Зүүнхайрхан уулыг төрийн тахилгатай болголоо

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Зүүнхайрхан уулыг төрийн тахилгатай болголоо

Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн энэ жил тохиож байгаа. Энэхүү хүрээнд орон нутгаас олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дахь Зүүн хайрхныг тахиж, бэсрэг наадам хийв. Тус хайрхан нь Өндөр гэгээний төрсөн нутгийн хамгийн өндөр хайрхан гэлцдэг бөгөөд цаашид дөрвөн жил тутамд тахиж байх шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргажээ.

Зүүн хайрхны анхны тахилгад Өндөр гэгээний ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар нар болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцжээ. Бэсрэг наадамд улсын начин М.Жамъяанпүрэв, Б.Сангисүрэн тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат аймгийн арслан Ж.Наранбаатар түрүүлж, аймгийн заан Д.Мөнхболд үзүүрлэлээ. Мөн их нас, соёолон, хязаалан насны морьд уралдаж хурсан олныг баярлуулаа.

Сонирхуулахад Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн ойн даншиг наадам долдугаар сарын 25-27-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болох ажээ. 

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж