Исландын Элчин сайд жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Исландын Элчин сайд жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Исланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай К.А.Арнадоттир Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ барьсны нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Исланд Улсын Элчин сайд, хатагтай К.А.Арнадоттирыг хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол, Исланд хоёр улсын хооронд олон төрлийн төсөөтэй талууд бий. Аль аль нь байгалийн хосгүй өвөрмөц төрхөө хадгалсан, хүн амын тоо, цаг агаарын хувьд ч ойролцоо юм. Монгол Европын өндөр хөгжилтэй орнуудтай, түүний дотор хойд Европын улсуудтай нээлттэй, олон тулгуурт бодлогын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс бизнесийн таатай орчноороо бусад улс орнуудын анхаарлыг их татах боллоо. Энэ хүрээнд Исландын бизнесмэнүүдийг хамтран ажиллахыг урьж байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог өргөтгөх нь чухал юм. Мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагааны нэг чухал салбар нь боловсрол. Исландад монголын оюутнуудыг сургах хүсэлтэй байна” гэв. 

Бүгд Найрамдах Исланд Улсын Элчин сайд, хатагтай К.А.Арнадоттир хоёр орны найрсаг хамтын ажиллагааг боловсрол, өндөр технологи, бизнесийн өргөн хүрээнд гүнзгийрүүлэх талаар идэвхитэй хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж