УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Долоон зорилт бүхий баримт бичгийг гурван үе шаттайгаар тус бүр 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж салбарынхан үзэж байгаа.Гэхдээ байнгын хороон дээр 40 зарчмын зөрүүтэй санал гарсан тул санал бүр дээр гишүүд асуулт асууж байлаа. Энэ үеэр асуудал ихтэй бодлогын баримт бичгийг эргүүлэн татаж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд оруулж ирэх санал ч гарч байсан юм. Гишүүд Эдийн засгийн байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авлаа.
-Д.Лүндээжанцан: Дорноговь аймагт Аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэдэн жил ярьсан юу болсон бэ. Бодлогын баримт бичиг гаргаад л байна. Хөнгөн, хүнсний үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн кабинет байсан газрыг сэргээж байгуулах асуудал хэлэлцүүлгийн явцад хэр тодорч гарав?
-Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Яам байгуулагдаад 6 сар болж байгаа. Харьцангуй богино хугацаанд бодлогын баримт бичгээ боловсруулж оруулж ирсэн. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Зам тээврийн яам, Х.Баттулга сайдыг ажиллаж байх явцад яригдаж байсан асуудал. Дараа дараагийн үйлдвэрүүд түүхий эдээ дагаж байгуулагдана. Бодлого батлагдвал хөнгөн, хүнсний үйлдвэр байгуулагдана гэж ойлгож байгаа.
-А.Бакей: Нэг чухал асуудал Монгол Улсын нэгдсэн зураглалыг батална гэдэг. Баруун аймгуудад ажилгүйдэл их байна. Бүсчилж хөгжүүлэх асуудал хөндөгдсөн үү?
-Ажлын хэсэг дээр энэ асуудал нэлээд яригдсан. Бид баруун бүсэд цемент барилгын материал үйлдвэрлэнэ гэх зэргээр. Гэхдээ хэрэглэгчийн эрх ашгийн зарчим дээр тулгуурлаж үйлдвэрийг байгуулдаг. Яам байгуулагдсан учраас бүсчилсэн хөгжлийн бодлого цааш амжилттай явна гэж итгэж байгаа.
-Ё.Отгонбаяр: Ажлын хэсгийн саналуудыг харж байхад зарим асуудал үлдчихсэн юм шиг байна.Салбарын бодлогыг гаргахдаа аль салбараа түлхүү хөгжүүлэх вэ гэдгийг чухалчлах хэрэгтэй. Баримт бичгийг харж байхад бүх л салбараа хөгжүүлчих юм шиг ойлгогдоод байна. Ийм олон санал хураалттай бодлого орж ирэхээр унах магадлал өндөр байдаг. Тэгэхээр эргэж татаад, дахиж оруулж ирж болдоггүй юмуу?
-Ж.Батсуурь: Олон нөхөөстэй гэдэг асуудал яригдсан. Татаж аваад дахиж боловсруулах асуудал байнгын хороон дээр дэмжигдээгүй.
-Б.Бат-Эрдэнэ: Сайншандыг аж үйлдвэрийн парк болгоно гэж нэг хэсэг туйлширсан ч амжилтад хүрээгүй. Бор-Өндөр бол бололцоотой газар. Адаглаад л усны асуудал үүсэхгүй. Жонштой газар усны нөөц байдаг юм билээ. Засгийн газраас оруулж ирж байгаа хууль их өөрчлөгдөж байна. Үүнийг анхаармаар байна. 40 зарчмын зөрүүтэй санал байгаа шүү дээ.
-Ж.Батсуурь: Сайншандад хүнд үйлдвэрийн парк байгуулах 10-аад үйлдвэрийн нэр жагсаалт гаргаад, судлуулахаар олон улсын байгууллагад хандсан юм билээ. Гэтэл зарим үйлдвэр нь тээврийн зардал, усны хэрэглээ зэргээс бэрхшээлтэй асуудал тохиолдсон юм билээ. Хэрлэнг татаж ашиглах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас хойшилсон асуудал бий. Бор-Өндөр бол баяжуулах, боловсруулах үйлдвэртэй. Гэхдээ төмрийн үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаа.
-Ч.Хүрэлбаатар: Энэ дотор хувийн хэвшил гэдэг үг алга. Аж үйлдвэрийг хувийн хэвшил хөгжүүлнэ гэдэг зарчимд шилжээд 25 жил болж байгаа гэж ойлгож байгаа. гэтэл хувийн хэвшил гэдэг үг байхгүй бодлого баталвал зууны онигоо болох байх.
-Д.Ганхуяг: Бизнесийн гэж бичсэнийг төр хувийн хэвшлийн түншлэл болгон өөрчилсөн. Орон нутагт дэд бүтэц зэргээс хамаарч харилцан адилгүй байгаа.
-Н.Энхболд: соёлын бүтээлч аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлнэ гэдэг юу гэсэн утгатай вэ?
-Ж.Батсуурь: Ажлын хэсгээс ийм санал орж ирснийг байнгын хороон дээр дэмжигдсэн. Орчуулгын болон найруулгын асуудалд анхаарахыг байнгын хорооны гишүүд хэлсэн.
-Д.Ганхуяг: Бүтээлч аж үйлдвэр гэж байсан. Бүтээлч аж үйлдвэр гэдгийг НҮБ-ын олон улсын ангилалд орсон юм билээ. 13 салбар орж байгаа. Реклам, кино дүрс бичлэг, хэвлэлийн салбар гэх зэрэг.
-Н.Батцэрэг: Хэрэгжүүлэх үе шат дээр хэр тогтож ярьсан юм бол. Амбийцтай өгүүлбэрүүд явж байна. Хэрэгжих бололцоотой үе шатууд мөн үү?
-Ж.Батсуурь: Хэрэгжүүлэх 3 үе шат бий. Үе шат бүрээр таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр тодорхой заасан. Үе шат болгонд хувийн хэвшил гэж оруулах боломжгүй ч хувийн хэвшилд тулгуурлаж хөгжих нь ойлгомжтой. Тооцоо судалгааг яам оруулж ирээгүй.
-Д.Тэрбишдагва: Үнэхээр ойлгомжгүй баримт бичиг харагдаж байна. Бүх л салбараас жижиг зүйл орсон цуглуулга шиг санагдаад байна. Баримт бичиг боловсруулснаас болж өөр салбарын бодлого, хууль дүрэмд өөрчлөлт орох вэ?
-Ж.Батсуурь: Энэ талаар байнгын хороон дээр дэлгэрэнгүй яригдаагүй.
Зарчмын зөрүүтэй 40 санал гарснаар нэг бүрчлэн санал хураалаа. Санал хураах явцад гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
Энэ үеэр найруулга, орчуулгын алдаатай асуудал байна гэж хөндөж байсан юм. Тухайлбал “industry” гэдэг ганц аж үйлдвэр гэж орчуулагдахгүй, салбар гэж бас орчуулагддаг учир эргэж харах, энэ саналаар санал хураах шаардлагагүй гэх саналыг М.Батчимэг гишүүн хэлсэн. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Мэдлэг ба мэдээлэл дээр суурилсан аж үйлдвэр гэдэг. Тиймээс бүтээлч гээд орчуулчихаар өргөн хүрээг хамарна. Соёлын болон мэдлэг мэдээлэлд суурилсан аж үйлдвэр гэдгээрээ явбал зөв” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Ийм асуудал дээр маргаад байх хэрэггүй. Энэ бол уламжлалт биш шинэ үйлдвэрлэл бий болоод түүнийг нь бодлогодоо багтаая гэсэн санаа. Монголд ийм ийм чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлнэ гэдгийг заагаад оруулчихаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асуудлыг тусгах нь зөв. Энэ чиглэлийг хөгжүүлж чадсан улс орнууд маш их түрж орж ирж байна. Жишээ нь солонгос кино. Тиймээс би дэмжиж байгаа” гэлээ.
Зарчмын зөрүүтэй 40 саналаар нэг бүрчлэн санал хурааж байгаа тул асуудал нэлээд сунжирч байна. Одоогоор 12 дахь саналаар санал хурааж байна.
С.ОТГОН