Оройхон гарч ширүүхэн дайрсан найруулагч Бэгзийн Балжинням

Хуучирсан мэдээ: 2015.06.07-нд нийтлэгдсэн

Оройхон гарч ширүүхэн дайрсан найруулагч Бэгзийн Балжинням

Уран бүтээлчид болон уран бүтээлийн тухай шүүн тунгааж бичнэ гэдэг миний хувьд зүгээр өөрийнхөө эрхээр уран бүтээл туурвихаас илүү бэрхтэй санагддаг юм. Үүний учир нь юу вэ хэмээвээс хүмүүний оюун ухааны дээд нь шинжлэх ухааны үүднээс авч үзвэл тооны ухаан байдаг бол урлаг, утга зохиол талаасаа хүний оюун ухааны мэргэн цэцний туйл, хүмүүний сэтгэл зүрхийг “байлдан дагуулж” уяруулж уясуулж чаддаг яруу найраг бол нэг талаас “тооны ухаан” хэмээн хэлж болмоор нарийн бүтэцтэй бөгөөд утга зохиол талдаа нэг сүндэр оргил нь бүлгээ.

Энэ утгаар авч үзвээс тэрхүү бурхны хишигтэй агуу бүтээлчдийн оюун ухаандаа алтыг шигшиж шилж бүтээсэн уран тансаг, ухаан эрдэм, билэг ерөөл халгисан бүтээлүүдийг зүгээр нэг учир үл мэдэх амьтан өөрийнхөө санаан зоргоор зомгол мэт хэрчээд байвал юу болох билээ. Өөрөөр хэлбэл шүүмжлэгч, судлаач хүмүүн наад зах нь урлаг, утга зохиол, түүхийн асар их мэдлэгтэйгээс гадна тэрхүү урлаг, уран зохиолынхоо зовлон жаргалыг мэддэг мэдэрдэг, тэр тусмаа сайжруулж, дээшлүүлэх хэмээсэн чин үнэн санаатай нэгэн бээр байдаг билээ.

Тийм агуу хүмүүс дэвэн дэлхийд олон байсныг хуудас хэмнэх үүднээс дурдалгүй түр орхиё. Та бүхэн мэднэм зэ. Урлаг хэмээх нь хүмүүнд бурхны хүртээсэн агуу их хишиг бөгөөд түүний дотроос уран бүтээлчдийн урласан мөнхийн туурвил нь тэдний сэтгэл зүрх, оюун ухаанд гэнэт хуйлран шуугисаар орж ирдэг шударга үнэний их шуурганы “илтэс” төдий зүйл бүлгээ. Тэрхүү “алтны нэгэн тоос” хүн бүхэнд янз бүрээр ухагдан ойлгогддог учраас хүмүүн төрөлхтөн урлагийн аливаа бүтээлийг ухааныхаа “шанаганы” хэмжээгээр уудалж авдаг юм.

Зарим нь таашаан хүлээж авдаг бол зарим нь ухаан мулгуугийн гайгаар үзэн ядах ч тохиолдол гардаг ажээ. Жишээ нь: агуу их Н.В.Гоголь “Байцаагч түшмэл” жүжгийнхээ нээлтэд оролцож, жүжгийнхээ эцэст тайзан дээр зогсож ахуйдаа ихэд хөөрөн баясан инээлдэж буй усан тэнэг түшмэлүүдийг хараад үзэн ядахдаа тэсч чадалгүй “Энэ чинь та нар өөрсдөө шүү дээ” хэмээн хэлснийхээ “шанд” амьдаараа оршуулагдсан түүх байдаг юм.

Гэтэл тэр цаг үеэс хойш гурван зуун жил өнгөрсөн боловч үе үеийн ихэрхэг зантай усан тэнэг амьтад байсаар л байгаа нь олон зүйлээс одоо хүртэл харагдсаар байна. Хүмүүний оюун ухаан цэлмэн гийж, ундран цалгиж, гэгээрэн гэрэлтсээр авч усан тэнэг луйварчдын хорлол мөн л адилхан нарийссаар буйг сануулан хэлэхэд буруутах юун билээ. Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд дээр хүүрнэсэнчлэн монголын дэлгэцийн урлагт гэнэт “цоорон” гарч ирсэн найруулагч, зураглаач Бэгзийн Балжиннямын тухай бичнэ гэдэг өчүүхэн бичээч миний хувьд бас л хүндхэн байсныг өгүүлэх юун.

