Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Монгол гэдэг айл

Мандаа, Анхмаа нэг хөнжилд ороод 20 гаран жил болсон ч гэрлэж чадаагүй сонин хосууд. Шөнөөр голцуу уулзаж, хөнжилд голцуу хайр сэтгэл ярьдаг хэрнээ салж нийлэхдээ сүртэй. Ёстой сенсацтай хоёр. Энэ хоёрын амьдрал ахиж гавьсан зүйлгүй өнөөг хүрэхэд хавь ойрын айл саахалтууд аж амьдралаа дээшлүүлэн босгож, арилжаа наймаа хийн ахуйгаа өөд татах нь тэр хоёрыг хааяа бухимдуулан уурлуулж хэрүүл маргаан хийх нь тасрахгүй.

Эдний гэрт уг нь өвөг дээдсээс нь уламжлан ирсэн үнэтэй үнэгүй зүйл олон боловч учираа олохгүй хоёрт нэмэр болохоосоо нэрмээс болно. Түүний нэг нь уламжлагдаж ирсэн зэс, алтаар хийсэн сайхан домбо байсан юм. Хогшлууд дотроос ухаж гаргаж ирсэн эдлэлийнхээ үнэ цэнийг мэдэхгүй нь гайгаар гадны гийчинд хямдхан өгчихсөн билээ. Муугийн ухаан үдээс хойш гэдгийн үлгэрээр зарсан хойноо харамсаж түүнээс үүдэлтэй хэрүүл Мандаа, Анхмаа хоёрын дунд одоо ч ид ассаар байгаа. Олон хүүхүүдийн арай овсгоотой Оожий хүү нэг өдөр гэр барин өрөх тусгаарлаж амьдрана. Өвлөж ирсэн хар даавуунд боосон 6 алтан ембүүг авна гэх нь тэр. Гэнэтийн энэ үгийг сонссон эцэг эх хоёр нэгэн манан будантай өдөр “Яаж бүгдийг нь өгөх вэ” гээд нэг алтан ембүүний талыг өгөхөөр шийдэж өрх тусгаарлаваа. Оожий хүү аав ээж хоёрын арга эвийг мундаг олдог төдийгүй аль алийг нь яаж аргалахаа бас сайн мэднэ. Гэвч Мандаа Анхмаа хоёрын амьдрал дээшлэх бус улам уруудаж амьдрахад бэрх болов оо. Хагас ембүүд сэтгэл нь үл цадсан Оожий хүү үлдэгдэл ембүүгээ авахаар улиарав.

Тэрээр зүүн уулын цаана байдаг голын цаадах айлын хүү Сумхүү, урд уулын цаана байдаг баян айлын хүү Шинэхүү хоёрыг дагуулан иржээ. Үлдсэн алтан ембүүнүүдийг зарж төрж өссөн гэр орноо өөд нь татаж тус дэм болъёо гэж аав ээжийгээ ангайлгажээ…

Оожий хүү нэг алтан ембүүг 30 хувааж хэсэг хэсгээр нь хоёр найзтайгаа зарах юм гэнэ. Зарсан мөнгөнөөсөө хоёр найздаа төдийгүй өөрийнхөө дүү Эрдэнэд бас хувь хүртээх юм гэнэ. 30 хэсэг хуваасан алтаа олон жилээр зарах тул Эрдэнэ дүүд ногдсон хувь хэмжээ нь ар гэрийн амжиргаанд нэмэр болох боловчиг өөдлөн дэвжүүлж гавихгүй ээ. Үүнийг сонссон аав, ээж хоёр хоорондоо хэрэлдэж яах учираа олохгүй байлаа. Хоорондоо хэрэлдэх төдийгүй хоёр биеийн бодол санаа нь хүртэл өөр өөртөө зөрчилдөнө.

Уг нь Сумхүүгийн баян аав нь эдний амьдралыг дээшлүүлэхэд нь чадахаараа тус дэм болно гэж ам гарч байсан удаатай. Аав Мандаа, ээж Анхмаа хоёр ийнхүү бодвоо: Оожий хүүгийн бодлоор явж, 30 хуваасан алтан ембүүгээ хэдэн жилээр зарж, Эрдэнэд ногдсон хувиар амьдралаа өөд нь татаж гийгүүлэх нь үгүй бололтой. Харин нэг мөсөн 3 алтан ембүүгээ арай хямдаар урд уулын цаадах Шинэхүүгийн аавд нэг мөр борлуулж зараад олсон мөнгөөрөө аж амьдралаа дээшлүүлж, алтаа хэсэглэж зарснаас хавьгүй ашигтай наймаа хийж байнга орлого олдог саальтай үнээ нижгээдийг, тээвэр хийдэг тэмээ, хөсөглөх уналага адуун сүрэг, ноолууртай ямаа олныг авч нөгөө хэдэн хүүхдээ ажилтай болгож гэр тусгаарлаж бүгдээрээ хөгжиж дэвших нь хамаагүй дээр бус уу? Хэмээн гаслан сууваа…

Б.БУЯН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж