Амралтын өдрүүдэд завгүй байдаг газрын нэг бол Улсын дуурь бүжгийн эрдмийн театр. Долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад шинэ дуурь, балетууд тоглогдож байдаг юм. Мөн уг театрын зүгээс “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлжээ.
Ингээд Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДБЭТ-ын ерөнхий найруулагч Н.Туулайхүүтэй ням гаригийн тоглолтын дараа цөөн хором ярилцлаа.
-Театрын зургаа, долдугаар сарын үзвэрийн хуваарийг харахад олон бүтээлүүд тавигдах нээ. Ирэх бямба гаригт ямар дуурийг тоглох гэж байна.
-Долоо хоног бүр шинэ дуурь тавьж байгаа нь Дуурь бүжгийн эрдмийн театрын онцлог юм. Энэ дагуу ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 13-ны өдөр Дж.Россинигийн “Севилийн үсчин” дуурийг тайзнаа тоглох гэж байна. Энэхүү дуурийг анх ОХУ-д тавьж байсан тавилтаар найруулагч тавьсан байгаа. Өдгөө энэ хэлбэр өөрчлөгдөөгүй байна. Энэ дуурь дуучдаас маш их хоолойны хүчийг шаарддаг. Итали үгүүдийг хурдан хэлж, дуулдагаараа дуурийн нэг онцлог юм. Дуучдын хувьд дүрдээ орохын тулд маш удаан сургуулилалтыг хийдэг.
-“Севилийн үсчин” дуурийн дүрүүдэд ямар дуучид дуулах вэ?
–Дуурийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар СТА Е.Сарантуяа, удирдаачаар миний бие ажиллах юм. Дуурийн гол дүр болох Фигарод А.Сайнбаяр, Розинад Гавьяат жүжигчин Ө.Уянга, Альмавива Г.Шижирболд, Базилод Ж.Бямбажав, Бартоло Б.Алтанхуяг, Фиорелло Э.Бумхүү, Берта Ш.Наранчимэг, Офицер Э.Бумхүү, Амброджио С.Баттулга, Бичиг батлаач Б.Шинэбаяр нар дуулна.
-Энэхүү дуурийн ярианы хэсгийг монгол хэл дээр дуулна гэж байсан. Тэгэхээр үзэгчидэд ойр байх болов уу гэж санагдана.
-Үзэгчдийн хувьд төрөлх хэл дээр дуулж байгаа дуунуудыг бүрэн ойлгодоггүй. “Севелийн үсчин” дуурь дээр ярианы хэлийг монгол хэлээр, дууг дуулахдаа итали хэл дээр дуулна. Ийм жүжгүүд манай дуурийн театрт маш их бий. Жишээ нь “Шидэт лимбэ”, “Кармен”, “Сарьсан багваахай” гээд дууриуд байна. Монгол хэлээр яриаг хэлж, үзэгчдэд ойлгуулах нь уран бүтээлийг үзэгчдэд бүрэн ойлгуулах нэг хэлбэр юм.
-“Сэвилийн үсчин” дуурийн дараа ямар дууриуд тоглогдох вэ?
-Зургадугаар сарын 20-д “Чио Чио Сан” дуурь тоглогдоно. Мөн залгуулаад долдугаар сард Б.Шаравын “Чингис хаан”, “Хөхөө Намжил” дууриудыг үзэгч түмэндээ өргөн барина.
-Дуурийг монгол хэл дээр дуулдаг уу?
-Дэлхий дахинд бүх дуучид аливаа дуурийг төрөлх хэл дээр нь дуулна. Итали, Франц байна уу яг л тэр хэл дээр үзэгчидэд хүргэнэ. Гадаад дуурийг монгол хэл дээр дуулах маш хэцүү. Харин манайд нэг сонин түүх байдаг.
-Ямар?
-1970-80-иад оны үед Соёлын яамны зөвлөл (коллек) гэж байсан. Л.Мөрдөж, С.Гончигсумлаа, Ю.Оюун зэрэг манай том эрдэмтэд энэхүү зөвлөлд байдаг байлаа. Тэгсэн Баян-Өлгий аймагт “Учиртай гурван толгой” дуурийг тавьж. Гэхдээ энэ дуурийг Казахын ард түмэнд ойлгуулахын тулд казах хэл дээр тавьсан байдаг. Тэгээд Улаанбаатар хотоос Соёлын яамны комиссийг урьсан юм билээ. Тэгсэн тэрхүү дуурийг казах хэл дээр дуулахад ая эвдэгдэж, үгийн утга буруу болж, маш хүнд байдалтай болсон гэсэн. Итали, герман байна уу ямар ч дуурийг монгол хэл дээр дуулах юм бол тэгж ая эвдэгдэж, сонсож байгаа үзэгчидэд ямар ч мэдрэмжгүй болно гэсэн үг. Тэгэхээр гадаад дуурийг монгол хэл дээр дуулах боломжгүй юм. Тухайн хэл дээр тэрхүү дуурийн утга санаа нь аятайгаа мэдрэгдэж, хүмүүст хүрэх учиртай.
-Энэ жил УДБЭТ-аас жуулчдад зориулсан ямар хөтөлбөрийг гаргасан бэ? Мөн уламжлалт болдог тоглолтууд ирэх долдугаар сард тоглогдох уу?
