Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилнө

Үндсэн хуулийн шинэчлэлт бол  сүүлийн дөрөв, таван жилийн турш хөндөгдөж байгаа том сэдэв мөн.

Улстөрчдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмждэг, мөн үүнийгээ нийгэм, эдийн засгийн захиалга гэж тайлбарлах нь олон. “Муу л бол захын хар овоохой” гэгчээр сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засагт  гарах болсон сөрөг үр дагаварыг Үндсэн хуультай холбох нь олшров. Уг нь улстөрчид өөрсдөө л “эцэг хууль”-ийн зүйл, заалтыг илтээр зөрчдөг шүү дээ.

Ерөнхийдөө монголчууд “эцэг” хуулиа шинэчлэх нь нэгэнтээ ойлгомжтой болсон.

Д.Дэмбэрэлийн парламентын үеэс ярих болсон “эцэг” хуулийн өөрчлөлтийг З.Энхболдын парламент ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа юм.  

Өөрөөр хэлбэл, энэ хаврын чуулганаар баталж амжихгүй бол ирэх намрын чуулганаар хэлэлцэх  болов уу гэсэн хүлээлт их. Ялангуяа дордохын долоо гэж нэрлээд байгаа 2000 онд нэмж оруулсан долоон заалтыг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал ч улстөрийн хүрээнийхний зүгээс гарах болсон юм.

Харин нөгөө талаасаа дээрх долоон заалтыг  Монголын төрийн үйл ажиллагааг тогтворжуулахад чиглэгдсэн, үүргээ ч гүйцэтгэсэн гэж тайлбарлах хүмүүс ч байдаг.  Учир нь Монголын төрд хэн ажиллах гол биш, төрийн аппарат саадгүй ажиллаж байх нь чухал болохоор тэр. Дөрвөн жилийн хугацаанд гурван засгаа огцруулж, УИХ нь  Ерөнхий сайдаа ч томилж чадахгүй Засгийн газрын сайдууд нь олон сар “СҮГ” /сайдын үүрэг гүйцэтгэгч/ төдийхөн явсан гашуун түүх Монголын улстөрд  бий.

Үндсэн хуулийн гол үүрэг бол хүн, нийгэм, төр гурвын харилцааг зохицуулахад чиглэгддэг. Өөрөөр хэлбэл,  Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр шимийг ард  түмэн хүртэх ёстойг хуульчид зүгээр ч нэг улстөрчдөд сануулаагүй байх.  Хэдийгээр Үндсэн хуулийг өөрчлөх нь нийгмийн захиалга байж болох ч нэг , хоёр намын сонирхол тэнд явагдах ёсгүй гэсэн үг.  Ийн хэлэх шалтгаан нь улс төр, санхүүгийн том реформ хийх зорилготойгоор парламентад суудалтай улс төрийн намууд сөрөг хүчингүй Засгийн газар байгуулсанд оршиж буй болов уу? Тэд ийм зорилготойгоор эрх мэдэл хуваалцах болсноо ч нууж, хаахгүй байгаа шүү дээ.

УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн ахлагчаар нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, гишүүд нь Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, С.Оюун, Н.Батцэрэг, Л.Болд, Д.Дэмбэрэл, С.Баярбогт, Л.Цог нарын гишүүд нар багтсан.  Нийтэд ил болоогүй ч, ажлын хэсгийнхний боловсруулсан хувилбарыг харахад “эцэг” хуульд хийж байгаа энэ удаагийн “мэс засал"-аар парламентын засаглалыг илүү боловсронгуй болгохоор шийджээ.  


Ингээд Н.Батбаяр гишүүнээр толгойлуулсан ажлын хэсгийнхэн боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонирхуулъя.

  • УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь тангараг өргөснөөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.
  • УИХ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэй болсноос хойш УИХ дахь олонхийг бүрдүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг 45 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэж чадаагүй бол УИХ өөрөө тарах буюу эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгоно.
  • Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн  гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно.
  • Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг УИХ, Улаанбаатар болон бусад аймгууд,Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нарыг  оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
  • Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхийлөгч шинээр сонгогдон тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийг хоёр сарын дотор сонгоно.
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хасах
  • Монгол Улсын Засгийн газар нь Сангийн яам, Дотоод хэрэг, хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам , Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам,  Хөдөө аж ахуйн яам , Дэд бүтцийн яам гэсэн есөн яамтай байна.
  • Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан  гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно.
  • Ерөнхий сайд Засгийн газрын  гишүүдээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар  Засгийн  газрын гишүүдийг томилсон УИХ-ын  тогтоол батлагдсанд тооцно.
  • Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд Улаанбаатар,Дархан, Эрдэнэт хот болон аймаг, аймаг нь суманд, хот нь хороонд сум нь багт хуваагдана.
  • Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймаг, хот сумын иргэдийн ИТХ-ыг гурван жилийн хугацаагаар сонгоно. Аймаг, хотын ИТХ-ын сонгуульд улстөрийн намууд оролцохгүй.

Эндээс харахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл багагүй хумигдахаар болж байна.  Сайн нь,  хууль батлагчид, бодлого боловсруулагчид байр, байрандаа очих нь. Өнгөрсөн хугацаанд УИХ-ынхаа дээр Засгийн газар нь “зайдагнаж” ирсэн нь худлаа биш.   Сү.Батболдын Засгийн газрын үед 16 гишүүнтэй Засгийн газрын танхимын 13 нь “давхар дээлтэй” байв.  Нөгөө талаасаа УИХ нь Засгийн газрынхаа ажлыг хийлгэхгүй байх нь улс төрд хэвийн үзэгдэл болсон. Өнөөдөр З.Энхболдын парламент Ч.Сайханбилэгийн засгийн бодлого болгоныг "бойкотлож", хэрхэн, яаж улстөржиж байгаа нь хэлүүлэлтгүй тодорхой байгаа  шүү дээ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт Монголд нүүрлэсэн засаглалын хямралыг тогтворжуулахад чиглэгдэж буйг хууль боловсруулагчид тодотгов.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр анхаарал татаж байгаа нэг асуудал бол Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох явдал.  Фракцууддаа, намуудад бялуу тараах хэлбэрээр сайдын сандал суудал тараах биш хэнтэй нэг танхимд  ажиллахаа Ерөнхий сайд  ерөнхийдөө өөрөө шийднэ гэсэн үг.  Учир нь фракцууддаа хөтлөгдсөн Засгийн газар хэврэгхэн, танхимын сайдууд нь Ерөнхий сайдаасаа хэзээд  урвахад бэлэнг  Н.Алтанхуягийг онхолдуулах үед "Шонхор"-ын гэх тодотголтой хоёр ч сайд үйлдлээрээ нотолчихсон юм даг.

Тэрчлэн оймсонд хавчуулагдан ордонд орж ирсэн хэмээн  Ц.Нямдоржид адлагддаг О.Баасанхүүгээс эхлээд  хэн дуртай нь засаг, төрөөрөө оролддог нь улс төрд энгийн явдал болсон.  Одоо ч Ч.Сайханбилэгийг сандал суудлаас нь авч хаяхаар Г.Уянга, О.Баасанхүү, С.Ганбаатар нар гар хөлийн үсэг цуглуулаад явж байна.  Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар  УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 21 гишүүн санал гаргахад л Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгддөг. Тэгвэл  шинэ төсөлд УИХ-ын нийт гишүүдийн олонх сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайд томилох санал тавибал шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцохоор тусгажээ.  

Үндсэн хууль хүнд зориулсан болохоор хүний нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөх нь гарцаагүй.  Гэхдээ  “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихож” болохгүй гэдгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс эхлээд олон хүн сануулдаг.  Ямар ч байсан Үндсэн хуулийг “ингэж өөрчилнө” гэж ажлын хэсгийнхэн анхны хувилбараа бэлэн болголоо. Та бидний амьд явах, амьдрах эрхийг маань хамгаалдаг Үндсэн хуульд  нэг иймэрхүү л өөрчлөлт хийгдэх нь. Бараг л Үндсэн хуулийг үндсээр нь шинэчлэх нь.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж