Европт дэгдээд буй E.coli халдвар Германы нэгэн фермээс үүссэн байж болзошгүй гэнэ. Халдварын голомтод сэжиглэж буй шош тариалагч ферм Германы Гамбург хотод байдаг ажээ. Германы шинжээчид фермийн бүтээгдэхүүнд хийсэн туршилт E.coli халдварын нянгийн эх үүсвэр байх магадлал их байгааг тогтоосон байна. Фермийг түр хаасан бөгөөд германчуудад шош идэхгүй байхыг зөвлөж байгаа гэнэ. Фермийн шошноос илэрсэн нянг халдварт нянтай харьцуулах шинжилгээний үр дүн хараахан гараагүй байгаа ажээ. Гамбург хотоос 100 км зайд оршдог тус ферм хотын ресторан, хүнсний захуудад шош нийлүүлдэг байжээ. Германы Доод Саксоны хөдөө аж ахуйн сайд Герт Линдерманны ярьснаар тус ферм олон орноос импортолсон төрөл бүрийн үрээр шош тариалдаг байсан гэнэ. E. coli халдварыг Испаниас үүсэлтэй гэж буруутгаж байсан Герман улс өөрөө халдварын голомт байх магадлал их байгаа нь тус улсын нэр хүндийг унагааж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
E.coli (EHEC) нянгийн халдвар авсан хүн Германд одоогоор 2,150 гарчээ. Уг нянгийн халдвар нь (HUS) хэмээх үхэлд хүргэж болзошгүй синдром болдог байна. Германтай харилцаатай 12 оронд халдвар тараад байгаа юм.
Эрдэмтэд E.coli –ийн шинэ нян хүнд маш аюултай саармаг нян гэж тодорхойлж байна. Гамбург хотын эмнэлэгт уг нянгийн халдвар авсан өвчтөнгүүд нэмэгдэж ирсээр байгаа гэнэ. НҮБ-ын эрүүл мэндийн сайд нар өнөөдөр Люксембург хотод чуулж, нянгийн халдварыг нэн даруй зогсоох яаралтай арга хэмжээ авах талаар хэлэлцэх юм байна.
Н.Энх