-Жуулчдад зориулсан тоглолтууд эхлээд байна. Энэ жилийн хувьд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох “Венийн үдэш” цэнгүүн боллоо. Энэ цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэлээ. “Сонгодог пүрэв гараг” хөтөлбөрийн хамгийн эхний тоглолт “Австрийн хөгжмийн үдэш ” концертоор эхэлсэн бол “Анатолий, Нарны орон” төгөлдөр хуурын концертоор үргэлжилнэ. Мөн жуулчид гэхгүй монголынхоо үзэгч түмэндээ зориулж уламжлалт тоглолтууд болно. Долдугаар сарын 4-ний өдөр дуурийн гадна талбайд “Best of classics” тоглолтыг, долдугаар сарын 10-ны орой Чингисийн талбай дээр “Учиртай гурван толгой” дуурийг тоглох гэж байна. Зөвхөн жуулчид гэлгүй дотоодын үзэгчидэдээ зориулсан уран бүтээлүүдийг тоглож байна.
-Манай уран бүтээлчид долоо хоног бүр дэлхийн сонгодог дууриудыг тавьж байгаагаараа чадварлаг гэдгээ харуулж байна. Гэтэл дуурийн урлаг дэлхийн бусад оронд ямар байдаг вэ?
-Манай уран бүтээлчид өнөөдөр хүчтэй, чадварлаг гэдгээрээ тавьж байгаа дэлхийн сонгодог дууриудаар харуулж чаддаг. Харин дэлхийн бусад оронд бол өөр. Тэнд бол манайхан шиг ингэж долоо хоног бүр дуурь тоглогдохгүй. Нэг дуурь сонгосон бол түүнийг 5-6 сар бэлтгэсэний дараа 10 хоног тасралтгүй тоглох жишээний. Гэтэл манай уран бүтээлчид бол тэгдэггүй. Өнөөдөр(өчигдөр) И.Штраусийн “Оргилуун дарс” дуурийг тоглолоо. Ирэх бямбад “Сэвилийн үсчин”, дараагийн долоо хоногт “Чио Чио Сан” дуурийг тоглоно. Энэ нь бидний нэг онцлог. Үзэгчидэдээ долоо хоног бүр дэлхийн сонгодог дууриудыг тавьж байна гэдэг бол томоохон хүндлэл юм. Мөн үзэгчид маань энэхүү боломжийг бүү алдаарай гэж хэлмээр байна.
-“Венийн үдэш” цэнгүүн ард түмний сэтгэлд нилээн ойр боллоо. Тэр дундаа хүмүүс талбай дээр бүжиглэнэ гэдэг бол бас нэгэн цэнгэлийг авчирлаа гэж үзэж байна.
-Сонгодог урлагаар Моцарт, И.Штраус, Вени гэдэг бол дэлхийн хөгжмийн дээвэр гэж ойлгодог. Дэлхийд бүгдээрээ Венээс суралцдаг. Венид очсон сонгодог урлагийг бодитоор мэдэрч ирдэг. Тиймээс учраас Венийн тоглолт бол их онцгой байдаг. “Венийн үдэш” цэнгүүнийг талбай дээр хийж, “Оргилийн дарс”-ыг тоглолоо. И.Штраусийн хөгжим бол хамгийн тансаг хөгжим. Дэлхийд гайхагдсан энэ хөгжим дууриасан олон олон вальсийн дэлхийн олон оронд гарч байдаг. Манайд хүртэл Штраус гэдэг нэртэй хүн гарч байсан.
-Хэн байх уу?
-Хөгмийн зохиолч асан Түмэнжаргалын “Цэнгэлийн вальс”-ийг хэлдэг. Штраусийг шүтсэнээрээ энэ хүн монгол аялгуут гаргалаа. Вальс бүжнэ гэдэг бол өөрөө тухайн хотын соёл юм. Нийтийн бүжиг хийснээрээ хүнд олон сайхан зүйлийг өгдөг. Эрүүл мэнд, гоо сайхан, бие биенээс хүндэтгэх хүндлэл гээд. Тиймээс И.Штраусийн энэ тансаг оргилуун эрч хүчийг хүн бүр сонсож, мэдрэх хэрэгтэй.
-Манайхан сонгодог урлагаас гэрэвшээд байдаг юм болов уу?
-Манай үзэгчидэд тийм хандлага бий. Сонгодог урлагийн үүд рүү орж чадахгүйд байгаад байна. Дуурь, балет үзэх гээд театрт ороод үз. Харин үзээд гарсан хойноо насаараа энэ урлагийг мартахгүй. Тэгэхээр “Учиртай гурван толгой” дуурь, “Хунт нуур” балетийг хүн үзээд насан туршдаа мартаж чаддаггүй учир л “сонгодог” гэж нэрлээд байгаа юм. Тиймээс хүн заавал театрт орж, сонгодог урлагийг мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр дуурийн театрт дэлхийн сонгодог бүтээлүүд долоо хоног бүр тавигдаж байна. Та зориуд ирээрэй.
Ч.БОЛОРЧУЛУУН
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх бямба гаригт буюу 6 дугаар сарын 13-ны 17 цагаас Ж.Россини "Севилийн үсчин" дуурийг тоглоно. Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна.
Гол дүр:
Фигаро – А.Сайнбаяр СТА
Розина – Ө.Уянга МУГЖ
Альмавива – Г.Шижирболд
Базилио – Ж.Бямбажав
Бартоло – Б.Алтанхуяг СТА
Фиорелло – Э.Бумхүү СТА
Берта – Ш.Наранчимэг СТА
Офицер – Э.Бумхүү СТА
Амброджио – С.Баттулга
Бичиг батлаач – Б.Шинэбаяр
Найрал дуучид, симфони найрал хөгжим оролцоно.
Удирдаач – УГЗ Н.Туулайхүү
Найруулагч – УГЗ Л.Эрдэнэбулган
Туслах найруулагч – СТА Е.Сарантуяа
Утас : 70110389, 99196609, 88044508, 99024933, 99194570