Гацууртын ордод төр хувь эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2015.06.06-нд нийтлэгдсэн

Гацууртын ордод төр хувь эзэмшинэ

УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхийн өмнө Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргаж байсан бол хаврын чуулганы төгсгөлд тус ордын хувь эзэмшлийг тогтоож мэдэх нь.

Засгийн газар ээлжит бусаар өчигдөр хуралдаж, Гацууртын ордод төр 34 хүртэл хувь эзэмших шийдвэр гарган, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Тавантолгой төсөл урагшлах эсэх нь ойлгомжгүй, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан ч хөрөнгө оруулалт богино хугацаанд орж ирэх найдвар бага тул цаг хожоод Гацууртыг хөдөлгөх нь зөв алхам байж болох. Гол нь төр Гацууртад 34 хувь эзэмшихэд түүндээ шаардах хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавигдах ч одоогийн нөхцөлд тийм боломж байхгүй. Тэгэхээр УИХ Гацууртын ордод төр хувь эзэмшихгүйгээр татвараа аваад явах хувилбарыг сонгож мэдэх юм. Ийм жишгийг УИХ өнгөрсөн өвөл Цагаан суваргын орд дээр анхлан тогтоосон. Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрлийг МАК эзэмшдэг бол Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд" компани эзэмшдэг. Эхнийх нь зэсийн орд бол хоёр дахь нь алтны орд юм.

Гацууртын ордын судлагдсан нөөцөөр 50 тонн орчим алттай, технологийн нөхцөл байдал сайжирвал нэмж 20 тонн алт олборлох боломжтой.

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд тусгаснаар уурхайн олборлолт 9 жил, үйлдвэрлэл 10 жил үргэлжилнэ. Энэ хугацаанд 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим  тэрбум төгрөгний ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-д тусгаснаар алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300 ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авах боломжтой байгааг тодотгожээ.

Ашиг дээр өнгөрсөн хугацаанд асар их маргаан өрнөсөн удаатай. Дээр нь гурван сумын нутгийг дамнан үргэлжлэх Ноён ууланд Хүннүгийн үеийн түүхийг гэрчлэх олон арван булш бунхан оршдог нь иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй тулж, Гацууртын ордоос алт олборловол түүхийн үнэт олдвор устаж үгүй болох аюултай тулна гэх суртал ухуулгатай тулсан юм. Маргааныг таслахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тал бүрийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг мөн зохион байгуулж байлаа. Тухайн хэлэлцүүлэгт оролцсон холбогдох албаны хүмүүсийн хариултаар Гацууртын орд нь Ноён уулаас 10 гаруй км зайд орших тул олборлолт явуулахад байгалийн хэвлий хөндөгдөхгүй гэх амлалт өгч байсан ч иргэний хөдөлгөөнийхний зүгээс олборлолт хийх шатанд хорт бодис ялгарч 50 тонн алтнаас илүү хохирол амсах аюултайг сануулсан юм.

Харин Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ Ноён уулыг хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр бие даагч гишүүд болоод иргэний хөдөлгөөнийхний сэтгэлд нийцэх юм болов уу, яах юм бол… Дээр нь Засгийн газар хуулийн төслийг өргөн мэдүүлэхээсээ өмнө нутгийн иргэдийн санал бодлыг сонссон л байгаасай.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж