-Серена Уильямс “Их дуулга”-ын 20 дахь түрүүгээ хүртсэн бол Л.Шафарова анхны оргил амжилтаа үзүүллээ-
Талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос” тавдугаар сарын 24-д Парист эхэлсэн билээ. Шороон талбай дээр болдог “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолт бямба гаригт(VI.06) болж, АНУ-ын Серена Уильямс Чехийн Луция Шафароваг 6:3, 6:7(2:7), 6:2-оор хожиж, түрүүллээ. Энэхүү тоглолт Серенагийн хувьд нилээн хүнд болсон бөгөөд тэрээр тоглолтын өмнө ханиад хүрээд байсан. Гэсэн ч Серена хүчтэй өрсөлдөгчөө гурав дахь сэтэд 6:2-оор илүүрхэж, хожлоо. Алдарт Серена нийт долоон тоглолтоос 3, 4-р тойрогт Беларусын Виктория Азаренка, нутгийн теннисчин С.Стэфэнс, шөвгийн наймд Италийн Сара Эррани нарын хүчтэй тамирчдыг хожиж, финалд шалгарсан юм. Мөн аваргын төлөө түүнийг Мария Шараповаг буулган авсан Шафарова байсан ч тэр өөртөө итгэлтэй байж, ялалтыг авч чадлаа.
Энэ жил 33 настай дэлхийн манлай теннисчин Серена Уильямс “Ролан Гаррос”-ын гурав дахь, нийт “Их дуулга”-ын 20 дахь цомоо хүртэж байна. Тэр дундаа Серена энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн” болон “Францын нээлттэй тэмцээн”-д дараалан түрүүлээд байна.
Харин тус тэмцээний дэд аваргаар шалгарсан Чехийн Л.Шафарова шөвгийн наймд аваргаа хамгаалахаар тоглосон ОХУ-ын Мария Шараповаг, хагас шигшээд Сербийн Ана Иванович нарын шилдгүүдийг хожиж, шигшээд шалгарсан билээ. Энэ жил 28 настай Шафарова “Ролан Гаррос”-ын ганцаарчилсан ангилалын аваргын төлөө тоглоод ялагдсан ч өнөөдөр хосын финалд үлдээд байна. Тэрээр АНУ-ын Б.Маттек Сандстой хослон тоглохдоо долоод эрэмбэлэгджээ. Тэдний өрсөлдөгч Австрали, Казахстаны хослол аж.
Серена энэхүү тэмцээнд түрүүлснээр 1 сая 800 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэж, чансаандаа 2000 оноог нэмэрлэжээ. Харин дэд аварга Л.Шафарова 900 мянган еврогийн шагнал хүртэж, 1300 оноог авснаар чансаагаа 7 хүртэл өсгөж чадлаа. Тэрээр “Ролан Гаррос”-т 13-т эрэмбэлэгдсэн тоглосон юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолт болох бөгөөд дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Швейцарийн Стан Вавринка нарын шилдгүүд шалгараад байна. Жокович тус тэмцээнд гурав дахь удаагаа финалд шалгарч байгаа бол Вавринка анх удаа аваргын төлөө өрсөлдөнө. Тус тэмцээнд сүүлийн арван жил ноёрхож байсан Испанийн Рафаэль Надаль(9 түрүү), Швейцарийн Рожер Федерер(1 түрүү) нар шөвгийн наймд хожигдсоноор шинэ аварга төрөх юм.
Ч.БОЛОР