Учир нь энэ давтагдашгүй уран бүтээлч өвөрмөц арга барилтай, хөдөлшгүй, нугаршгүй үзэл бодолтой, бас яггүй ааш араншинтай, тэр тусмаа өөрийнх нь тухай гадаад дотоодын олон судлаач, шүүмжлэгчид, эрдэмтэд, жирийн үзэгчид сайлж, муулж есөн зуун өнгө төрхөөр өгүүлэн “үйл тамыг” нь барчихсан болохоор тэрбээр хир баргийн юмнаас залхчихсан юм шиг санагддаг юм. Нэрт найруулагч, зураглаач Бэгзийн Балжинням 1943 онд Ховд аймгийн Чандмань сумнаа мэндэлжээ.

Тэрбээр аав, ээждээ тусалж хонь хариулж явахдаа бага насны гэнэн боловч цэлмэг оюун ухаанаараа элдвийг эргэцүүлэн бодож, зарим зүйлийг уран санааны үүднээс ургуулан сэтгэж явсан нь тэнгэр бурхан түүнд урлагийн чиглэлээр багагүй хишиг хүртээсний хувь ерөөл байлаа. Түүний амьдрал амар амгалан, тайван дөлгөөн байгаагүй нь тэр цаг үеийн Монгол орны нийгмийн хямралын ширүүн шуурга түүний ахуй амьдрал, тунгалаг ариун сэтгэл зүрхэнд нь хортон суулгасантай холбоотой юм.

Эцэг Дэрэм нь тухайн төр засгийн аймшигт дайсны нэг хэмээгддэг асан одоо зөвдсөн Дамбийжаагийн хөтөч хэмээх албыг хашиж явсны учир “ардын засгийн эсрэг этгээд “ хэмээгдэн хилс хэргээр шийтгэгдсэний улбаагаар бага сургуулийн сурагч бяцхан Балжинням давхар хэлмэгдэн нэг гунигт , муу ёрын өдөр хичээл дээрээсээ сурах эрхээ хасуулан шууд хөөгдөж байжээ.

Гэвч бурхан харж ах Бэгз нь түүний дараа жил 1952 онд Говь-Алтай аймаг руу бараг зугтан гэрээрээ нүүж, Балжиннямыг өөрөөрөө овоглон сургуульд оруулсны ач буянаар түүний хувь заяа тэс өөрөөр 180 градус эргэжээ.

Орчлон хорвоогийн амьдрал эргэж хургаж байдаг хойно доо. Балжинням нэг удаа амьдралынхаа зурвас зүйлсийг надад дурсаж ярьсан төдийгүй 2007 онд нийтийн хүртээл болгосон номынхоо “Амьдрал, уран бүтээлийн бодрол” хэмээх дурсамжийн өгүүлэлдээ бичсэнээс үзэхэд кино урлагт дурлаж, бүхий л амьдралаа зориулахаар шийдэхэд нь монголын ахмад кино найруулагч Д.Жигжид гуайтай учирсан нэгэн азтай сайхан тохиолдол ихэд нөлөөлсөн ажээ.

Тэрбээр бичихдээ “…Намайг долоон настай байхад манайд нэг хачин хүмүүс очсон юм. “Полу” нэртэй машинд янз бүрийн хайрцаг сав, майхан тогоо шанага есөн шидийн зүйл ачсан хэдэн хүн байсан юм…” гээд ямар кино авч байсан юм бүү мэд нэг киноны зургийг яаж авч байсныг бахдан харж гайхан бахархаж байснаа өгүүлээд “ … Нөгөө ах Харж бахархсан хүн нь Д.Жигжид гуай байж.Д.М. их л сайхан зантай байх бөгөөд миний хажуугаар өнгөрөхдөө гартаа барьж явсан хачин юмыг нь ЗАЛГИЧИХ ШАХАН харж байсан миний толгой дээр гараа тавиад:

– Гоё эд байгаа биз дээ, кино зургийн аппарат гэдэг юм. Чи харж үзсэн үү? гээд дуран шиг нүхээр нь намайг харуулсансан…” дээр дурьдсан номын 9-р тал хэмээн бичжээ.

Эндээс үзэхэд нэрт найруулагч Д.Жигжид гуай түүний ирээдүйн мэргэжлийг заагаад өгч орхисон хэрэг байжээ. Тэрбээр 1962 онд дунд сургуулиа төгсөөд ЗХУ-ын БХКУДС-д суралцан 1969 онд зураглаачийн мэргэжлээр төгсөж ирээд “Монгол кино” үйлдвэрт мэргэжлээрээ ажиллан, 1982 оноос ерөнхий найруулагч, 1990 оноос Соёлын яамны сайд, 1993 оноос “Чингис фильм” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллажээ. Нийт 80 гаруй баримтат кино, 15 уран сайхны киноны зургийг авч, есөн уран сайхны киног найруулан, долоо кино зохиолыг дангаараа болон бусадтай бичжээ.

Б.Балжинням 1970 онд “Улаан дарцаг” киноны зургийг авснаар уран сайхны бүтээлийнхээ ирмүүн гарааг анх эхэлсэн юм. Тэрбээр энэ кинонд Батын улаан дарцаг дэрвүүлэн давхиж яваа үйл явдлыг нэлээд урт дагуулал зураг панорамм аар авч уг киноны бадрангуй аяс, ардын хувьсгалын утга учрыг билэгдэж харуулсан бол, хувьсгалч цэрэг Жамхүүг дайсан гэнэдүүлэн буудахад хүмүүс битүү тойрог болон очиж буй хэсгийг дээд цэгээс ракурсаар зураглаж ард түмэн хувьсгалчдаа дээдлэн хүрээлж байсныг илтгэж харуулсан зэрэг уран дүрслэлийн олон өвөрмөц аргуудыг дүүрэн ашигласан бөгөөд ялангуяа гол баатар Батын зүүдний хэсгийг өнгөт хальсаар зураглахдаа өнгө,гэрлийг сонин арга хэлбэрээр шийджээ.

1972 онд тэрбээр “Ичээнд нь” киноны зургийг авахдаа мөн дээд цэгийг утга төгөлдөр хэрэглэсэн байдаг. “Улаан дарцаг” кинонд ард түмэн хувьсгалчдаа тойрон хүрээлж дэмжиж буйг дээд цэгээс дүрслэн утга учиртай харуулсан бол “Ичээнд нь” кинонд дээд цэгээр Жа лам гэгч Дамбийжаагийн үхширсэн хорон санаа, аминч үзлийг ерөнхий зураач Л.Махбалын ур, ухаанаар бүтээгдсэн олон давхар хүрээгээр тойруулж цогцлоосон хашаа, түүний доторх гэр өргөөг дээрээс нь тодруулж харуулсан зураглалаар илэрхийлсэн байдаг.

1975 онд “Хань “ киноны зургийг авахдаа Б.Балжинням гэрлийн утгачилсан шийдлийн уран сайхны арга хэлбэрийг Монгол кино урлагт жинхэнэ утгаар нь оруулж ирсэн юм. Энэ нь уг киноны гол дүр Наран /Н.Сувд/-гийн төрөхөөр хэвтэж буй үеийн хэсэгт харагддаг.

Эргэн тойрон цав цагаан, гэрэл уужуу амьсгаа /Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн найруулагч/ авмаар цэлмүүн, зураглал нь ч маш оновчтой, уран зураг шиг тодорхой зураглалтай байсан нь зураглаач Б.Балжинням, зураач Н.Сосорбурам нарын хамтын гайхамшигтай уран бүтээл болсон билээ. Мөн 1975 онд “Эх бүрдийн домог” киноны зургийг Балжинням авахдаа олон сонирхолтой аргыг хэрэглэсэн юм.

 Догшин харынхан ирж буй хэсэгт тэднийг цус урсах мэт час улаан тэнгэрийн наана силуэт хэлбэрээр хар дурс болгож авсан нь тэдний цусан санаа, хар муу хэрэг тарихаар ирсэнийг үзэгчдэд ойлгогдохоор харуулсан уран сайхны олзуурхууштай шийдэл болжээ. Мөн олон хэсэгт нэгж дүрсийн зохиомжийг өвөрмөцөөр бүтээжээ. Жишээ нь: ургаж буй нарны наагуур сүүдэрлэн алхаж буй тэмээдийн хөл нэгж дүрсийн зохиомжийн хувьд шинэлэг болсон төдийгүй цаг хугацаа, орчлон хорвоогийн үргэлжлэлийг дүрсийн хэлээр өгүүлсэн гүнзгий санаатай уран дүрслэл болсон байдаг.

Энэ мэтээр түүний зураглан бүтээсэн олон бүтээлүүдийг нэг бүрчлэн задлан шинжлэн өгүүлэх аваас үл дуусах тул түүний найруулж туурвисан бүтээлүүдээс нь авч үзье. Б.Балжинням найруулагч И.Нямгаваатай хамтран 1982 онд анх нэрт зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” зохиолоор дэлгэцийн бүтээл туурвисан юм. Энэ кино нь уран сайхны өндөр төвшинд бүтээгдсэн бөгөөд мөн тэр жил Москва хотноо болсон Олон улсын кино наадмаас хүндэт диплом хүртжээ.

Энэ киноны нэг онцлог нь жижиг зүйлээр том санаа илэрхийлж, билэгдлийн дүрслэлүүдийг оновчтой бөгөөд урнаар “шигтгэсэн”, бүх талаараа жигд сайн болсонд оршино. Киноны эхэнд байшингийнхаа дээвэр дээр сууж буй хүүхдүүдийг харуулсан нь энэ хүүхдүүдийн хувь заяа хаашаа эргэх бол хэмээх ноцтой асуултыг тавьсан уран дүрслэл болжээ.

"Гарын таван хуруу” кинонд дуу чимээний “тоглолт”, дуу чимээний жинхэнэ драматургийг монголын кинонд анх удаа хурц тодоор уран сайхны хэрэглүүр болгосон нь томоохон ололт болсон юм. Сүрэнгийн эхийг оршуулахаар бэлдэж буй үед ямар ч хөгжим, яриа үл сонсогдох бөгөөд хар, улаан даавуу урах, мод хөрөөдөх, хөрөөний хяхтнах гаслантай чимээнүүд уг үйл явдлыг улам эмгэнэлтэй, сэтгэл шимшрэм дүрслэл болгосон байдаг. Тэрчлэн хашаагий нь авсан хүн том сүхээр балбан нурааж буй дуу чимээ, дүрслэл нь хүн чанарын нуралтыг илэрхийлжээ. Энэ мэт урнаар дүрсэлсэн олон зүйлийг өгүүлж болохсон билээ.

Ийнхүү "Гарын таван хуруу” кино монголын дэлгэцийн урлагт нэг өвөрмөц өнгө аяс оруулж, хэсэг бүрээр утга агуулга илэрхийлж, жижиг зүйлээр том санааг дэвшүүлснээрээ үндэсний кино урлагийн цаашдын хөгжилд томоохон нөлөө үзүүлжээ. Б.Балжинням “Тань руу нүүж явна”, “Ацаг шүдний зөрөө”, “Сүүдэр”, “Хачин хүн” зэрэг бүтээлүүдийг туурвихдаа сэдвийн шинэчлэл хийгээд зогсохгүй хүний дотоод сэтгэлийг нээж харуулахад гол анхаарлаа хандуулдаг өөрийн “гарын үсгийг” тод зурсан өвөрмөц арга барилтай уран бүтээлч болохоо тунхаглан зарласан юм.

Түүний бүтээлийн оргил нь “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх туульсын хоёр том бүтээл билээ. Тэрээр уг бүтээлүүдийнхээ туульсын хэв шинжийг нарийн баримтаа дүрслэл, хэллэг, драмтургийн учир зүйг хэсэг бүрт анхаарахын хамт билэгдэл, зүйрлэлийг ч олон газар оновчтой шигтгэсэн нь өнгө донжоо ихэд олсон байдаг. Тийм учраас найруулагч Б.Балжинням монголын түүхэн туульсын кино бүтээлийн гол төлөөлөгч болон тодорчээ.

Дээрх бүтээлүүдэд монгол сэтгэлгээ хурц тод цогцлон жигдэрсэн нь мөнөөх найруулагчийн үндэс язгуураа дээдлэн эрхэмлэж, бүтээл болговдоо гүн гүнзгий шингээж ирсэний баримт болой. Монгол киноны хэв шинж нь бүтээл бүрийн дүр дүрслэлээр баяжин тэлж, хэвшин тогтож ирсэн нь үнэн боловч дээрх бүтээлүүдэд жинхэнэ өнгө төрхөө олсон хэмээн хэлж болно.

Энэ бол монголын кино урлагт оруулсан томоохон хувь нэмэр, томоохон амжилт юм. Туульсын энэ бүтээлүүдийг нэг өгүүлэлд дэлгэрэнгүй авч үзэх боломжгүй нь тодорхой бөгөөд энэ талаар даацтай судалгаа хиймээр гоочтой бүтээлүүд байдаг юм. Зөвхөн найруулагч Б.Балжиннямын уран бүтээлээр зогсохгүй монгол киноныхоо жинхэнэ одод болох уран бүтээлчдийн талаар гүнзгий судалгаа хийх цаг нэгэнт болжээ. Хөгжим, дүрслэх урлаг гээд манай урлагийн олон төрлүүдээр хэчнээн их бүтээл туурвил гарч, хэчнээн олон доктор төрсөн билээ. Гэтэл кино урлагаар ганц хоёр ном, хааяа нэг гардаг шүүмжнээс өөр юм алга. Үүнийг тогтолцоотой хөгжүүлмээр байна. Төр засгаас гуйлгүй өөрснөө ч ухааран судалж бичих цаг болжээ.

Энэ чиглэлд анхны атрын шанг татаж хувь хандив оруулах үүднээс миний бие монголын кино урлагийн онолын анхны ном болох “Дэлхийн болон монголын кино урлагийн чиг хандлага” хэмээх бүтээлийг туурвисан бөгөөд энэ бүтээлийг минь Монголын кино урлагийн академи ивээн тэтгэж, олон нийтийн хүртээл болгосон юм. Үүний дараа мөхөс миний бичиглэсэн ”Мандухай сэцэн хатан” киноны нууц хэмээх нэг бүтээлийн дагнасан судалгааны монголын анхны номыг мөн дээрх академи Монголын кино урлагийн 80 жилийн ойд зориулан хэвлүүлэх гэж байна.

Үүнийг эс өгүүлэн өгүүлэхүйд орчлонт ертөнцийн урган төлжиж, өсч өндийж шинэчлэгдэж байдаг хуулиар монголын нэрт найруулагч, зураглаач Б.Балжиннямын хүү Амарсанаа бас л аав шигээ монголын кино урлагийн тэнгэрт гэнэт “цоорон" гарч “Хоёр шөнө, гурван өдөр” хэмээх бүтээл туурвиж, монголын кино урлагийн нэртэй наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн юм. Энэ бол том амжилт. Эл кино нь түүний авьяас билэг, сэтгэлгээ, ур чадварын тэнхээг нэгэн жигд харуулж билээ.

Тэрбээр дараа нь уран бүтээлийн “солио” тусч хэд хэдэн кино бүтээсний “Хүний хүүхэд” кино нь дээрх наадмаас хоёр шагнал хүртсэн гэж бодохоор бас ч хоосонгүй авьяаслаг уран бүтээлч болохыг харуулдаг билээ. Найруулагч Б.Амарсанаа хэдийгээр эдүгээ төрийн алба хашиж зав чөлөөгүй яваа боловч “уран бүтээлээ хийнэ” хэмээн надад ярьдаг юм.

“Үг олдож, үхэр холдоно” гэдэг шиг мөхөс миний үг дэндүү олдчих шиг боллоо. Эцэст нь хэлэхэд аав, хүү хоёр “цоорсон” уран бүтээлчдийн цаашдын бүтээж туурвих зам мөр үргэлж гэгээ гэрэлтэй байж, сэтгэл санаа нь тэнгэр мэт агуу, урлаж бүтээх сэтгэл оюун нь үргэлж сацран гэрэлтэж байх болтугай хэмээх ерөөлийн хадаг өргөмүү.

Кино зохиолч, судлаач ДҮЙНХОРЫН МЯГМАРСҮРЭН

Эх сурвалж: "Монголын мэдээ"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж