Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн байгаль орчны албаны нягтлан бодогч Н.Сараа, Д.Шүрэнцэцэг гуайг “Мод ургуулах шидтэй хүн” гэж тодорхойлж хэдэн өдөр хөөцөлдөж байж албандаа цэцэрлэгчээр ажиллуулах болжээ. Түүнийг хэнтийчүүд “Чингисийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн 1000 модыг арчилж ургуулснаар нь андахгүй. Өдгөө тэрбээр Өндөрхааны төв цэцэрлэгт шинэхэн тарьсан 192 мод, цэцгийн мандлыг усалж арчилж байна. Иймээс эртэч хүмүүс өглөөний таван цаг гэхэд Шүрэнцэцэг гуайг цэцэрлэгт хүрээлэнгийнхээ хаа нэгтээ ажлаа хийж, ус зөөн мод бут усалж, цэцгийн үр тарьж байгальд ээлтэй ямарваа нэг зүйл хийж байгааг олж хардаг. Ийнхүү аймгийн Байгаль орчны албаны цэцэрлэгч ажилтай төв цэцэрлэгт ажиллахын хажуугаар Шүрээ эгч арчилж ургуулсан Чингисийн цэцэрлэгээ байнга эргэж тойрно. Одоо тус цэцэрлэгийг Уянгаа гэдэг хүн хариуцах болсон ч аль нэг модны навч шарласныг үзвэл тэсэлгүй усална. Ингээд хуучин цэцэрлэгийнхээ модыг сард 4-6 удаа услах болжээ. Уянгаа нь хойд цэцэрлэгт хүрээлэнд мөн 1000 мод бут хариуцаж усалдаг болохоор түүний ажилд энэ нь их дэм болдог байна. Хүмүүс ихэвчлэн мод тариад орхичихдог, тэр нь хатаж үхээд дуусдаг бол Шүрээ эгч мод арчилж ургуулах ид шидийг ийнхүү биеэрээ үлгэрлэдэг юм.

И.Байгальмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж