Хүн төрөлхтний гар утастай танилцсан түүх тун саяхных. Тодруулбал, 40 гаруйхан жилийн түүхтэй. Гар утсанд “ухаалаг” гэх тодотгол орж, хүүхэд гэлтгүй хүн бүрийн хэрэглээ болсон нь бүр ч саяхны түүх. Гэвч хагас зуун жил ч хүрэхгүй энэ хугацаанд хүн төрөлхтөн улам залхуу болж тэдний үйл ажиллагааг ухаалаг утас орлох болжээ . Хүүхдүүдэд ном авч унших мөнгө нь байгаа ч хүсэлгүй, ухаалаг утас авах хүсэл байвч мөнгөгүй тийм цаг үе иржээ.
Тэгэхдээ хүүхэд утас байх нь зөв ч, тэр нь ухаалаг байх нь тийм оновчтой сонголт биш ажээ.
Ухааалаг гар утсыг сургуулийн орчинд хязгаарласан олон улсын туршлага олон.Тухайлбал, Японы Айчи мужийн Кария хотод бүх бага болон дунд сургуулийн сурагчид оройн 21.00 цагаас хойш ухаалаг гар утас ашиглахыг хоригложээ. Хотын захиргаанаас Японд нийтлэг тохиолддог бусдыгаа дээрэлхэх үзлээс гадна сурагчдын анхаарал төвлөрөлт, эрүүл мэндийг бодолцон ийм шийдвэр гаргасан байна. Тус хотод эцэг, эхүүд хүүхдийнхээ гар утасны хэрэглээг оройн 21.00 цагаас хязгаарлах бөгөөд интернэт орчинд холбогдох төхөөрөмжүүдийг хамт салгах ёстой аж. Энэ нь ч үр дүнгээ өгч, сурагчдын нийгмийн идэвх сайжирч, сурлагын амжилтад нь огцом өссөлт гарчээ. Гэвч хамгийн чухал нь, багш нар сурагчдад аль болох интернэт орчмоос хол даалгавар, бие даалт өгөх хэрэгтэйг сануулжээ.
Дэлхийн 1.1 сая гаруй оюутан төвлөрдөг оюуны төв АНУ-ын Нью-Йорк хотын сургуулиуд сургуулийн орчинд гар утсыг бүрэн хориглосон байна. Гэвч есдүгээр сарын 11-ний халдлагын дараа нийгмийн сэтгэлзүйн түгшүүр нэмэгдсэнтэй зэрэгцэн хүмүүсийн гар утасны хэрэглээ ч дагаж нэмэгджээ. Тиймээс хотын захиргаа тогтоолоо эргэн харах шаардлагатай болж зөвхөн сургуулийн орчин болон оюутны хотхонуудад ухаалаг гар утасны хэрэглээг хориглох болгон өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, оюутан сурагчид эцэг, эхтэйгээ дуудлага хийх зорилгоор л энгийн гар утас хэрэглэх боломжтой. Хамгийн сүүлд АНУ-ын Виржина, Мэрилэнд хотууд сургуулийн орчинд ухаалаг гар утас хориглох заалтыгмөрдөж эхэлсэн байна. Ингэснээр сурагчид хичээлийн цагаар чатлах, нийгмийн сүлжээнд холбогдох, утсаар дамжуулан гэмт бүлэглэлүүдтэй холбоо тогтоож, уруу татагдах зэрэг үйлдлүүдийг таслан зогсоож чаджээ. Зарим сургуулийн сурагчид сургууль руу орохдоо гар утсаа хадгалуулах газарт утсаа хадгалуулж, оронд нь цайны мөнгөө авдаг байна.
Испанийн Кастил-Ла Манча муж гар утасны хэрэглээг сургуулийн орчинд өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн хязгаарласан байна. Тус мужийн 14-32 насныхны 95 хувь нь гар утас хэрэглэдэг тэдгээрийн 67 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг байжээ. Харин энэхүү хязгаарлалтын дараа нийт гар утас хэрэглэгчдийн тоо буураагүй ч ухаалаг утаснаас татгалзагчдын тоо 54 хувьд хүрчээ. Сурагчид тэмдэглэлийн дэвтэр бараг хэрэглэхээ больсноос гадна, гэрийн даалгавартай эсвэл маргааш шалгалттай, эсэхээ тэмдэглэж авахаа байж, бэлдэхгүй болсноор сурлагын хувьд тун тааруу болжээ.Түүнчлэн газар зүй зэрэг зарим хичээлд сурагчид багшийн ярьж байгааг дуу хураагуур, видео маягаар бичиж авч, бие даалт зэрэг зарим судлах ажлаа интернэтээс хайгаад вэбийн линктэй нь засч, янзлалгүй хуулаад ирэх болжээ. Хамгийн гол нь тухайн бие даалтаа хамгаалах чадвар байхгүй болсон байна. Тиймээс тус мужийнхан ийм шийдвэрт хүрсэн байна. Түүнчлэн тус улсын гадаад хэлний нэгэн сургууль франц хэлний хичээл дээр гар утас ашиглан сурагчдын хэлний чадварыг сайжруулах арга хэрэглэж байгаа бөгөөд олон улсын хэлний гэх тодотголтой сургуулиуд, багш нар өөрсдөө гар утасны хэрэглээ өндөртэй байгаа нь сурагчдад нөлөөлж байна гэж үзжээ. Багш нар зарим тохиолдолд хичээлийн үеэр интернэтэд холбогдож, хэрэгтэй мэдээллээ тэр дор нь авчихаж байгаа нь хичээлийг төлөвлөгөөгүй, системгүй зааж байна гэж үзсэн байна. Тиймээс сургуулийн орчинд багш нарын ч мөн өөрсдөө ухаалаг гар утас, ухаалаг төхөөрөмжийг хязгаарлажээ.
Шотландын багш нарын холбоо гар утсыг хичээлийн цагаар албан ёсоор хориглохыг уриалан, эцэг эхүүдтэй хамтран Засгийн газартаа санал гаргасан байна. Шотландын Засгийн газрын зүгээс гар утас нь кибер хүчирхийлэл үүсгэж, сурагчдын анхаарал сарниулж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн дүгнэж, энэ асуудлыг боловсролын бодлого болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Харин Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг хэд хэдэн улсад интернэт, ухаалаг гар утас, төхөөрөмжинд донтсон хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төв, сэтгэцийн эмнэлгүүдэд ухаалаг утсанд донтогсдод зориулсан тасаг хүртэл нээсэн байна. Өөрөөр хэлбэл, тэнд ухаалаг утсанд донтохыг шинэ төрлийн өвчинд тооцох болсон байна.
Ухаалаг гар утас бидний амьдралд маш их хэрэгтэй. Гэхдээ сургуулийн орчинд хүүхдүүдэд бол хэрэггүйг дээрх улс орнууд мэдэж, мэдэрч хоригложээ. Ухаалаг утасны хэрэглээ нь таны хүүхдийн хөгжих ёстой тархийг, оюун санааг хөлдөөдөг байна.
Хүүхдүүдийн маань бүтээлч сэтгэлгээнд саад болж, сурлагын дүн, тэр байтугай ааш занд нь хүртэл нөлөөлж байгаа ухаалаг гар утсыг энгийн товчлууртай, холбоо барих гар утсаар сольё.
Гэртээ ч ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах ашиглахгүй журам мөрдье. Ялгаатай шүү. Сургуулийн орчинд бүр хориглож, гэртээ хязгаартай хэрэглэж суръя. Технологийн суутан Стив Жобсын гэрт энэ дүрэм үйлчилж байсан гэдэг. Тэрээр гэртээ гар утас хэрэглэхгүй байх журмыг хэрэгжүүлснээр номын сан дахь номны тоо нэмэгдэж, гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх цаг хүртэл ихэссэн гэдэг.
Сургуулийн орчин дахь 3G, “Wi-Fi”-ийн сүлжээг бууруулъя. Гадаадын их сургуулиудад ийм хандлага их байдаг бөгөөд хүний эрхийн хууль зөрчиж байгаа мэт боловч бүтээлч байдлыг сайжруулахад тустай. Сургуулийн анги танхим “Wi-fi” орчингүй, сүлжээ унадаг байхад сургууль дээр утас хэрэглэх боломжгүй болно. Түүнчлэн фэйсбүүк, инстаграм гээд өсвөр насныхны хамгийн их ордог нийгмийн сүлжээг сүлжээнээс блоколж, орох боломжгүй болгох.
Ухаалаг утас оюун санаагаар дамжиж зөвхөн сурлагад сөргөөр нөлөөлдөггүй. Эрүүл мэнд, хүчирхийлэлд өртөх, интэрнэт орчны замбараагүй хэрэглээнээс өөрийнхөө нас онцлогт тохироогүй зүйл үзэх зэргээр бидний хүүхдийн балчих оюун мэдээллийн террорт ч өртөж байна. Ямарч хэрэглээ хэтрэхээрээ дон болддог. Бид мансуурагч, архинд донтсон хүмүүсээс айж, тэднийг аймар гэж боддог ч гар утас бидний шим шүүсийг сорж байгаа. Гар утасны хор хөнөөл бол тамхинаас илүү хортой гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй. Ялангуяа гар утасны хөнөөл хүүхдэд 10 дахин нэмэгдэж очдог аж. Учир нь хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг байна. 20 хүртэлх наснаасаа өмнө гар утас хэрэглэсэн хүүхдүүдийн тархины үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж, зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг , оюун ухаан, тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг, оюун санааны хямрал, стресст орох шалтгаан болдог, анхаарал сулруулдаг, цусны эргэлтийг удаашруулж, дархлааг сулруулдаг, генетикт нөлөөлдөг гээд гар утасны сөрөг үр дагавар, хор уршгийн талаар хүн бүр л мэддэг, сонссон байдаг. Ерөнхийдөө бол “Гар утас эрүүл мэндэд хортой”-г хүн бүр мэддэг хэрнээ өдөр тутам сонссоор дасал болсон уу, энэ тал дээр ач холбогдол өгөхөө больсон.Ямар аюултайг нь ойлгодог хэрнээ холдож чаддаггүй, тийм л эд. Гэхдээ бид дадал зуршлыг олж авсан шигээ, эргээд засах, үгүй болгох боломж 100 хувь. Ердөө үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх биш өөрөөсөө эхлэн тэмцэх хэрэгтэй болоод байна. Гар утас хүний эрүүл мэндэд хортой, эсэх талаар судлаачид төдийгүй олон нийт маргаж байна. Гэхдээ гар утас эрүүл мэнд гэхээсээ илүү хүмүүсийн хоорондын харилцаанд хамгийн их хор нөлөө учруулж байгааг эрдэмтэд нэгэнт тогтоожээ.
Н.ЦЭНД