Сингапурын Элчин сайд Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Сингапурын Элчин сайд Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Петер Тан Хай Чуан-Тай Итгэмжлэх жуух бичгээ өргөн өнөөдөр барив.
Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг болохыг тэмдэглээд, энэ хүрээнд Бүгд Найрамдах Сингапур Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна хэмээн онцлов. Монгол Улс уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарыг цогцоор хөгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажил эхлүүлж байгаа энэ үед хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, нэмэгдүүлэх нөөц боломжийг илрүүлэх, нээх, ашиглах чиглэлээр манай талын холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах болно.

Мөн Сингапуртай төрийн албыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологи болон хөрөнгө, санхүүгийн зах зээлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий орны хувьд АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтад оролцох Монгол Улсын эрмэлзлийг  дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж