Чуулганы нэгдсэн хуралдаан 09.40 цагт эхэллээ.
Хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Бодлогын баримт бичгийн зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд долоон зорилт дэвшүүлжээ.
Тухайлбал, Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлэх, аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон "Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал"-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах, үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх, дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих, аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх, худалдааны таатай орчин бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх асуудлууд багтаж байна.
Зорилтуудыг 3 үе шаттайгаар тус бүр 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж салбарынхан үзэж байна. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлэхээр зорьжээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
2.Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.
3.Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.
4.Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.
- Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.ЦОГТОО танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
6.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
7.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
8.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.
14.00 цагаас:
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар.
С.ОТГОН