойш Монгол Улс АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд 2016 онд АСЕМ ээлжит XI уулзалтыг Улаанбаатар хотноо хийхээр бэлтгэж байгаа билээ. Европын холбоо болон Монголын харилцааны өөр нэг чухал дэвшил нь 2010 онд Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэж, 2013 онд гарын үсэг зуран баталгаажуулсан явдал юм.

1993 онд байгуулсан Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Монгол Улс Европын Холбооны 27 улс оронд 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох эрх зүйн боломж бүрдсэн ч Монголын тал энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй өнөөг хүрсэн. Статистик тоо баримтыг харахад хоёр талын худалдааны нийт эргэлт өсч байгаа боловч бусад улстай хийдэг худалдаатай харьцуулахад бага хэвээр байна. Тухайлбал, 2013 оны сүүлээр Монгол улс Европын холбооны улс орнуудад 71 сая еврогийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлж 510 сая еврогийн бүтээгдэхүүн худалдан авчээ.

Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын уулзалтыг 2009 оноос Улаанбаатар хотноо тогтмол хийж байна.

Монгол Улс Европын Холбооны гишүүн 28 улсын 17 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах гэрээтэй.

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж